Ханиалгын сиропноос үүдэлтэйгээр 66 хүүхэд нас барсан гэх мэдээлэл бүрэн бус

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Бүгд Найрамдах Гамби улсад гарсан 66 хүүхдийн үхлийг ханиадны сиропноос үүдэлтэй гэж үзэн дэлхий нийтэд анхааруулга өглөө гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уг эмийг Энэтхэг улсаас экспортолсон компани зөвхөн Гамби улсад нийлүүлсэн болохыг мэдэгджээ. Харин ДЭМБ дээрх сиропуудыг хар захаар дамжин өөр зарим улс руу худалдаалсан байх магадлалтай гэсэн байна.

2022 оны 10 дугаар сарын 7-нд Zarig.mn нэртэй пэйжид “ДЭМБ-аас анхааруулга гаргалаа” гэсэн тайлбартай, zarig.mn домайн нэртэй сайтын мэдээллийн холбоосыг хавсаргасан пост оруулжээ. Уг постыг 10 дугаар сарын 7-ны байдлаар 343 реакц, 61 сэтгэгдлээр идэвхжүүлж, 256 удаа цааш түгээсэн байна. Харин сайтын мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Facebook платформд нийт 518 хариу үйлдэл авсан байна.

zarig.mn домайн дээр байршсан мэдээнд:
“Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Гамби (Бүгд Найрамдах Гамби) улсад гарсан 66 хүүхдийн үхлийг ханиадны сиропноос үүдэлтэй гэж үзэн дэлхий нийтэд анхааруулга өглөө. Энэтхэг улсын Maiden эм зүйн байгууллагаас гаргасан тус сироп нь бөөрний үйл ажиллагаанд гэмтэл үзүүлдэг байж болзошгүй гэж үзэж буй. Одоогоор тус компаниас ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Энэтхэг улсын эрх баригчдын зүгээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ханиадны сироп болон нас баралтын хоорондох уялдаа холбоог нотлох баримтыг шаарджээ
Эх сурвалж: bbc.mn” гэсэн байна.

1. Эх сурвалжаас мэдээг бүрэн бус дамжуулсан нь уншигчдыг төөрөгдүүлэхүйц байна

2022 оны 10 дугаар сарын 05-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Женевийн 2 долоо хоног тутмын мэдэгдлээр “Африкын бүс нутагт хүүхдийн эмийн стандарт зөрчсөн эмүүдийг илрүүллээ” гэх мэдэгдэл хийжээ.
Уг мэдэгдлийг Их Британийн BBC Агентлаг өөрсдийн вебсайтад 2022 оны 10 дугаар сарын 06-нд мэдээлсэн байна.
BBC агентлагийн мэдээ:
“Эмийг үйлдвэрлэсэн гэх Maiden эмийн бэлдмэл үйлдвэрлэгч компанитай холбогдон лавлахад “ДЭМБ-аас 09 дүгээр сарын 29-нд Энэтхэгийн эмийн хяналтын байгууллагад хандаж Гамби улс руу импортолсон 4 төрлийн эмэнд шалгалт хийхийг зөвлөсөн байна. Харин Энэтхэгийн эмийн хяналтын байгуулага хариуд нь ДЭМБ-ыг дээрх эмүүдийг хүүхдүүдийн нас баралттай холбоотой гэж үзэж буй баримтыг хуваалцахыг санал болгожээ.

ДЭМБ тэдгээр эмэнд шалгалт хийсэн дүгнэлтийг 10 дугаар сарын 5-нд мэдээлсэн.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тэдрос Аданом Гебрэесус мэдэгдэлдээ “Энэтхэгээс Гамби улс руу импортолсон “Прометазин” амаар уух уусмал, “Кофексмалин” хүүхдийн ханиалгын сироп, “Макофф” хүүхдийн ханиалгын сироп, “Магриф Н” ханиадны сироп гэх хүүхдийн ханиалгын 4 төрлийн сиропыг шинжиллээ.
Лабораторийн шинжилгээгээр дээрх 4 сиропын диэтилен гликол, этилен гликолийн агууламж аюултай хэмжээнд хүрсэн ба дээрх бодисууд нь хүн хэрэглэж болохгүй, хөнөөлт бодисууд гэж үздэг” гэж мэдэгдсэн байна.

Уг эмийг Энэтхэг улсаас экспортолсон компани зөвхөн Гамби улсад нийлүүлсэн болохыг мэдэгджээ. Харин ДЭМБ дээрх сиропуудыг хар захаар дамжин өөр зарим улс руу худалдаалсан байх магадлалтай гэсэн байна.

Дэлхийд худалдаалж буй нийт эмийн гуравны нэгийг Энэтхэг улсад үйлдвэрлэдэг. Африкын улс, орнууд эмийн хэрэгцээнийхээ ихэнхийг Энэтхэгээс хангадаг байна. Гамби улсад 07 дугаар сард хүүхдүүд олноороо бөөрний үйл ажиллагааны доголдолтой болж эхэлсэнтэй холбогдуулан арга хэмжээ авсан. Гамбигийн Үндэсний эрүүл мэндийн төвийн дарга Мутафа Биттае “Ройтерс” агентлагт мэдээлэхдээ “Эдгээр эмийг худалдаалахыг даруй хориглосон, гэсэн ч зарим нэг хувийн эмнэлгүүдээр худалдаалж байж болзошгүй”-г мэдээлжээ” гэсэн байна.

2. ДЭМБ-аас анхааруулсан эмүүдийн нэр

ДЭМБ-ын 10 дугаар сарын 05-ны RPQ/REG/ISF/Alert N’6/2022 дугаарт сэрэмжлүүлэгт:
“Диэтилен гликол болон этилен гликол нь хүнд хортой, тун ихэдвэл үхлийн аюултай. Бодисын гаж нөлөө нь:
– Хэвлий хэсгээр өвдөх
– Бөөлжих, суулгах
– Шээс ялгарахгүй болох
– Толгой өвдөж, ухаан балартах
– Бөөрийг гэмтээх зэрэг байдлаар илэрч үхэлд хүргэх аюултай.

Африкын бүс нутагт дээрх эмүүд тархсан байх магадлалтай. Уг эмтэй ижил төсөөт эм хэрэглэсний дараа эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандаж, ДЭМБ-д мэдээлнэ үү” гэсэн байна.
ДЭМБ-аас нэрлэсэн 4 эмийн англи болон монгол хэл дээрх эмийн нэр, код, үйлдвэрлэсэн хугацаа:
1. Promethazone oral solution BP/ Прометазон амаар уух уусмал/ ML21-202/ 2021 оны 12 сар
2. Kofexmalin baby cough syrup/ Кофексмалин хүүхдийн ханиалганы сироп/ ML21-199/ 2021 оны 12 сар
3. Makoff baby cough syrup/ Макофф хүүхдийн ханиалганы сироп/ ML21-203/ 2021 оны 12 сар
4. Magrip N cold syrup/ Магрип Н ханиадны сироп/ ML21-198/ 2021 оны 12 сар


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document