Шоколад цайрсан байвал шууд хая гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 10 дугаар сарын 7-нд манай пэйжийн чатботоор Dulguun Tuvd нэртэй хэрэглэгчийн хаягаас “Шоколад цайрсан байвал шууд хая” гэх мэдээллийг шалгуулахыг хүслээ.

Уг пост нь цахим орчинд нэлээд тархсан байх ба 2021 оны 01 дүгээр сарын 8-нд “Монгол ардын уламжлалт эмчилгээ” нэртэй пэйжид оруулсан нь 480 удаа цааш түгээгдсэн байна.

Тус постын агуулга нь “ШОКОЛАД ЦАЙСАН БАЙВАЛ ШУУД ХАЯ!!! ЯАГААД? Шоколадны гадар цайсан байвал идэж болдоггүй шууд хаядгийг олон хүн мэдэж аваасай. Хүнс хоол хөгзрөөд мууддаг шиг шоколад ч муудаж гадраа өөрчилдөг. Цагаарсан шоколад хорт хавдар үүсгэдэг. Шоколадны бүтцэд найрлагаасаа шалтгаалан ялгаагүй муудах бүтээгдэхүүн ордог. Жишээ нь сүү, масло г.м. Мөн хадгалах горимоос шалтгаалан (хайлах, хөлдөх) муудаж цайдаг гэдгийг мэдээд хүүхдэдээ л цайрсан шоколад тоохгүй өгмөөргүй байгаам. Манайхан энэ талын мэдлэг муутай юм билээ. Байгууллагын ажилтан эгч набор задлаад дайлахаар нь уучлаарай муудчихаж ээ идэхгүй байсан нь дээр дээ гэтэл нэг их том харснаа бараг уурлангуй яваад өгч билээ. Шинэ жилээр цайсан шоколад хэр олон хүүхэд идсэн болдоо бурхан минь. Ядаж ээж, аав нь энэ талын мэдээлэлтэй болчихвол урь ороод хүүхэд шуухдын баяр болох дээр үрсээ цайсан шоколаднаас хамгаалах юм даа. За тэгээд энэ төрлийн бизнэc эрхэлдэг. Хөлдөөж, хайлуулж горим алдсан шоколадаа мэдлэггүйг далимдуулж зардаг хүмүүс юуг ч гэж орж ирж мэдэх юм. Шинэ, цэвэр, удаж урвалд ороогүй, зөв горимоор хадгалсан шоколад хэзээ ч цайсан байдаггүйм. Аливаа хүнс шинэ, шимтэй дээрээ хүний биeд эм. Удсан хүнс угаасаа хор” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

Олон хүнсний бүтээгдэхүүний адил шоколад нь муудаж, хугацаа нь дуусдаг. Гэхдээ өнгө нь цайсан буюу цагаарсан шоколад нь идэж болохооргүй, хортой болсны илрэл биш юм.

Шоколад цайх нь хоёр шалтгаанаас буюу найрлага дахь сахар эсвэл өөх тосноос болж үүсдэг байна.
2020 онд Жошуа Хэүлэр (Joshua Heuler) нарын “Scientific Reports” сэтгүүлд хэвлүүлсэн “Раман спектрометрийг ашиглан шоколадны цайралтыг дор нь илрүүлэх, тодорхойлох болон цэвэрлэх нь” (Point-of-care detection, characterization, and removal of chocolate bloom using a handheld Raman spectrometer) өгүүлэлд шоколаданд агуулагддаг сахар эсвэл өөх тос нь тохиромжгүй орчинд хадгалснаас буюу хуурай, чийглэгийн хэмжээ зэргээс шалтгаалан үүсдэг гэж тайлбарласан байна.

Жишээ нь, шоколадыг чийглэг орчинд хадгалбал сахар чийгтэй нийлэгжиж шоколадын гадаргууд цагаан талстжилт үүсгэдэг байна.

Гэхдээ цагаарсан, цайрсан шоколадыг муудаж, хөгзөрсөн шоколадтай андуурч болохгүй гэж Виржиниа Тек их сургуулийн Хоолны Инновацын хөтөлбөрийн захирал Жоэл Эйферт (Joell Eifert) USA TODAY-д мэдээлсэн байна. Тэрээр цааш тайлбарлахдаа шоколад цайрах нь “шоколадны бүтцийг бага зэрэг өөрчилж болох ч амтанд ихээхэн нөлөөлөхгүй, идэхэд ямар ч аюулгүй” гэжээ.

Хэрвээ шоколадын чанарыг алдагдуулахгүй байхыг хүсвэл хуурай, хүйтэн, харанхуй орчинд хадгалах нь хамгийн тохиромжтой байдаг байна.

Харин шоколадын хадгалах хугацаа өнгөрсөн, амт алдагдсан, цаашлаад ногоон хөгз тогтсон байвал идэж болохгүй.

Шоколадын төрлөөс хамаарч дуусах хугацаа нь өөр байдаг. Хар шоколад буюу хольцгүй эсвэл хольц багатай шоколад хоёр жил хүртэл хадгалагдах боломжтой байдаг бол хольц ихтэй байх тусмаа дуусах хугацаа нь бага байдаг байна.

Цагаарсан шоколад нь хорт хавдар үүсгэдэг гэх мэдээлэл худал бөгөөд эсрэгээрээ хавдрын эсрэг үйлчилгээтэй био идэвхит бодисууд шоколаданд агуулагддаг байна.

Мариа Анжелес Мартин (María Angeles Martín) нарын 2016 онд “Diseases” сэтгүүлд хэвлүүлсэн “Шулуун гэдэсний хавдраас какаоны сэргийлэх чадвар болон какаоны антиоксидантууд” (Preventive Effects of Cocoa and Cocoa Antioxidants in Colon Cancer) өгүүлэлд шоколаданд агуулагддаг флавоноидын бүлгийн бодисууд нь хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг онцолсон байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst