Эмэгтэйчүүдийн өвчнийг анагаах “шилдэг ханд” буюу хушны самар нь умайн хоргүй хавдрыг устгадаг гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Эмэгтэйчүүдийн өвчнийг анагаах “шилдэг ханд” буюу хушны самар нь умайн хоргүй хавдрыг устгадаг гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хушны самрыг архинд дэвтээсэн ханд нь умайн хоргүй хавдрыг устгахад хэрэглэдэг эсвэл эмэгтэйчүүдэд тохиолддог бусад төрлийн хавдрыг устгадаг талаар судалгаа байхгүй байна

2022 оны 09 дугаар сарын 23-нд narhan.me вэб сайтад “Эмэгтэйчүүдийн өвчнийг анагаах шилдэг ханд. Энгийн бөгөөд үр дүнтэй!” гэсэн гарчигтай мэдээлэл орсон. Уг мэдээнд хушны самрыг архинд хандласан уусмалыг уувал умайн хоргүй хавдрыг эдгээж болно гэж зөвлөсөн байна.

Тус мэдээллийг 2022 оны 09 дугаар сарын 28-ны байдлаар Crowdtangle аппликэйшнаар шалгаж үзэхэд 04 дугаар сарын 05-наас эхлэн Сонирхолтой, Нархан – Гэрэлт ирээдүйг хамтдаа зэрэг фэйсбүүк хуудсуудаар түгээгдэж, 256 реакц, 21 коммент авч, 620 удаа цааш түгээгдээд байна.

Уг мэдээлэлд дурдсанаар хушны самрын хандыг найруулахдаа “Нэг стакан ястай хушны самар дээр 0,5 литр архи (эсвэл найруулсан спирт байж болно) хийж харанхуй газар 2 долоо хоног байлгана. Үе үе сэгсэрч байх ёстой” гэжээ. Хандыг өдөрт 3 удаа цайны халбагаар 3-6 сар уухад умайн хоргүй хавдар буюу миом (фибриом, лйеомиом), өндгөвчний киста зэрэг өвчнийг эдгээнэ гэж тус мэдээлэлд зөвлөсөн байна.

1. Хушны самрын ханд умайн хорт хавдрыг устгадаг нь тогтоодоогүй

Бидний шалгаж буй мэдээнд дурдсан миом буюу фибриом, лейомиома нь умай дотор ургадаг хоргүй хавдар юм. Харин энэ хавдар нь хэт томрох, тархаж олон болсон тохиолдолд биеийн өөр эрхтнийг шахаж эхлэн сарын тэмдгийн үед хэт их цус алдах, ойр ойр шээс хүрэх, өтгөн хатах, аарцаг нуруугаар өвдөх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Ховор тохиолдолд тус хавдар үргүйдлийн шалтгаан болж болдог байна.

Хушны самрыг архинд дэвтээсэн ханд нь умайн хоргүй хавдарыг устгахад хэрэглэдэг эсвэл эмэгтэйчүүдэд тохиолддог бусад төрлийн хавдрыг устгадаг талаар судалгаа байхгүй байна.

2021 оны 07 дугаар сарын 7-нд И Мин (Yi Ming) нарын “Biomarker Research” сэтгүүлд хэвлүүлсэн “Дэлхийн, бүс нутгийн болон үндэсний түвшинд эмэгтэйчүүдийн хавдрын эпидиомологийн хандлагууд” (Epidemiological trends of women’s cancers from 1990 to 2019 at the global, regional, and national levels: a population-based study) өгүүлэлд дүгнэснээр хөхний хавдар, умайн хүзүүний хавдар, өндгөвчний хавдар, савны хавдар зэрэг нь дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн дундах хамгийн түгээмэл 10 хавдрын тоонд ордог байна. Тус өгүүлэлд дурдсанаар хөхний хавдар нь эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл байдаг ба өндгөвчний хавдар, савны хавдар нь хөхний хавдартай харьцуулахад харьцангуй бага тохиолддог өвчин байдаг байна.

Карлос Гонзалез (Carlos A. Gonza´lez) нарын 2006 онд “British Journal of Nutrition” сэтгүүлд хэвлүүлсэн “The potential of nuts in the prevention of cancer” өгүүлэлд хуш модны самарт (pine nut) флавоноидын бүлгийн кверцетин, ресвератрол зэрэг нийлмэл бодисууд бусад төрлийн самруудаас их агуулагддагийг дурдсан ба эдгээр антиоксидант үйлчилгээтэйг онцолсон.

Гэхдээ тус өгүүлэлд хуш модны самрыг хавдрын эмчилгээнд ашиглан эмчлэх тухай дурдаагүй бөгөөд зөвхөн хавдар тусах эрсдэлээс сэргийлэхэд тустай бодисууд агуулагдаж байгааг онцлосон юм.

Мөн 2015 онд Ву Лан (Wu Lang) нарын “Nutrition Reviews” сэтгүүлд хэвлүүлсэн самрын хэрэглээ болон хавдар тусах эрсдлийн харилцааг судалсан өмнөх судалгаануудыг нэгтгэн тоймлосон “Самрын хэрэглээ ба хавдар тусах эрсдэл болон хоёрдугаар зэргийн чихрийн шижин өвчин: системт үнэлгээ болон мета-анализ” (Nut consumption and risk of cancer and type 2 diabetes: a systematic review and meta-analysis) өгүүлэлд самрын төрлийн хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг бодисууд хавдар тусах эрсдлийг бууруулахад нөлөөтэй байж боломжтой гэсэн ба ямар нэг тусгайлсан хавдар тусах эрсдэл болон самрын хэрэглээний харилцааг тогтоохын тулд илүү судалгаа шаардлагатайг дүгнэжээ.

Түүнчлэн 2014 онд Чо Сун-Ми (Cho Sun-Mi) нарын “BMC Complementary Medicine and Therapies” сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлд хуш модны навчнаас гаргаж авсан тос бүдүүн шулуун гэдэсний хавдрын эсрэг үйлчилгээтэй байгааг лабораторийн түвшинд хийсэн эсийн өсгөвөрийн (in vitro) судалгаанд үндэслэн дүгнэсэн байна.

2. Хушны самрын хандаар өндгөвчийн кистаг эмчилдэггүй

Өндгөвчийн киста буюу уйланхай (ovarian cysta) гэдэг нь ихэвчлэн сарын тэмдгийн мөчлөгийн үед үүсдэг, олонх тохиолдолд хоргүй байдаг. Овуляци (ovulation) буюу өндгөн эс ялгарах үйл явцад өндгөвчийн хана дахь уут өндгөн эс гаргаж чадалгүй шингэн хуримтлагдсан тохиолдолд киста үүсдэг. Ихэнх тохиолдолд өндгөвчийн киста нь 1-3 см хэмжээтэй байдаг бөгөөд 1-3 сар буюу цөөн хэдэн сард өөрөө алга болдог байна.

Уйланхай хагарсан, уйланхайн хананд цус харвасан, уйланхай мушгирах зэрэг тохиолдолд хүндрэлүүд үүсэж болдог ба энэ үед цус алдах, хүчтэй өвдөлт өгөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний вэб сайт дахь өндгөвчний кистаны талаарх мэдээлэлд тайлбарласнаар эмчилгээ хийх нь уйланхайн хэмжээ, онцлог, өвчтөнд ямар нэг шинж тэмдэг байгаа эсэх, цэвэршилт явагдсан эсэх зэргээс хамаардаг байна. Хэрвээ уйланхайн хэмжээ томорсон, тархсан болон шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд мэс заслын аргаар уйланхайг авах шаардлага үүсдэг байна.

Хуш модны самрын хандаар өндгөвчийн кистаг эмчилдэг талаар судалгаа байхгүй байгаа ба хэрвээ уйланхай томрон өвчин хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлэхийг АНУ-ын Эрүүл мэнд ба Иргэдэд үйлчлэх албаны (U.S. Department of Health & Human Services) Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн оффисын вэб сайт дахь өндгөвчийн кистаны талаарх мэдээлэлд сануулсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document