Чихрийн шижин өвчний эсрэг вакциныг албан ёсоор нэвтрүүллээ гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 08 дугаар сарын 09-нд Эрүүл амьдрал нэртэй пэйжид “Чихрийн шижин өвчний эсрэг вакциныг албан ёсоор нэвтрүүллээ. Дэлхий нийт энэ мэдээг тэмдэглэж байна!” гэх тайлбартай, lantuu.xyz домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 09 дүгээр сарын 29-ны байдлаар 1.1 мянган реакц, 72 сэтгэгдлээр идэвхжүүлж, 904 удаа цааш түгээжээ. Уг сайтын мэдээллийг Crowdtangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд фэйсбүүкт нийт 4737 хариу үйлдэл авснаас 3130 реакц, 168 коммент авч, 1469 удаа цааш түгээсэн байна.
Тус мэдээнд Чихрийн шижинтэй тэмцэх сангийн ерөнхийлөгч Сальвадор Чакон Рамирес, Мексикийн аутоиммун өвчнийг оношлох, эмчлэх нийгэмлэгийн ерөнхийлөгч Лусиа Зарате Ортега нар чихрийн шижингийн эсрэг вакциныг нэвтрүүлсэнийг мэдэгдсэн гэжээ.
Тэдний мэдэгдсэнээр Мексик эмч Хорхе Гонзалез Рамирез тус вакциныг нээсэн ба нэвтрүүлэхээр болсон вакциныг хүнд тарихдаа “ойролцоогоор 5 шоо метр цус авч, дараа нь 55 мл вакцины уусмалыг цусанд тарьсан. Дараа нь үүссэн хольцыг таван хэм хүртэл хөргөнө. Уусмалын температурыг 37 градус (биеийн температур) хүртэл нэмэгдүүлэхэд цочрол үүсч, уусмал нь найрлагадаа өөрчлөлт оруулснаар генетик, бодисын солилцооны бүтэц өөрчлөгдөж, вакцин болж хувирдаг. Вакциныг хадгалах хугацаа 60 хоног, эмчилгээ нь өөрөө нэг жил орчим үргэлжилнэ” гэж тайлбарласан байна.

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Чихрийн шижин өвчний эсрэг вакциныг нээж, нэвтрүүлсэн талаарх мэдээлэл нь 2015 оноос хойш интернэтэд тархаж эхэлсэн хуурамч мэдээ юм. Тус мэдээнд хэзээ, хаана, хэрхэн тус вакциныг нээсэн талаар дурдаагүй ба мэдээний текстийн төгсгөлд эх сурвалж хэмээн Jenbloknot.ru нэртэй вэб сайтыг дурдсан. Тус вэб сайт нь орос хэлээр гардаг тул “вакцина против диабета” (чихрийн шижин өвчний эсрэг вакцин) гэж хайж үзэхэд бидний шалгаж буй тексттэй ижил агуулгатай мэдээлэл гарч ирсэн.
Энэхүү орос хэлээр гардаг вэбсайт нь эрүүл мэндийн зөвлөгөө нэрийдлээр ташаа, хуурамч “эмчилгээний жор”-уудыг санал болгодог бөгөөд тодорхой байгууллага, эрүүл мэндийн мэргэжилтний хамаарлыг харуулдаггүй, баталгаатай эх сурвалж болж чадахааргүй байгаа юм.

Тус вакцины талаарх хуурамч мэдээлэлд IFCN-ий гишүүн Snopes, Africa Check зэрэг баримт шалгах байгууллагууд шалгалт хийсэн бөгөөд 2016 онд Snopes-ийн хийсэн шалгалтад уг хуурамч мэдээллийн анхны эх сурвалж нь 2015 оны 11 дугаар сарын 25-нд Мексикт болсон “Vive Tu Diabetes” (Live Your Diabetes) байгууллагын хэвлэлийн хурлын үеэр зарласан мэдээлэл болохыг өгүүлэлдээ мэдэгдсэн.
Чихрийн шижин өвчний эсрэг гэх вакцин нь өвчтөнөөс цус авч тусгай шингэн буюу вакцин цусанд хольж буцаан хүний биенд хийх арга дээр суурилсныг тэд мэдээлэлдээ тайлбарласан ба энэ нь Аутогемотерапи (Autohemotherapy) гэх эмчилгээний аргын нэг төрөл юм. Гэхдээ энэ эмчилгээний аргыг ашиглан чихрийн шижин өвчний эсрэг вакцин гаргаж авсан эсвэл эдгээсэн мэдээлэл, судалгаа байхгүй байна. Харин тус аргын нэг төрөл болох озон эмчилгээг хоёрдугаар зэргийн чихрийн шижин өвчинтэй хүний хөлний шархлааг эмчлэхэд хэрэглэсэн судалгааг үндэслэн алтернатив эсвэл хавсарга эмчилгээнд ашиглаж болохыг Навид Фаражи (Navid Faraji) нарын 2021 онд “Journal of Medical Case Reports” сэтгүүлд хэвлүүлсэн “Чихрийн шижингийн гаралтай хөлний шархлааг эмчлэхэд озоны эмчилгээг алтернатив арга болгон ашиглах нь” (Ozone therapy as an alternative method for the treatment of diabetic foot ulcer: a case report) нэртэй өгүүлэлд тайлбарлажээ.
Мөн 2014 онд “Cureus” сэтгүүлд Дэвон Бреверийн (Devon D. Brewer) хэвлүүлсэн “Аутогемотерапиг чонон хөрвөс, экземийн эмчилгээнд ашигласан талаарх системт үнэлгээ” (A Systematic Review of Autohemotherapy as a Treatment for Urticaria and Eczema) өгүүлэлд аутогемотерапиг чонон хөрвөс, экзем зэрэг арьсны өвчлөлд ашигласан судалгаа байгаа боловч үр нөлөө нь хангалттай түвшинд батлагдаагүй байна гэжээ.
Мексикийн засгийн газрын Ариун цэврийн эрсдлийн эсрэг Холбооны комисс (COFEPRIS) хуурамч вакциныг зарласан байгууллагыг хэвлэлийн хурлаас хойш 24 цагийн дотор хаасан ба комисс тус байгууллагыг вакцины үйлчилгээ, аюулгүй байдлын талаарх судалгааг танилцуулаагүй хэмээн мэдэгдсэн. Мөн тус комиссын ерөнхийлөгч Микел Арриола (Mikel Arriola) өөрийн Твиттер хаягаараа “чихрийн шижин өвчний эсрэг вакцин бүртгэгдээгүйг” мэдээлсэн байна.

Шалгаж буй мэдээллийн сэтгэгдэл хэсэгт “Сайхан сэтгэгдэл бичсэнд баярлалаа … Таны хөдөлгөөн бараг бэлэн боллоо! Би эхлээд баталгаажуулах үйл явцыг дуусгах ёстой. Үүнийг хийхийн тулд энэ бичлэгийг идэвхтэй байгаа 7 групптэйгээ хуваалцаарай. Үүнийг хийсний дараа бүх зүйлийг шалгахад 24 цаг зарцуулагдана. амжилт хүсье” гэж бичсэн нь хандалт авах зорилгоор хуурамч мэдээллээр идэвхжүүлж байгаа хэлбэр болохыг илтгэж байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst