Бага зэргийн зураас, гэмтлийн улмаас зарагдах боломжгүй 670 ширхэг оёдлын машин хандивлана гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 09 дүгээр сарын 28-нд “Target FANS” нэртэй пэйжид “Бага зэргийн зураас, гэмтлийн улмаас зарагдах боломжгүй, бүх машин хэвийн ажиллаж байгаа, 10-р сарын 10-наас өмнө "Дууссан" гэж бичсэн хүнд санамсаргүй байдлаар 670 ширхэг оёдлын машин хандивлахаа дуулгахад таатай байна” гэсэн пост оруулсан нь 09 дүгээр сарын 29-ны байдлаар 281 реакц, 1.6 мянган сэтгэгдэл, 1.2 мянган шэйр авсан байна. Мэдээллийг казах болон монгол нэртэй хэрэглэгчид групп, пэйжүүдэд түгээсэн нь мэдээлэл олон улсын хэмжээнд түгэж байгааг илтгэж байна.

#FactCheckedByMFCC

🔍 Хуурамч пэйж, хуурамч мэдээллийг шалгах аргаар дагаж хийгээд, идэвхжүүлдэггүй хэрэглэгч байгаарай.

Мэдээлэл оруулсан хаягийн нэр дээр нь дарж ороод пэйжийн мэдээлэлтэй танилцаж үзээрэй.
“Page transparency” /пэйжийн ил тод байдал/ буюу Мета компаниас баримталдаг дүрмийн дагуу тухайн хуудасны нээсэн огноо, нэрийг өөрчилсөн байдал, ямар байршлаас хэдэн хаяг удирддаг вэ зэрэг мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлдэг хэсэг бий.
Тухайн пэйж рүү орсон байхдаа доош нь гүйлгэж “Page transparency” гэсэн бичгийг олж дарж нягтлаарай.
“Target FANS” нэртэй пэйжийг Page transparency цэсээр нягталбал 2022 оны 09 дүгээр сарын 28-нд шинээр нээсэн, бэлэг тараах тухай мэдээллээс өөр пост оруулаагүй, 672 дагагчтай нь хуурамч пэйж байх магадлалтай анхдагч шалтгаан юм.

Зургаас содон тэмдэгтэй, лого бүхий, түгээмэд биш өнцгөөс авсныг нь сонгон Google Lens-ээр хайж үзэх нь зүйтэй. Шалгаж буй мэдээллийн гурав дахь зургийг Google Lens-ээр хайхад “Excel оёдлын машины төв” нэртэй “JUKI, YAMATA, SIRUBA, BROTHER, SINGER зэрэг оёдлын машины жижиглэн худалдаа, засвар үйлчилгээ” гэх тайлбартай сайтад 2022 оны 08 дугаар сарын 22-нд ашигласан зураг байна. Энд зураас, гэмтлийн улмаас зүгээр үнэгүй тараана гэх агуулга байхгүй байна.

Шалгаж буй мэдээллийн сэтгэгдэл хэсэгт “Сайхан сэтгэгдэл бичсэнд баярлалаа … Таны хөдөлгөөн бараг бэлэн боллоо! Би эхлээд баталгаажуулах үйл явцыг дуусгах ёстой. Үүнийг хийхийн тулд энэ бичлэгийг идэвхтэй байгаа 7 групптэйгээ хуваалцаарай. Үүнийг хийсний дараа бүх зүйлийг шалгахад 24 цаг зарцуулагдана. амжилт хүсье” гэж бичсэн нь хандалт авах зорилгоор хуурамч мэдээллээр идэвхжүүлж байгаа хэлбэр болохыг илтгэж байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst