Дөрөвхөн минутын дотор шүдний чулуу арилгаж, цайруулах арга гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хүнсний содаар дөрвөн минутын дотор шүдний чулуу арилгаж цайруулах боломжтой гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэргэжилтнүүдийн сануулж буйгаар хэдийгээр давс, хүнсний содоор угаах нь шүдийг цайруулж буй мэт сэтгэгдэл төрүүлж болох ч үнэндээ шүдний пааланг зүлгүүрдэж, буталж буй хэлбэр ажээ.

2020 оны 11 дүгээр сарын 20-нд Reach Media нэртэй пэйжид “Дөрөвхөн минутын дотор шүдний чулуу арилгаж, цайруулах арга” гэсэн тайлбартай, reach.mn домайн нэртэй сайтын мэдээллийн холбоосыг хавсаргасан пост оруулжээ. Уг мэдээллийг давтан оруулж хандалт авсаар байгаа бөгөөд хамгийн сүүлд 09 дүгээр сарын 21-нд сэргээн шэйрлэжээ. Уг постыг 10 дугаар сарын 10-ны байдлаар 1,410 реакц, 68 сэтгэгдлээр идэвхжүүлж, 10,135 удаа цааш түгээсэн байна. Харин сайтын мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Facebook платформд 23 удаа дахин түгээж, нийт 36,935 хариу үйлдэл авсан байна.

reach.mn домайн дээр байршсан мэдээнд: “Бид танд санхүүгийн хэмнэлттэй, шүдний пааланг гэмтээлгүй цайруулах аргуудыг хуваалцаж байна. Цайны халбага хүнсний сода дээр чимх давс хийж холиод, шүдний сойзоо норгож, дээр нь хольцоо тавьж, зөөлнөөр шүдээ цэвэрлэнэ. Хүнсний сод, зуун настын шүүс, нимбэгний эфирийн тос, глицериний хольцыг өдөр бүр шүдэндээ түрхэнэ. Жүржийн хальсаар 10 минут үрж шүдний чулууг арилгана” гээд хэрхэн бэлтгэх, хэрэглэх аргуудыг зөвлөсөн байна.

1. Шүд цайруулах зорилгоор хүнсний сода болон давс хэрэглэхгүй байхыг анхааруулжээ

2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр АНУ-ын CNN болон CBS агентлагийн вебсайтад АНУ-ын Шүдний гоо сайхны мэргэжлийн зөвлөлийн төлөөлөгч Гэралд Гроссман болон Охайо мужийн Шүд, ам судлалын төвийн зөвлөх профессор Мэтт Мэссина нараас шүд цайруулах хялбархан аргын талаар тодруулж, ярилцлагыг нийтэлжээ. Нийтлэлд: “Доктор Мэтт Мэссина “Давсанд шүд цайруулах үйлчилгээ байхгүй тул шүдээ давсаар угаах нь утгагүй зүйл” гэж анхаарууллаа. Харин хүнсний сода нь бага зэргийн зүлгэх, өнгөлөх чанартай, химийн найрлагын хувьд цайруулах үйлчилгээтэй. Хүнсний сода нь шүдний цоорол үүсгэдэг хүчлийг саармагжуулах чадвартай тул шүдний оо түгээмэл болохоос өмнө хүмүүс нийтлэг хэрэглэдэг байсан. Орчин цагт танд сода, давснаас илүү сонголтууд байгаа шүү дээ. Хатуулаг ихтэй эдгээр бодис нь таны шүдний пааланг элэгдүүлдэг. Шүдний паалан нимгэрсэн тохиолдолд бактери шүдийг илүү хурдан нэвтэлж, цоорол үүсгэдэг хүчил ялгаруулдаг. Цаашлаад шүдний мэдрэлд гэмтэл учирч, буйл илүү мэдрэмтгий болох аюултайг Шүдний гоо сайхны мэргэжлийн зөвлөлийн төлөөлөгч Гералд Гроссман санууллаа. Мэргэжилтнүүдийн сануулж буйгаар хэдийгээр давс, хүнсний содоор угаах нь шүдийг цайруулж буй мэт сэтгэгдэл төрүүлж болох ч үнэндээ шүдний пааланг зүлгүүрдэж, буталж буй хэлбэр ажээ. Шүдний паалан гэмтсэнээр шүд улам шарлаж, шүдний дотор давхарга болох дентин ил гарч ирэх ч аюултай. Шүдний паалан нөхөж ургахгүй тул нэг л гэмтэж уствал дахиж сэргээхэд хэцүү” гэсэн байна.

2. Эфирийн тос амны хөндийд эерэг нөлөөтэй

Шотландын шүд, ам судлаач Дэрэк Ричардс 4,016 хүнийг хамруулан туршилт хийж, тайлангаа Нотолгоонд суурилсан шүд, ам судлалын сэтгүүлд 2017 онд нийтлүүлсэн байна.Түүний нийтлэлд эфирийн тос нь бага хэмжээнд амны хөндийн бактерийг устгаж, шүдний хорхойн эсрэг үйлчилж байсныг онцолжээ. АНУ-ын Биотехнологийн үндэсний мэдээллийн төвийн цахим архивт 2015 оны 4 сард байршуулсан Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Алое ургамлын амны хөндийд үзүүлэх нөлөө” судалгааны ажилд “Алое нь шүд болон буйлны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд алоег орц найрлагадаа ашигласан зориулалтын бодисоор цэвэрлэх нь зүйтэй” гэсэн байна. Глицерин нь энгийн шүдний ооны орцод ч ордог бөгөөд шүдэнд ямар нэг гаж нөлөөгүй, аливаа хольцын чийгшлийг хадгалах үйлчилгээтэй болохыг АНУ-ын Шүдний эмч нарын нийгэмлэгийн вэбсайтад дурдсан байна.

3. Шүд, ам судлалын талаарх худал мэдээллүүдэд няцаалт хийсэн

2021 оны 04 сарын 11-нд FGM Олон улсын шүдний эмч нарын нийгэмлэгээс олон нийтийн дунд тархсан шүд, ам судлалтай холбоотой ам дамжсан ташаа мэдээллүүдэд няцаалт хийсэн. Үүнд: “Шүдний оо, ам зайлагч, бохь зэрэг нь шүд цайруулах зориулалттай бүтээгдэхүүн биш, амны хөндийг эрүүл байлгаж, шүдний хэвийн байдлыг хамгаалах зориулалттай. Харин ахуйн нөхцөлд ашигладаг хар нүүрс болон бусад төрлийн хатуу ширхэгт бодис нь шүдийг цайруулахаас илүүтэйгээр шүдний бүтцэд өөрчлөлт оруулж гэмтээдэг” гэжээ. Мөн Inspire group буюу Нью-Йоркод үйл ажиллагаа явуулдаг шүдний эмнэлгүүдийн зөвлөлийн вэбсайтад 2020 оны 05 дугаар сарын 09-нд байршуулсан мэдээлэлд “Шүд цайруулах үйлчилгээтэй гэх бодисууд бодит үр дүн үзүүлэх магадлал маш бага. Хэдийгээр хямд төсөр ахуйн нөхцөлд хэрэглэж болохоор байсан ч ихэнх тохиолдолд шүдэнд халтай байх нь бий. Шүд цайруулах ажиллагааг мэргэжлийн эмч тусгай бодис ашиглан гүйцэтгэдэг, хэрэглэгчийн шүдний онцлогоос хамаарч тун, хэмжээг тодорхойлдог бөгөөд үзэгдэхүйц үр дүнг бий болгох хамгийн найдвартай арга юм” гэсэн байна.

4. Шүдний пааланг гэмтээх аюултай талаар баримт шалгалт хийсэн

2022 оны 08 дугаар сарын 22-нд USA Today вэбсайтад нийтэлсэн баримт шалгалтад “Жүржийн хальсаар шүдээ үрэх нь шүдэнд халтай” гэж онцолжээ. Баримт шалгалтад: “Америкийн Шүдний эмч, мрэгэжилтнүүдийн зөвлөлөөс хүнсэндээ жимс, ногоо их хэрэглэх нь сайн хэдий ч шүдэндээ шууд үрж хэрэглэнэ гэдэг тохиромжтой арга биш болохыг санууллаа. Жүржийн устөрөгчийн концентрацийн түвшин 3.69-4.34 хооронд байдаг бөгөөд хүчиллэг ихтэй тул шүдийг гэмтээх аюултай. Шүдний мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд жүржийн хальсаар шүдээ үрэх нь ямар нэг ач холбогдолтойг тогтоосон туршилт, судалгааны ажил хийгээгүй бөгөөд харин ч эсрэгээрээ шүдний пааланг гэмтээдэг гэж үздэг байна. Мэдээж нимбэгний хүчил нь шүдний өнгөрийг цэвэрлэж гадаргууг цайруулж буй мэт харагдах ч үнэндээ шүдний тань пааланг хайлуулж буй хэрэг юм. Шүдээ хамгаалах хамгийн сайн арга бол шүдээ тогтмол угааж, шүдний утас хэрэглэж, 6 сар тутамд шүдний мэргэжлийн эмнэлэгт хандаж зөвлөгөө авах юм” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document