Хушга ашиглан үүнийг бэлтгэж идээд, шархаа эдгээн, хорт хавдраас сэргийлээрэй #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

2021 оны 10 дугаар сарын 13-нд narhan.me вэбсайтад “Хушга ашиглан үүнийг бэлтгэж хэрэглээд шархаа эдгээж, хорт хавдраас сэргийлээрэй” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэнийг Facebook платформд 23 удаа дахин сэргээж постолсноос хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 21-нд “Нархан - Гэрэлт ирээдүйг хамтдаа” нэртэй пэйжид “Хушга ашиглан үүнийг бэлтгэж хэрэглээд шархаа эдгээж, хорт хавдраас сэргийлээрэй” гэсэн тайлбартайгаар сайтын холбоосыг оруулжээ.
Тус мэдээлэлд хушга болон хушганы ясыг усанд буцалгаж, хандлан төрөл бүрийн өвчнийг эдгээх, үүнд хорт хавдрыг эмчлэх зэрэг ач тустай гэх агуулгыг оруулжээ.

2022 оны 10 дугаар сарын 06-ны байдлаар Crowdtangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд “Сонирхолтой”, “Oyu Таныг уйдаахгүй”, “Нархан - Гэрэлт ирээдүйг хамтдаа” зэрэг фэйсбүүк хуудсуудаад түгээгдэж нийт 545 реакц, 1 коммент авч, 1428 удаа цааш түгээгдсэн байна.

Шалгаж буй мэдээлэлд хушганы ясыг нүдэж нунтаглаад халуун усанд 30 минут хандалсны дараа хэрэглэнэ гэх жороор хавдрыг эмчилсэн хүний түүхийг эшилжээ. Үүнд, “Би өдөр болгон ингэж уудаг байлаа. Сарын дараа эмчид үзүүлтэл хавдрын өсөлт зогссон байна гэсэн. Дахин 1 сар уугаад эмчид үзүүлсэн чинь хавдар нь багассан байна гэсэн. Би үүнд маш их баярласан. Хэсэг завсарлаж, амарсаны дараа хушганы ясны хандаа дахин ууж эхэлсэн. Тэгээд дахин эмчдээ үзүүлэхэд хавдар багасаж байна гэж хэлсэн. Дунд нь амралттайгаар удаан уусан. Тухай бүрд эмчийн хяналтад орохоо мартаж байсангүй. Цэвэршилт явагдсаны дараа хавдар өөрөө шимэгдээд арилчихсан” гэсэн байна.

Цаашлаад тус мэдээнд хушга болон хушганы ясыг янз бүрийн хугацаатай усанд буцалган өөр өөр өвчинд хэрэглэж болох талаар зөвлөгөө хүргэжээ.

#FactCheckedByMFCC

🔍 Бид шалгаж буй мэдээлэлтэй холбоотой нээлттэй судалгаа, мэдээллүүдийг ашиглан дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

2018 онд Эмилио Рос (Emilio Ros) нарын “Current Opinion in Clinical Nutrition and Metabolic Care” сэтгүүлд хэвлүүлсэн “Хушганы хэрэглээний хүний эрүүл мэндэд ач тустай нөлөө” (Beneficial effects of walnut consumption on human health: role of micronutrients) өгүүлэлд хушганд агуулагддаг витамин Е, мелатонин болон полифенолын нэгдлүүд нь хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг тайлбарласан байна.
Өөрөөр хэлбэл хушганд агууллагддаг нэгдлүүд нь хавдрын өсөлтийн эсрэг үйлчилгээтэйг харуулсан судалгаанууд байдаг. Гэхдээ хушгыг дангаар нь хэрэглэн хавдрыг зогсоох, устгах буюу хавдрыг зөвхөн хоолны дэглэм, хүнсээр дамжуулан устгах нь боломжгүй юм.

Елена Катанзаро (Elena Catanzaro) нарын 2018 онд “Toxins” сэтгүүлд хэвлүүлсэн “Хавдартай тэмцэх байгалийн бүтээгдэхүүнүүд: Хушганд анхаарлаа хандуулах нь” (Natural Products to Fight Cancer: A Focus on Juglans regia) өгүүлэлд энэ чиглэлээр хийгдсэн өмнөх судалгаануудыг дүгнэн: *Хушганд агуулагддаг полифенолын нэгдлүүд, өөхний хүчил зэрэг нь хавдрын эсрэг үйлчилгээтэйг эсийн өсгөвөрт болон амьтан дээр туршсан туршилтуудад үндэслэн дүгнэсэн гэжээ. Харин хүмүүст хийсэн туршилт нь клиникийн түвшинд хангалттай дүгнэлт гаргах хэмжээнд хүрээгүй гэдгийг онцолсон байна. Тус өгүүлэлд:

“Дүгнээд хэлбэл, хушганы хавдрын эсрэг потенциал нь байгалиасаа байдаг химийн бүтцэд нь агуулагддаг явдал юм. Гэхдээ энэ потенциалыг хэрхэн хамгийн сайнаар ашиглах болон хүмүүст хэрхэн үр нөлөөтэй, аюулгүй байх гэдгийг тогтооход цаашдын судалгаа шаардлагатай байна.” гэжээ.

Хушганд хүний бие, эрүүл мэндэд ач холбогдолтой бодисууд агуулагддаг боловч энэ нь олон өвчнийг анагаах, тэр дундаа хавдрыг устгах хүнс эсвэл эм, эмчилгээ биш юм.

2018 онд Марта Гуаш-Ферре (Marta Guasch-Ferré) нарын “The American Journal of Clinical Nutrition” сэтгүүлд хэвлүүлсэн “Хушганы хэрэглээ нь цусны липид болон бусад зүрх судасны эрсдлийн хүчин зүйлүүдэд нөлөөлөх нь” (Effects of walnut consumption on blood lipids and other cardiovascular risk factors: an updated meta-analysis and systematic review of controlled trials) өгүүлэлд хушганы эрүүл мэндийн нөлөөний судалгааг тоймлосон бөгөөд хушгыг хүнсний хэрэглээндээ оруулах нь цусан дахь холестерины түвшинг бууруулах буюу цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах ач холбогдолтой гэжээ. Тус өгүүлэлд тоймлосноор 583 хүнийг хамруулсан 25 туршилтаас үзэхэд холестеролын хэмжээ өндөртэй оролцогчдын цусан дахь нийт холестролын түвшин болон бусад төрлийн өөх тосны түвшин буурсан байна.

Түүнчлэн Марта Гуаш-Ферре нарын өгүүлэлд тоймлосноор хушганы хэрэглээ цусан дахь сахарын хэмжээнд эергээр нөлөөлдөг эсэх талаар 6 судалгааг нягталсан ба үүнээс хоёр судалгаа нь эерэг нөлөөлсөн гэжээ. Үүнд, цусан дахь глюкозын концентрацийг бууруулсан болон цусан дахь инсулиний хэмжээг зохицуулахад эергээр нөлөөлсөн гэж дурдсан байна.

2020 онд “The American Journal of Clinical Nutrition” сэтгүүлд Алекс Сала-Вила (Aleix Sala-Vila) нарын хэвлүүлсэн өгүүлэлд дүгнэснээр хушга хэрэглэсэн бүлэгт цусны хангамж сайжирсан үзүүлэлт ажиглагдаагүй байна. (Эх сурвалж: “Хоёр жилийн хушганы хэрэглээ танин мэдэхүйн доройтолд нөлөөлөх нь. Хушга ба Эрүүл наслах нь судалгаа: санамсаргүй хяналтын туршилт” Effect of a 2-year diet intervention with walnuts on cognitive decline. The Walnuts And Healthy Aging (WAHA) study: a randomized controlled trial)

Харин хушганд агуулагддаг био идэвхит нэгдлүүд, витамин, тосны хүчил, ислэгүүд нь эрүүл мэндийн ач холбогдолтой бөгөөд өдөрт тутмын хүнсний хэрэглээндээ оруулах нь тодорхой өвчин тусах эрсдлээс сэргийлэхэд тустай юм. Өмнө дурдсан Марта Гуаш-Ферре нарын 2017 онд “Journal of the American College of Cardiology” сэтгүүлд хэвлүүлсэн “Самрын хэрэглээ ба зүрх судасны өвчний эрсдэл” (Nut Consumption and Risk of Cardiovascular Disease) өгүүлэлд дүгнэснээр газрын самар, хушга, модны самрын хэрэглээ нь зүрх судасны өвчний эрсдлийг 13-19%, зүрхний титэм судасны өвчний эрсдлийг 15-23% бууруулж байсан гэжээ.

2021 онд Даниэллэ Кахүүн (Danielle Cahoon) нарын “Annals of Medicine” сэтгүүлд хэвлүүлсэн “Хушганы хэрэглээ, танин мэдэхүйн үр дүнгүүд болон эрсдлийн хүчин зүйлс: системт үнэлгээ болон мета-анализ” (Walnut intake, cognitive outcomes and risk factors: a systematic review and meta-analysis) өгүүлэлд хушганы хэрэглээ болон тархины үйл ажиллагааны харилцааг судалсан судалгаануудыг тоймлон үзсэн. Үүнд дүгнэснээр, “хушганы хэрэглээ нь танин мэдэхүйтэй холбогдсон үйл ажиллагаа буюу танин мэдэх функц, ааш зан, цус харвах зэрэгт эерэгээр нөлөөлдөг байж болно” гэжээ.

Цай-Чун Жи (Tsai Chung-Jyi) нарын 2004 онд “American Journal of Epidemiology” сэтгүүлд хэвлүүлсэн “Эрчүүдийн цөсний чулууны өвчний эрсдэл ба самын хэрэглээний хэтийн төлөвтэй когорт судалгаа” (A prospective cohort study of nut consumption and the risk of gallstone disease in men) өгүүлэлд 457,305 хүний мэдээлэлд үндэслэн дүгнэхэд самрын тогтмол хэрэглээтэй эрчүүд цөсний чулуутай болох эрсдэл тогтмол бус эсвэл огт иддэггүй хүмүүсийнхээс бага байсан байна. Мөн тус онд Цай-Чун Жи нарын ижил сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлд 80,718 эмэгтэйчүүдийн мэдээлэл дээр үндсэлсэн судалгаанд самрын хэрэглээ нь дээрхтэй ижил буюу цөсний чулууны өвчний эсрдлийг бууруулж байгаа үр дүн ажиглагдсан байна.

Хушганы хандаар ходоодны шархыг эмчилдэг талаар судалгаа байхгүй буюу эдгээрийн харилцан хамаарлыг судалсан судалгаа байхгүй байна. Эрүүл мэндийн судалгааны талаарх дэлхийн хамгийн том дата бааз буюу АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Институтийн (National Institute of Health) судалгааны сангаас ходоодны шарх болон хушганы талаарх судалгаа байгаа эсэхийг шалгаж үзэхэд тусгайлсан эсвэл дурдсан судалгаа байхгүй байна.

Мөн 2010 онд Эмилио Росын (Emilio Ros) “Nutrients” сэтгүүлд хэвлүүлсэн “Самрын хэрэглээний эрүүл мэндийн ач холбогдол” (Health Benefits of Nut Consumption) өгүүлэлд самрын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судлахдаа ходоод буюу хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг талаар дурдаагүй байна.

Хушганд агуулагддаг витамин Е, өөхний хүчил зэрэг бодис нь хүний нүдний хараанд эерэгээр нөлөөлж болох боловч хушганы хандыг нүд өвдөх үед зайлах эсвэл буйл үрэвсэхэд хэрэглэдэг судалгаа, зөвлөгөө байхгүй байна.

Хушга болон бусад төрлийн самарт кальци, магни, потассиум зэрэг эрдэс агууллагддаг ба яс янгинах, сийгэхээс сэргийлэх, намдаах нөлөөтэй гэсэн тодорхой судалгаа байхгүй байна. Гэхдээ хушгаар дамжуулан кальци, магни зэрэг эрдэсүүдийг авах нь яс cийрэгжих зэргээс сэргийлж, ясны эрүүл мэндэд ач тустай байх юм. Мөн хушгыг хүнсний хэрэглээнийхээ нэг хэсэг болгон түүнд агуулагддаг кальци, өөхний хүчлүүд (fatty acids) нь үсний эрүүл мэндэд нөлөөтэй байдгийг Зузанна Сабина Голуч-Кониусзийн (Zuzanna Sabina Goluch-Koniuszy) 2016 онд “Menopause Review” сэтгүүлд хэвлүүлсэн “Цэвэршилтийн үеийн үс уналттай эмэгтэйчүүдийн шим тэжээл” (Nutrition of women with hair loss problem during the period of menopause) өгүүлэлд дурджээ.

Бидний шалгаж буй постод хушга болон хушганы бүрдэл хэсгүүдийг яг ямар арьсны архаг өвчний үед хэрэглэхийг зөвлөөгүй бөгөөд харин хушганы тосыг хулганы шарх дээр ашигласан үр дүнгүүд байгаа юм.

2018 онд Ма Чиан (Ma Qiang) нарын “Die Pharmazie - An International Journal of Pharmaceutical Sciences” сэтгүүлд хэвлүүлсэн “Хушганы тос нь хулганы шарх эдгэхэд болон арьсны гажигийг NF-kB cувгийг зохицуулах замаар эдгээдэг” (Walnut oil promotes healing of wounds and skin defects in rats via regulating the NF-kB pathway) өгүүлэлд хушганы тосыг ашигласан хулгануудын шарх ашиглаагүй хулгануудынхаас түргэн эдгэж байсныг тогтоожээ. Мөн Аят Тахэри (Ayat Taheri) нарын “European Journal of Transnational Myology” сэтгүүлд хэвлүүлсэн “Перс хушганы ногоон хальсны хулгана дээрх зүсэлтийн шарх эдгээх нөлөө” (Wound healing effects of Persian walnut (Juglans regia L.) green husk on the incision wound model in rats) өгүүлэлд хушганы хальснаас гаргаж авсан охийг хулганы шарх эдгээхэд эергээр нөлөөлж байгааг дүгнэсэн байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst