Алимны цуу суудлын мэдрэлийн өвчнийг 10 минутад эдгээнэ гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

2022 оны 09 дүгээр сарын 7-нд Гоё бүсгүйчүүд нэртэй пэйжид “Энэхүү байгалийн эмчилгээний тусламжтайгаар 10 минутын дотор Суудлын мэдрэлийн өвчинд баяртай гэж хэлээрэй” гэсэн тайлбартай, timon.mn домайн нэртэй сайтын мэдээллийн холбоосыг хавсаргасан пост оруулжээ. Уг постыг 10 дүгээр сарын 4-ний байдлаар 937 реакц, 31 сэтгэгдэл авч 3,400 удаа цааш түгээсэн байна. Харин сайтын мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Facebook платформд нийт 7,901 хариу үйлдэл авсан байна.

timon.mn холбоос дахь мэдээлэлд:
“Суудлын мэдрэл нь хүний биеийн хамгийн урт мэдрэл юм. Энэ нь үрэвсэж, маш тааламжгүй өвдөлтийг үүсгэдэг бөгөөд энэ нь хавиргаас өвдөгний доод түвшинд хүртэл үргэлжилдэг. Өвдөлтөөс гадна бусад шинж тэмдгүүд илэрч болно. Тухайлбал, сууж байхдаа таагүй мэдрэмж төрж , хөлөнд хүндээр тусах, хорсох, гэх мэт. Энэ нийтлэлд бид 10 минутын дотор асуудлыг шийдэж чадах энгийн аргыг танд үзүүлэх болно. Таны хийх ёстой зүйл бол зааврыг дагахад л хангалттай. Оройн цагаар, унтахынхаа өмнө халуун усанд давс, алимны цуу хийж хөлөө дүрээд ус хүйтэн болтол байлгана” гэжээ.

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

BBC агентлагийн вебсайтын Good Food буланд алимны цууг дараах байдлаар тодорхойлжээ.
Алиманд агуулагдах чихрийг исгэж ацет хүчил болгосноор алимны цууны гол орцыг гаргаж авдаг. Худалдаанд шүүсэн болон шүүгээгүй хоёр төрлөөр өргөн тархсан. Зөвхөн алим гэлтгүй бусад төрлийн жимснээс ч цуу гаргаж авах боломжтой. 1 хоолны халбага буюу 15 мл алимны цуу найрлагадаа

  • 0.1 грамм нүүрс ус
  • 11 милиграмм кали
  • 1 милиграмм кальци
  • 1 милиграмм магни
  • Антиоксидант чанартай амин хүчлүүд бага тунгаар агуулна
Алимны цуу өөр ямар нэгэн эрдэс бодис, эсвэл витамин агуулдаггүй.

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн төвийн вэбсайтын цахим тайлбар тольд суудлын мэдрэлийн өвчнийг дараах байдлаар тайлбарлажээ.
“Суудлын мэдрэл дарагдсан, үрэвссэн тохиолдолд өвддөг. Нийтлэг тохиолдолд 4-6 долоо хоногт зовуурь намддаг ч удаан хугацаанд үргэлжилж өвдөх нь ч бий. Суудлын мэдрэл өвдөх үед таны өгзөг, гуяны арын хэсэг, хөл ба хөлийн хуруунуудад илрэх шиж тэмдгүүд:

  • Янгинах, чинэрэх
  • Хатгуулж өвдөх
  • Бадайрах, мэдээ алдах
  • Сульдах, суларч хүчгүй болох
Суудлын мэдрэл өвдсөн үед дараах зөвлөмжийг дагах:
-Хэт удаан хугацаанд хэвтэж, суулгүйгээр дасгал хөдөлгөөн бага, багаар хийх. Хөдлөх үед мэдрэгдэх өвдөлт нь аюултай биш бөгөөд, тогтмол хөдөлгөөний ачаар хурдан тэнхэрнэ
-Хажуу тийш харж унтдаг бол хоёр хөлийнхөө завсар хатуу дэр эсвэл ивээс хавчуулах, дээшээ харж унтах үед өвдөгний харалдаа дор дэр тавьж унтах
-Эм зүйчээс тохирох өвчин намдаах эм авч хэрэглэх, өвдөлт хэт хүндэрвэл мэргэжлийн эмчид хандах

Дараах тохиолдолд аюултай тул түргэн тусламжид хандах:
-Хоёр хөл мэдээ алдах, алхаж чадахгүй болох
-Цавь, өгзөг хавиар өвдөлт шилжиж, мэдээ алдах, шээж, хүндрэхэд хэцүү болох” гэжээ.

АНУ Пенсилвани мужийн Хөл ба тавхайн өвчний мэргэжилтнүүдийн төвийн вебсайтад алимны цуу суудлын мэдрэлийн үед нөлөөтэй эсэхтэй холбоотой мэдээлэл байршуулжээ.
Мэдээлэлд:
“Олон нийтийн дунд тархсан алимны цууг мэдрэлийн гаралтай өвдөлтийн үед хэрэглэх арга нь одоог хүртэл ямар нэг байдлаар судлагдаагүй, шинжлэх ухааны үндэслэл байхгүй арга юм. Хүний биед үзүүлэх хор нөлөө багатай ч хүссэн үр дүндээ хүрч, өвдөлтийг бууруулах сайн арга биш. Тийм учир мэргэжлийн эмчид хандаж хөл болон тавхайн эмчилгээ эхлүүлэх нь илүү үр дүнтэй” гэсэн байна.

Бид алимны цуу болон суудлын мэдрэлийн өвдөлттэй холбоотой судалгааны ажлыг The Lancet, Elsevier, PubMed Central зэрэг хэд, хэдэн анагаах ухааны сэтгүүлээс түлхүүр үгээр хайж үзэхэд илэрц байхгүй байна. Харин алимны цууг нянгийн эсрэг үйлчилгээтэй болохыг онцолсон судалгааны ажлууд байна. Жишээлбэл, Олон улсын хүнс шинжлэлийн сэтгүүлд 2014 онд хэвлүүлсэн АНУ-ын эрдэмтдийн судалгаанд “Зохимжит хэмжээгээр хэрэглэх нь нянгийн эсрэг үйлчилгээтэй” гэж онцолжээ.

АНУ Баруун Виржиниагийн их сургуулийн вебсайтад байршуулсан алимны цуутай холбоотой мэдээлэлд “Алимны цуутай усанд хөлөө дүрэх нь хөлийн бактерийг устгаснаар эвгүй үнэрийг дарах боломжтой” гэсэн байна.

Иймд та бүхэн суудлын мэдрэлийн үед үр дүн нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй аргуудаас татгалзаж, мэргэжлийн эмч нарын зөвлөсөн дасгал, хөдөлгөөнийг сайн хийж, амьдралын хэвшилдээ анхаарна уу.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst