Худалдаа хөгжлийн банкнаас 100 азтанд бэлэн мөнгө өгнө гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Худалдаа Хөгжлийн банкнаас 100 азтанд бэлэн мөнгө өгнө гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

ХХБ-ны албан ёсны пэйжид 100 хүнд зүгээр азтан болгоод бэлэн мөнгө тараах тухай мэдээлэл байхгүй байна.

2022 оны 10 дугаар сарын 8-нд “Худалдаа хөгжлийн банк” нэртэй пэйжид “Бүгдэд нь сайн уу! Өнөөдөр бид Facebook-ийн 100 азтай хүнд бэлэн мөнгө хандивлахаар шийдлээ. Манайд 10 бэлэн мөнгөний хайрцаг байгаа тул та азтай хайрцгаа сонгоорой. Амжилт хүсье!!!” гэсэн тайлбартай, ХХБ-ны “Хуримтлалтай Монгол” анонсын урд урамшууллын батламж барьсан хүмүүсийн зургийн дор 18 ширхэг бэлгийн хайрцгийн зургийг байршуулсан пост оруулжээ. Постын сэтгэгдэл бүрд “Сэтгэгдэл бичсэнд баярлалаа, энэхүү бэлгийг авах гол шаардлага бол 5-10 фэйсбүүк групптэй хуваалцах явдал юм. Амжилт хүсье.” гэж автоматаар хариулсан байна. Уг постыг 10 дугаар сарын 10-ны байдлаар 61 реакц, 435 сэтгэгдлээр идэвхжүүлж, 353 удаа цааш түгээжээ. 435 сэтгэгдлээс 1 нь ХХБ-ны албан ёсны хаягийг мэйншн хийж анхааруулсан ба бусад 432 нь азтан болохыг хүсэж, тоо бичсэн буюу “аз аз бурзай”, “зөндөө группэд шэйрлэлээ” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ.

🔍Дараах байдлаар анхан шатны баримт шалгалт хийж хуурамч пэйжийг ялгаж сураарай.

1. Хаягийг нягтал

Урамшуулал амласан, азтан болохыг уриалсан, үнэгүй бэлэг тараах талаар мэдээлэл оруулсан хаягуудыг “Page transparency” буюу пэйжийн мэдээллийг ил тод харуулах зорилготой цэсийг дарж хардаг байгаарай. Шалгаж буй мэдээллийг оруулсан “Худалдаа хөгжлийн банк” нэртэй пэйжийг 2022 оны 10 дугаар сарын 8-нд нээсэн, 17 дагагчтай болсон байна. Энэ нь Монголд 30 жил үйл ажиллагаа явуулж буй ууган банкны пэйж гэх боломжгүй юм. Харин ХХБ-ны албан ёсны пэйж нь 2011 оны 01 дүгээр сарын 20-нд нээгдсэн, Монголоос 8 админ удирддаг, 333 мянган дагагчтай пэйж байгааг “Худалдаа хөгжлийн банк” гэсэн нэрийг Facebook-ийн хайлт хэсэгт оруулаад харж болно. Уг албан ёсны хаягт 100 хүнд зүгээр азтан болгоод бэлэн мөнгө тараах тухай мэдээлэл байхгүй.

2. Зургаар хайх

Эргэлзэж байгаа мэдээллийнхээ зургийг скрийншот хийж аваад Google Lens апп-д оруулж хайх, эсвэл компьютерээс орж байгаа бол маусын баруун товчийг дарж “Search image with Google Lens” цэсийг сонгон хайж болно.
Шалгаж буй мэдээлэлд ашигласан зураг нь ХХБ-ны албан ёсны пэйжид 10 дугаар сарын 7-нд оруулсан хадгаламждаа мөнгө нэмсэн харилцагчдад урамшууллын эрх олгох тухай мэдээлэлд ашигласан байна.

3. Үйлдэл хийхийг уриалж, таны хувийн мэдээллийг авдаг

Шалгаж буй постод азтан болохын тулд 5-10 группэд шэйрлэх нөхцөл тавьсан байна. Энэ нь тухайн мэдээллийг идэвхжүүлэх, линкийг хуулах зэргээр үйлдэл хийлгэх замаар таны хаяг руу нэвтрэх боломжтойг Facebook-ээс анхааруулсан. Мөн ийм луйврын шинжтэй мэдээллийг мэдэгдэх аргыг зааж өгсөн байдаг. /эх сурвалж хэсгээс харна уу/ Тэгэхээр та баталгаагүй мэдээлэлд автаж, азтан болохыг хүсэн шэйр хийж, сэтгэгдэл хэсэгт тоо, тэмдэгт оруулсан бол цахим луйварт өртөх магадлалтай гэсэн үг.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document