Яншуйн шүүсээр хөлийн хаван буулгана гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

2020 оны 10 дугаар сарын 11-нд “Зөвлөгөө лайфхак” нэртэй пэйжид “Ээжийн маань хөл байсхийгээд л хавагнаад байдаг байлаа. Тэгтэл энэ бэлдмэлийг ууснаас хойш дахиж хавагнахаа больсон!” гэсэн тайлбартай delgeen.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаграсан мэдээлэл оруулсан нь дахин түгээж хандалт авсаар, хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 10-нд “Delgeen News Инээмсэглэл” нэртэй пэйжид оруулсан байна. Уг пост дахь линкээр орж сайтын мэдээллийн тархалтыг Crowdtangle хэрэглүүрээр нягтлахад 1392 реакц, 4 коммент авч, 5,592 удаа цааш түгээгдсэн байна. Уг мэдээлэлд “Ээжийн маань хөл байсхийгээд л хавагнаад байдаг байлаа. Тэгтэл энэ бэлдмэлийг ууснаас хойш дахиж хавагнахаа больсон” гэх гарчигтай мэдээлэл оруулжээ. Уг мэдээнд яншуйг буцалсан усанд хандлан 4 өдөр уухад хөлийн хаван эрс буурна гэжээ. Тодруулбал “500 мл буцалсан усанд шөнө хонуулаад өглөө нь шүүж өдөртөө 3 хуваан ууж дуусгахыг” зөвлөсөн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

Яншуй нь уламжлалт эмчилгээнд шээсний сувгийн үрэвсэл, чихний сувгийн үрэвсэл, даралт ихсэх, зүрх судасны өвчин гэх мэт олон төрлийн өвчний үед хэрэглэгдсээр иржээ. Харин хөлийн хаван нь олон шалтгаанаас үүсэж болдог ба жингийн илүүдэлтэй байх, давс ихтэй хоол идэх, жирэмсний үед, эмээс шалтгаалсан хаван, цаашлаад зүрх, элэг, бөөрний өвчнөөс шалтгаалан хөлөнд шингэн хуримтлагдан хаван үүсэж болдогийг Их Британийн Эрүүл мэндийн үйлчилгээний (National Health Service) вэб сайтад тайлбарлажээ. Мөн хөлийн хаван нь 65 ба түүнээс дээш насны хүмүүст тохиолдох нь элбэг бөгөөд хэрвээ хөнгөн хэлбэрийн хаван бол аажимдаа буудаг байна. Бидний шалгаж буй мэдээлэлд чухам ямар өвчлөл, шалтгаанаас үүдэн хөлийн хаван үүссэн тухай дурдаагүй. Мөн эсвэл яншуйн хандыг ямар тохиолдолд хэрэглэхийг зөвлөөгүй байна.

Яншуй хэрэглэн шээс ялгаруулах замаар хаван бууруулж болох судалгаанууд байгаа боловч тэдгээр нь зөвхөн хулгана (in vivo), эсийн өсгөвөр дээр хийгдсэн (in vitro) судалгаанууд юм. 2013 онд Мохаммед Хосэйн Фарзаэй (Mohammad Hosein Farzaei) нарын “Journal of Traditional Chinese Medicine” сэтгүүлд хэвлүүлсэн “Яншуй: этнофармакологи, фитохими болон биологийн идэвхи” (Parsley: a review of ethnopharmacology, phytochemistry and bio-logical activities) өгүүлэлд яншуйн эрүүл мэндийн ач холбогдлын талаар өмнө хийсэн судалгаануудыг шүүж, тоймлосон. Үүнд, яншуй нь потассиумаар баялаг бөгөөд 2002 онд Савсан Ибрахим Крэйдиеэ (Sawsan Ibrahim Kreydiyyeh) нарын “Journal of Ethnopharmacology” сэтгүүлд хэвлүүлсэн “Яншуйн шээс ялгаруулах нөлөө болон үйлчлэх механизм” (Diuretic effect and mechanism of action of parsley) өгүүлэлд хулганад хийсэн туршилтад үндэслэн тайлбарласнаар потассиумын нөлөөгөөр биеэс ус болон натри гаргах буюу шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг байна. Хэдийгээр Фарзаэй нарын өгүүлэлд яншуйн шээс ялгаруулах нөлөөг онцолсон ч өмнө хийсэн судалгаанууд нь хүн дээр туршигдаагүй буюу хулгана эсвэл эсийн өсгөвөр дээр хийсэн судалгаанууд байгаа юм. 2018 онд Малайзын Шинжлэх ухааны сургууль (Universiti Sains Malaysia) энэ чиглэлд 18-45 насныханд анхны судалгааг гүйцэтгэх гэсэн боловч хүмүүс хамруулж чадаагүйн улмаас 2020 онд туршилтаа зогсоосон байна. Хавангийн үед шээлгэх эмийг хэрэглэж болохыг зөвлөдөг ч хөлийн хаван үүссэн шалтгаан, хэлбэрээс хамааран заавал эм уухыг зөвлөдөггүйг Америкийн Гэр бүлийн эмч нарын академийн вэб сайт дахь мэдээлэлд тайлбарлажээ. Түүнчлэн, хүнд эсвэл ужгирсан хавангийн үед физик эмчилгээг зөвлөдөг байна. Тиймээс “яншуй уугаад зүгээр болно” гэх мэдээлэлд итгэхийн оронд хавангаж буй шалтгаанаа эмчид үзүүлж, зохих эмчилгээг хийлгэхийг зөвлөж байна.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst