Эрдэнэс Тавантолгой ХК-аас жил бүр 669,700 төгрөгийн ногдол ашиг тараана гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

2022 оны 07 дугаар сарын 26-нд “Хайр” нэртэй пэйжид “Жилийн өмнө ингэж байж. Энэ жил ноогдол ашиг өгсөн үү” гэсэн тайлбартайгаар “Эрдэнэс Тавантолгой ХХК-аас жил бүр 669,700 төгрөгийн ногдол ашиг тараана” гэсэн гарчигтай, alxam.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 190 реакц, 33 сэтгэгдэл авч, 27 удаа цааш түгээсэн байна.
Харин сайт дахь мэдээлэл нь нийт 15,269 хариу үйлдэл авч идэвхжүүлсэн байна.

Уг мэдээлэлд, “Эрдэнэс Таван-Толгой ХХК-ийн Удирдах зөвлөлөөс 2021 онд 2020 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг хуваарилахгүй гэж шиийдвэрлэсэн. Гэхдээ цаашид жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг иргэдэд хүртээхээр төлөвлөсөн тухай тус компаниас мэдээллээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 1072 хувьцаатай иргэн 2025 он хүртэл жилд 669.7 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэнэ гэж мэдэгдлээ. Эрдэнэс Тавантолгой ХХК 2021-2025 онуудад А6-20 бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 3.7 их наядын цэвэр ашиг олж хувьцаа эзэмшигчдэдээ жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилж эхлэх юм. А6-20 гэдэг нь Эрдэнэс Таван-Толгой ХХК-ийн 2017-2020 онд хийсэн ажлын амжилт дээр нь тус компанийн ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтын 20 зорилтыг томъёолсноо тэрээр онцоллоо” гээд medeech.com гэх домайн нэрийг эх сурвалж гэж ойлгогдохоор байршуулжээ.
Энэ төрлийн буюу 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой мэдээллийг дахин түгээж, тухай бүрдээ өндөр хандалт авдгийг нь 15 мянга гаруй идэвхжүүлэлтээс харж болно.

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

2022 оны 02 дугаар сарын 18-нд ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн 05 дугаар тогтоолоор энэ онд ногдол ашиг хууврилахгүй байхаар шийдвэрлэсэн. Уг тогтоолд “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хэрэгжүүлж буй томоохон дэд бүтцийн төслүүд болон компанийн ирээдүйн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2021 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсүгэй” гэсэн байна.

2021 оны 03 дугаар сарын 10-нд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэвлэлийн бага хурал хийж, тус компанийн ТУЗ-ийн хурлаар баталсан 2025 оныг хүртэлх хөгжлийн төлөвлөгөө “А6-20”-ийг танилцуулсан. Энэ үеэр тэрбээр “1,072 хувьцаатай иргэн 2023-2025 он хүртэл жилд 669.751 төгрөгийн ногдол ашиг хүртэх тооцоо гарсан. 2021 онд бид 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Ингэхдээ нийт 2 их наяд төгрөгийн бонд гаргана гэж төлөвлөснөөс эхний ээлжинд 800 орчим тэрбум төгрөгийн бонд худалдаалахаар гуравдугаар сарын 5-ны өдөр холбогдох бичиг баримтыг СЗХ, Монголын хөрөнгийн биржид хүлээлгэн өгсөн” гэж ярьж байжээ.

Үүний дараа “жил бүр 669.7 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилна” гэх төөрөгдүүлсэн мэдээлэл өндөр хандалттай түгэж байсан бөгөөд манай төв тухайн үед баримт шалгалт хийж нийтэлж байсан.

2021 оны 05 дугаар сарын 18нд хийсэн 64 дүгээр баримт шалгалтын тайланд “Уг төлөвлөгөөнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 20 том төсөл хэрэгжүүлснээр үсрэнгүй хөгжиж, жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрч, борлуулалтын орлого 10 их наяд, цэвэр ашиг 3.7 их наяд төгрөг болж, жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд хуваарилдаг болно. 2023-2025 онд 1072 хувьцаатай нэг иргэн 669 мянган төгрөгийн ногдол ашиг авах тооцоо гаргасан” тухайгаа мэдээлсэн. Энэ мэдээллийн ногдол ашиг хэсгийг 2021 оноос эхэлж олгох мэт ойлгогдохоор гарчигласан нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна. Мөн мэдээндээ 2023 оноос тараах боломжтой гэсэн төлөвлөгөөг энэ оноос эхлэн жилд 700 орчим тэрбум төгрөг хуваарилж эхэлнэ гэж ойлгогдохоор ХУДАЛ мэдээлэл оруулжээ” гэсэн байна.

2022 оны 09 дүгээр сарын 13-нд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн олон нийттэй харилцах төвөөс лавлахад “Жил бүрийн 02 дугаар сард ЭТТ ХК-ийн ТУЗ хуралдаж, өнгөрсөн жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Энэ жилийн хувьд 02 дугаар сарын 18-нд ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрээ гаргасан. А6-20 төлөвлөгөөнд тухайн жилд ногдол ашиг хуваарилах эсэх, хэрэв ногдол ашиг өгөх бол хэдэн төгрөг байх зэргийг тусгаагүй. Энэ бол компанийн цаашдын зорилт, үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг тусгасан баримт бичиг” гэсэн юм.

2019 оны 02 дугаар сарын 25-ны ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн “Ногдол ашгийн журам батлах тухай” 05 дугаар тогтоолын хавсралтад ногдол ашиг олгох талаарх зохицуулалтыг тусгасан.

Уг тогтоолын 2.4-д “нэгж хувьцаанд хуваарилах ногдол ашгийн хэмжээг тухайн санхүүгийн жилийн татвар төлсний дараах цэвэр ашгийн хэмжээ, компанийн богино болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага зэргийг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөл тогтооно” гэж заасан.

2.5-д “Компанийн жилийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгаас бизнес төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалт, нийгмийн арга хэмжээний хуваарилалтыг хасаад үлдэх хэсгийг ногдол ашигт хуваарилж байна. Энэхүү дүн нь компанийн тухайн жилийн цэвэр ашгийн 10 хувиас доошгүй хэмжээтэй байна”

4.1-д “Компанийн ТУЗ нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заажээ. Энэ нь дараа жилийнх нь хаврын улиралд тов гаргаж ТУЗ хуралдах нөхцөл юм.

“А6-20” бизнес төлөвлөгөөний 10 дугаар нүүр, Амжилт-6 шалгуур хангасан ажлууд хэсэгт “А4 Бизнесийн нэр хүнд өсөж, ногдол ашиг олгож, нийгмийн дэмжлэгийг бий болгосон” гээд “Компанийн засаглал сайжирч, олон улсын нэгдсэн менежментийн 3 төрлийн ISO стандартууд нэвтрүүлж, дэлхийд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг танилцуулах, ажил үе шаттай хийгдэж 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж төр, 2,512,768 иргэн, 486 аж ахуйн нэгжийн нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгосон” гэдгийг дурдсан байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst