Вакцин хийлгэсэн хүмүүст үүсээд байгаа бүлэгнэсэн цусанд цахилгаан долгион дамжуулагч металлууд байгааг илрүүлжээ гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Вакцин хийлгэсэн хүмүүст үүсээд байгаа бүлэгнэсэн цусанд цахилгаан долгион дамжуулагч металлууд байгааг илрүүлжээ гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Нас барсан хүний биеэс илэрсэн бүлэн вакцинаас үүссэн гэх мэдээлэл худал бөгөөд занданшуулагч нь ямар нэг байдлаар цогцост халдаж цусны дээж авч, задлах үүрэг хүлээдэггүй.

2022 оны 08 дүгээр сарын 31-нд Bolorma Bat-Ulzii нэртэй хэрэглэгч “Вак хийлгэсэн хүмүүст үүсээд бгаа цус өтгөрөл бол зүгээр жирийн цус бүлэгнэл биш, харин өөр зүйл болохыг Америкийн эмч нар мэдээллээ” гэх гарчигтай мэдээллийг хатсан цусны хэлхээ гэх зургийн хамт оруулсан нь 09 дүгээр сарын 29-ний байдлаар 1,022 реакц, 593 сэтгэгдэл авч, 4.7 мянган шэйр авсан байна.

Мэдээлэлд:
“Вакциний цус өтгөрөл нь 2022 оны 08 дугаар сарын 20-доор өөрөө бөөгнөрч байгаа холбогч эдийн хэлхээ болохыг мэдэгдэв. Бүлэгнэлийн бүтэц хүний цуснаас өөр байсан. Жишээ нь цусанд байдаг магни, зали, хлор гээд эрдсүүдийн харьцааг шинжлэхэд хүний цусан дахь хэмжээнээс өөр гарчээ. Мөн бүлэгнэсэн цус дотор олон тооны цахилгаан долгион дамжуулагч металлууд байгааг илрүүлжээ. Холбогч эд цустай холилдсон хэлхээ хатахаараа ийм борц, эсвэл олс шиг болдог. Энэ зураг цус өтгөрөлтийг микроскопоор харсан зураг. Ийм урт зүйл артерын судаснуудад үүсээд, цусан дотор эргэлдэж явсаар тархи, зүрх, уушгинд хүрэхээр гэнэт үхэлд хүргэж байна. Явцын дунд томордог тул цусыг багасгаж, эд, эсэнд цус тэжээл эрс дутагдаж, шууд үхэлд хүргээгүй бол хавдар үүсэх нөхцөл бүрэлдэх аюултай. Бас долгион хүлээн авдаг янз бүрийн металл нь биеийг хордуулж, хордлогоос болж эрхтэн эд эс гэмтэж нас барж байна” гэжээ.

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүд уг мэдээллийг шалгаж худал болохыг тогтоожээ. Уг мэдээллийн эх мэдээ “худал мэдээлэл” шошгоор тэмдэглэгдэж хандалт нь буурсан бөгөөд энэхүү мэдээг анх эрчимтэй түгээсэн эх сурвалж Facebook сүлжээнд мэдээлэл идэвхжүүлэх эрхгүй болсон байна. Баримт шалгах төвүүдийн баримт шалгалтыг ашигласан эх сурвалжаар нь баталгаажуулан та бүхэнд хүргэж байна.

1. Мэдээллийн эх сурвалж Facebook платформ дээр мэдээлэл идэвхжүүлэх эрхгүй болсон

АНУ-ын NBC агентлагийн вебсайтад 2019 оны 08 дугаар сарын 23-нд байршсан мэдээнд:
“Вакцинаас үүдэлтэй цусны бүлэн үүсэж хүмүүс нас барж байна, тэдний биеэс гаднын биет мэт харагдах цусны бүлэн илэрсэн гэх агуулга бүхий мэдээг анх тараасан The Epoch Times хэвлэл мэдээллийн хэрэгслийг Facebook платформын олон нийтийн стандартыг ноцтой зөрчсөн гэж үзэн идэвхжүүлэх эрхийг хурааж, үзэгдэлтийг бууруулах арга хэмжээ авсан. Тэдний эсрэг арга хэмжээ авахдаа “Өөрсдийн мэдээллүүдийг идэвхжүүлэх зорилгоор 2 сая гаруй ам.доллар зарцуулж, улс төр, хуйвалдааны онол, хэт нэг талыг барьсан мэдээ эрчимтэй түгээсэн” үйлдэлд нь үндэслэсэн байна” хэмээн дурджээ.

2. Нас барсан хүний биеэс илэрсэн бүлэн вакцинаас үүссэн гэх мэдээлэл #ХУДАЛ

Францын баримт шалгах AFP байгууллага 2022 оны 09 дүгээр сарын 20-нд уг мэдээллийг шалгаж үндэслэлгүй болохыг мэдэгджээ. Баримт шалгалтад: “АНУ Техас мужийн иргэн, цогцос занданшуулагч Ричард Хиршман гэх хүн анх “хүний биеэс харь гаригийн биет гэмээр цусны бүлэн оллоо” гэх утгатай жиргээ нийтэлсэн нь цахим сүлжээнд түгсэн байна. Гэвч Ричард Хиршман нь эмч эсвэл анагаах ухааны шинжээч биш юм. 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бид АНУ Оршуулах үйл ажиллагаа эрхлэгчдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Жэссика Коттой холбогдоход тэрээр Хиршманий мэдэгдлийг үндэслэлгүй болохыг мэдээлсэн юм. Жэссика Котын өгсөн мэдээлэлд:
“Цусны бүлэн илүүдэл жин, тамхидалт, мөн Ковид-19 өвчнөөр өвчилсөн тохиолдол гээд маш олон нөхцөлд үүсэх боломжтой. Гэтэл цогцсоос илэрсэн цусны бүлэнд ковидын вакциныг шууд холбож буй нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй юм. Хоёрдугаарт цусны бүлэн илрүүлсэн гэх ч вакцин хийлгэсэн эсэх мэдээллийг Хиршман мэдэх ямар ч боломжгүй. Тухайн цогцос өмнө нь вакцин хийлгэсэн эсэх мэдээллийг гэр бүлийн гишүүд л мэднэ, бусад тохиолдолд энэ бол эрүүл мэндийн нууц” гэжээ. Бид нарийвчлан судалж Францын Занданшуулагч нарын үндэсний холбооноос лавлахад:
“Занданшуулагч бол задлан шинжээч биш. Мэргэжлийн эмч задлан шинжилгээ хийж, цусны дээж авч, үхлийн шалтгааныг тогтоох ур чадвар, зөвшөөрөгдсөн эрхтэй байдаг. Гэтэл занданшуулагч бол цогцсыг илжрүүлэхгүй удаан хугацаанд хадгалах талаас нь ажилладаг хүн. Ямар нэг байдлаар цогцост халдаж цусны дээж авч, задлах үүрэг хүлээдэггүй. Өвчтөний үхлийн шалтгаан бол мөн л эрүүл мэндийн нууц учраас задлан шинжээч болон гэр бүлийнхэн л мэдэх зүйл атал занданшуулагч мэдэж байна гэдэг хачирхалтай” гэж хариулсан.
Цусны бүлэнгийн тухайд Европын Эмийн агентлаг АстраЗенека болон Жонсон&Жонсон вакцин хийлгэсэн цус багадалттай хүмүүст маш ховор тохиолдолд цусны цагаан эсийн бөөгнөрөл үүсэж буйг мэдэгдсэн. Гэвч бүртгэгдсэн тохиолдлууд 25 саяд 85 байсан байна. Харин АНУ Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв байгууллага Жонсон&Жонсон вакцины цусны бүлэн үүсгэх магадлал 1 саяд 4 болохыг мэдэгдсэн байна” гэжээ.

3. Бүлэгнэсэн цусан дотроос цахилгаан дамжуулагч илэрсэн гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Вакцинтай холбоотой худал, төөрөгдүүлсэн мэдээлэлд баримт шалгалт хийдэг Respectful Insolence вебсайт 2022 оны 06 дугаар сарын 17-нд “Вакцин хийлгэсэн хүмүүст металл суулгац буюу чип байна” гэх мэдээлэлд баримт шалгалт хийжээ. Үүнд:
“Микроскопын дуранд харагдсан гэх зүйлс нь уургийн ялтас бөгөөд микроскопын дурангаар хэд дахин томруулаад харахад чип мэт харагдаж болно. Вакцинаар хүмүүст суулгац тарьж байна гэх мэдээлэл тарааж буй этгээд нэр хүнд бүхий, чанартай лабораторид дурын дээжийг аваачиж өгөхөд ямар ч чип, металл суулгац байхгүйг нь хэлээд өгнө. Цусны улаан эсийн бүтцийн 40-45 хувьд нь төмрийн уургаар баялаг гемоглобин агуулдаг. Гемоглобин нь уушгинаас хүчилтөрөгчийг биеийн эдүүдэд зөөвөрлөх чухал ач холбогдолтой. Мөн хүний биед шаардлагатай 20 чухал амин элементэд 10 орчим нь металл байдаг. Кальци, натри, магни, кали, төмөр, манган, кобальт, зэс, цайр зэрэг хүний биед агуулагддаг бүх л метал цахилгаан долгион дамжуулдаг учир түүнээс айгаад байх шаардлагагүй” гэжээ.

4. Вакцин хийлгэвэл хавдар үүснэ гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 02 дугаар сарын 11-нд Reuters агентлаг дээрх агуулгаар баримт шалгалт хийж вебсайтдаа нийтэлсэн байна. Баримт шалгалтын тайланд:
“Вакцин хорт хавдар үүсгэдэг гэх худал мэдээллийг тараасан хаягуудыг Twitter платформ идэвхгүй болгожээ. Мөн 2021 оны 05 сард Meta вакцин хорт хавдар үүсгэдэг гэх мэдээллийг эрчимтэй түгээсэн Life Site News вебсайтыг Facebook платформд мэдээгээ хуваалцах эрхгүй болгосон байна. АНУ Хавдар судлалын үндэсний төв 2021 оны судалгаандаа “Хавдар тусах эрсдэлийг вакцин биш ковидын халдвар нэмэгдүүлж байгаа. Mayo Clinic байгууллагын Ковид-19 халдвартай тэмцэх хэлтсийн ахлах доктор Эндрю Бадли “Хавдрын анхан шатандаа яваа хүмүүс хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор сүүлийн 2 жилд эмнэлгийн үйлчилгээнээс холдсон учраас анхан шатандаа оношлогдох боломжтой байсан хавдар дараагийн шатандаа орсон байдалтай оношлогдож байгаа” гэжээ. Тиймээс хэн нэгний дур зоргоороо ярьсан зүйлст итгэж нотолгоогүй болон төөрөгдүүлсэн мэдээлэлд автахгүй байхыг анхаарна уу” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document