Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц баригдвал Хар Ус нуур ширгэж, хятадууд манай газар нутгийг булаана гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц баригдвал Хар Ус нуур ширгэж, хятадууд манай газар нутгийг булаана гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын тухай болон Хятадад усан цахилгаан станцыг бүрэн хориглосон гэх баримтгүй мэдээллийг түгээжээ.

2022 оны 09 дүгээр сарын 18-нд Мөнх Амьдрал нэртэй хэрэглэгч Элхэн Нутаг нэртэй Facebook группт “Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станц манай орны газар нутаг, экологи болон эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ” гэх агуулгатай мэдээлэл оруулсан нь 09 дүгээр сарын 26-ны байдлаар 899 реакц, 571 мянган сэтгэгдэл авч, 2.2 мянга гаруй шэйр авсан байна.

Уг мэдээллийн гол агуулгыг товчилбол, “Тайширын УЦС анх баруун аймгуудаа бүрэн хангана гэж баригдсан. Одоо ганц Говь-Алтай аймгийн төвөө ч хангаж дийлэхгүй байна ” гээд “…Хятадын 100%-н хөрөнгө оруулалттай хятадууд бариад хятадууд ажиллуулаад цахилгаанаа бидэнд зарна төлбөрийг хятадууд өөрсдөө авна. Хятадаас авсан зээлээ төлж дуустал /30-н жил/ бид өндөр үнээр цахилгаан худалдаж авна. Дуртай үедээ тог цахилгаанаа таслах боломжтой. Хятадууд дургүйгээ хүрвэл энэ станц биднийх цаашилбал газар нутаг манайх болоод явна.
Ер нь УЦС-н технологи хоцрогдсон, ирээдүй муутай дэлхийн дулаарал хурцаар яригдаж байгаа энэ үед 2,3-н жил дараалан ган болоход л асуудал үүснэ станц зогсоно. Хятад улс УЦС-г байгальд сөрөг нөлөөтэй гээд дотооддоо барихыг бүрмөсөн хориглочихсоныг мэдэж байгаа биз дээ. Тайширын УЦС-ын нөлөөгөөр Завхан голын усны түвшин эрс багассан Эрээн нуур зэгс ургаж намагшсан Ажиг нуур бүр ширгэсэн ,элсний нүүдэл ихсэж цөлжилт хурдтай нэмэгдэж байна гэж нутгийн иргэд ярьж байна. У.Хүрэлсүх НҮБ-н индэр дээрээс улсаа төлөөлж тэрбум мод тарина гэж амласан. Эсрэгээрээ 1 тэрбум мод устгах гэж байгаагаа НҮБ-д болон МУ-н иргэдэд тайлбар өгөх ёстой. Ховд гол нь цэнгэг уст байгалийн диваажин болсон Хар-Ус нуурын гол тэжээгч амин судас. Үүнийг тасалвал Хар-Ус нуур газрын зурагнаас арчигдана. Хар-Ус нуурын ай сав газар нь олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар ялангуяа олон төрлийн усны шувууд олноор амьдардаг газар хэмээн Рамсарын конвенцод бүртгэгдэж тусгай хамгаалалтад орсон бүс нутаг” гэсэн байна.

🔍 Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

1. Хэрэглэгчийн хаягт шинжилгээ хийлээ

“Мөнх Амьдрал” нэртэй хэрэглэгчийн хаягийг шалгахад 2020 оны 03 дугаар сард үүсгэсэн бөгөөд ямар нэгэн хувийн мэдээлэл, хэрэглэгчийн өөрийн зураг байхгүй. “Элхэн нутаг” нэртэй группт 2020 оны 05 дугаар сараас хойш идэвхтэй нийтлэл хуваалцаж оруулсаар иржээ.

2. Тайширын цахилгаан станц Баруун бүсийн эрчим хүчээр хангана гэж баригдсан ч одоо чадахгүй байна гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

2022 оны 09 дүгээр сарын 26-нд Тайшир-Гуулин УЦС ХХК-тай холбогдон уг мэдээллийн талаар лавлахад: “Тайшир усан цахилгаан станцыг 2004-2008 оны хооронд барьж байгуулсан. 2004 оны байдлаар баруун бүсийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 40 сая киловатт/цаг байсан. Тайширын УЦС 11 сая ватт суурилагдсан чадалтай жилдээ 35 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой баригдсан. Өнөөдрийн байдлаар Тайширын УЦС жилд 32 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж байна. Энэ нь баруун бүсийн эрчим хүчний системийн баригдаж байх үеийн хэрэглээг бүрэн хангах үзүүлэлт гэдэг нь харагдаж байна. 2021 оны байдлаар баруун бүсийн эрчим хүчний системийн хэрэглээ 216 сая кВт/цаг болж жил бүр тасралтгүй өсөн нэмэгдэж байна” гэсэн юм.

3. Хятадууд барьж, хятад ажилчид ажиллаж, бид өндөр үнээр худалдаж аваад төлбөрийг нь Хятадууд авна гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төслийн 7755-1516 утсаар холбогдон эрчим хүчний үнэ, тарифын талаар лавлахад:
“2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулан санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн. Эрчим хүчийг борлуулсны дүнд үүсэх орлого зээлийн төлөлтөд шилжинэ. Гэрээнд заасан зээлийн төлбөр дууссан тохиолдолд эрчим хүчний үнийг буулгах боломжтой. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүч Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон энгийн тарифаар иргэдэд хүрнэ, ямар нэгэн нэмэлт төлбөр, өндөр үнэ бид дур мэдэн тогтоох боломжгүй” болохыг мэдээлсэн.
Мөн 2022 оны 09 дүгээр сарын 27-нд төслийн ерөнхий мэдээллийг бидэнд албан мэйлээр ирүүлсэн бөгөөд үүнд:
“Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хооронд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Power Construction Corporation of China Ltd” болон ”POWERCHINA Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр ЭХА-14/2021 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч компани нь “Усан цахилгаан станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх, уг ажилтай холбогдох аливаа гологдлыг засаж арилгах” ажлыг 271 сая ам.долларын өртгөөр гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд цаашид усан цахилгаан станцын ашиглалт, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлт, борлуулалтыг 100 хувь Монгол Улс хариуцан ажиллах юм.
Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан Техник эдийн засгийн үндэслэлд хөрөнгө оруулалтаа 19.6 жилийн хугацаанд нөхөхөөр туссан бөгөөд станцын ашиглалтын хугацаа 100 жил байх тул үлдэх 80 жилийн хугацаанд ашиглалтын бага зардлаар дахин 4 станц барих хэмжээний хөрөнгийг улсын төсөвт бүрдүүлэн ашигтай ажиллах юм.
Монгол улс хөнгөлөлттэй зээл авч төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Хятад улсын хөрөнгө оруулалт биш” болохыг онцолсон байна.

4. Усан цахилгаан станцын технологи ирээдүй муутай, БНХАУ-д усан цахилгаан станцыг бүрмөсөн хориглосон гэх мэдээлэл #ХУДАЛ

Олон улсын Усны эрчим хүчний холбооны 2021 оны тайлангаар:
“Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 16 хувийг усан цахилгаан станц хангаж байгаа бөгөөд 2021 оны усны эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 1,360 тэрбум ватт, усны эрчим хүчний жилийн нийт үйлдвэрлэл 4,250 триллион Вт/цаг байжээ.
2020 онд 21 тэрбум ватт, 2021 онд 26 тэрбум ваттын суурилагдсан хүчин чадлаар нэмэгдсэн ба одоогоор дэлхийд барилгын шатандаа явж байгаа усан цахилгаан станцуудын нийт суурилах хүчин чадал 132 тэрбум ватт, төсөл боловсруулах шатандаа яваа усан цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал 430 тэрбум ватт аж. Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтаар БНХАУ тэргүүлж, нийт 21 тэрбум ваттын хүчин чадал бүхий усан станцуудыг ашиглалтад оруулсан байна. Дурдвал, Байхетаний усан цахилгаан станц одоогоор 8 тэрбум ваттын генераторыг ашиглалтад оруулж нэмэлтээр 8 тэрбум ваттын нийт 6 турбин генератор баригдаж байгаа бөгөөд Вудондегийн 3.4 тэрбум ватт, Лиангхекоу 2.5 тэрбум ватт, Янфангоу 1.5 тэрбум ваттын тус, тус суурилагдсан хүчин чадалтай томоохон усан цахилгаан станцуудыг бүтээн байгуулж дуусжээ.
Мөн тайланд, усан цахилгаан станц нь бусад төрлийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нийлүүлснээс ч их эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Жил бүр дэлхийд дунджаар 22 тэрбум ватт хүчин чадал бүхий усан станцууд ашиглалтад орж байна, 2050 он гэхэд энэ үзүүлэлтийг 458 тэрбум ваттад хүргэх зорилготой” болохыг мэдээлсэн байна. БНХАУ-д усан цахилгаан станц барихыг бүрэн хориглосон гэх мэдээлэл худал бөгөөд БНХАУ-ын Эрчим хүчний зохицуулах төвийн 2019 оны шийдвэрийг Reuters агентлаг 2019 оны 11 дүгээр сарын 13-нд вебсайтдаа байршуулжээ. БНХАУ-ын Эрчим хүчний зохицуулах төвийн шийдвэрт:
“Зарим бүс нутаг эрчим хүчний илүүдэлтэй байгаа учир төслийн шатандаа байгаа, шинээр барихаар төлөвлөж буй жижиг усан цахилгаан станцуудыг барихыг хориглох; Хөрөнгө оруулалтыг нь шийдсэн усан цахилгаан станцын төслүүдийг эрчим хүч хомс бүс нутгуудад шилжүүлэх;
Янцэ мөрөнд л гэхэд 24,100 жижиг усан станц үйл ажиллагаа явуулж байсан тул цаашид жижиг буюу 50 сая ваттаас бага суурилах хүчин чадалтай усан станц барихыг хориглох” зэрэг заалтуудыг тусгажээ. Онцгой нөхцөлд, бага оврын усан цахилгаан станцуудын төслийг хориглосон нь БНХАУ усан цахилгаан станцын эсрэг бодлого баримталж байгаа гэсэн үг биш бөгөөд жил бүр усан цахилгаан станцуудын тоог нэмж буйг Олон улсын усны эрчим хүчний холбооны жилийн тайлан харуулж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 90 сая ватт суурилагдсан хүчин чадалтай баригдах тул дээрх хориглосон шийдвэрт хамаарахгүй.

5. Тайширын усан цахилгаан станцын нөлөөтэй цөлжилтөөс шалтгаалан Завхан голын усны түвшин багасаж, Ажиг нуур ширгэсэн гэх мэдээлэл #ХУДАЛ

Бид мэдээллийг тодруулахаар 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Тайшир Гуулин” Усан цахилгаан станцын дарга Д.Амартүвшинтэй холбогдоход тэрээр дараах мэдээллийг өгсөн юм.
“Эрээн нуур болон Ажиг нуур ширгэсэн, Завхан голын урсац буурсан зэрэг мэдээллийг Тайширын усан цахилгаан станц баригдсантай холбоотой гэж хүмүүс их цуурч байна. Нэг талаараа удахгүй эхлэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлтэй холбоотой харлуулах оролдлого байх магадлалтай. Судалж үзэхэд Ажиг нуур 1999 оноос 2002 оны хооронд, Эрээн нуур ч мөн тэр үед буюу 1999 онд ширгэж, нутгийн иргэд хандив, мөнгө цуглуулж нууруудыг сэргээхээр далан бариулж байсан юм билээ. Гэсэн ч бариулсан далан нь 2001 онд задарснаар үндсэндээ ширгэж алга болсон. Он цаг, тооллын хувьд Тайшир Гуулингийн цахилгаан станцын барилгын ажил 2004 оноос эхэлж, Завхан голын байгалийн урсацыг өөрчилсөн нь 2008 онд өрнөсөн үйл явдал учир тэр үеэс 10 жилийн өмнөх байгалийн үзэгдлүүдийг усан цахилгаан станцын нөлөө гэж хэлэх нь зохимжгүй. Бид Завхан голын урсгал дагуу байрласан нийт 8-10 усны харуул болон Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрынхантай сар тутам холбоо тогтоож, голын урсацыг тогтмол хянадаг. Энэ жил баруун аймгуудаар ган, хуурайшил ихтэй зун болж өнгөрсөн ч Завхан голын урсац усан хуримтлалын нөлөөгөөр тогтмол урсаж, ойр хавийн экосистем ямар нэг доройтолгүй зуншлаа. Тайширын Усан цахилгаан станцын хиймэл усан сан болох Гэгээн нуурын хойд хэсгээр өвөлдөө 107-200 шоо метр мөс үүсдэг. Энэ оны хавар дулаарахтай зэрэгцэн мөс хайлж, Ажиг нуур сэргэсэн. Нутгийн иргэд ч энэ талаар маш сайн мэдээлэлтэй байгаа. Тайширын усан цахилгаан станц ч баригдах үедээ нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Гэвч одоо ямар нэгэн үл ойлголцол асуудал байдаггүй” гэсэн юм. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Мөнгөнчимэгтэй 09 дүгээр сарын 28-ны өдөр утсаар ярилцахад “Говь-Алтай нутагт ган, хуурайшил жил бүр л янз бүрийн нөхцөл байдалтай өнгөрдөг. Тайшир сумын хувьд ч зарим жил үржил шимтэй, заримдаа гандуу зуншдаг. Тэр болгоныг Гэгээн нуур, усан цахилгаан станцын нөлөө гэж үзэхэд хүндрэлтэй учир одоогоор шууд хэлэх нарийн мэдээлэл байхгүй. Усан цахилгаан станцын нөлөөнөөс болж цөлжилт үүсдэг гээд байгаа хүмүүст ч яг нарийн тогтоочихсон баримт байхгүй” болохыг хэлээд бидэнтэй Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хийлгэсэн “Говь-алтай аймгийн цөлжилтийн төлөв байдал ба менежмент 2019” судалгааны тайланг хуваалцсан болно. Тайланд:
“Говь-Алтай аймгийн Тайшир сум нь уур амьсгалын хувьд гандуу хуурай зунтай, хахирдуу өвөлтэй бүс нутагт хамрагдах бөгөөд жилийн нийлбэр хур тунадас 50-100 мм-ийн хооронд хэлбэлзэх бүс нутагт хамрагдана. Климатограммаас харахад Тайшир сумын нутаг дэвсгэр байнгын гандуу төлөвтэй бөгөөд зөвхөн өндөр уулаар чийгшлийн горим хангалттай гэж үнэлэгдэнэ. Цөлжилт, газрын доройтлын үнэлгээгээр цөлжилтийн түвшин харьцангуй бага сумдын тоонд багтдаг. Цөлжилт, газрын доройтолтой шууд холбоотой уур амьсгалын үйл явц бол гангийн үзэгдэл. 1990 оноос хойш бодуулсан хур тунадасны стандартчилсан индексээр тооцож үзэхэд 1990-ээд онуудад энэ нутагт 10 жилд нэг ган болдог байсан байна. Харин уур амьсгалын ерөнхий төлөвт гарсан өөрчлөлтийн улмаас 2000 оны эхээс авхуулаад 2 жилд нэг ган тохиолдох болсон.
Уур амьсгалын үндсэн үзүүлэлтүүдэд гарсан өөрчлөлтийг багцлан дүгнэвэл дэлхийн дулаарлын үр нөлөө энэ бүс нутагт мөн тодорхой ажиглагдаж байна. Монголын бүх бүс нутагт илэрч байгаа дулаарах үйл явц энд аажим хурдтай байгаа бол үүнтэй зэрэгцээ хуурайших үйл явц эрчимжих дүр зураг харагдана. 1996-2016 онд 21 жил бага устай үе үргэлжилж байна. 2015 онд манай орны нутаг дэвсгэрт 22.6 км3 урсац бүрдсэн нь гол мөрний олон жилийн дундаж урсацаас 34.6 хувь 12.0 км3-ээр бага устай байв. Харин 2016 онд 36.2 км3 урсац бүрдсэн нь гол мөрний олон жилийн дундаж урсацаас 4.6 хувиар их буюу 1.6 км3-ээр ахиу устай байв.
Үндсэн гурван харуул дээр хэмжигдсэн усны өнгөрөлтийн мэдээллээс үзэхэд Завхан голын хувьд 1991 оноос, Зүйлийн гол 2000 оноос, Шарга харуулын хувьд 1994 оноос усны өнгөрөлтийн хэм хэмжээнд эрс өөрчлөлт гарсан байна. Сүүлийн жилүүдийн ажиглалтаар Гуулин, Тонхил, Шарга харуулын хувьд усны өнгөрөлт жил бүр буурч байгаа” болохыг онцолжээ.
2019 онд Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэнгээс захиалж хийлгүүлсэн “Говь-Алтай аймгийн бэлчээрийн эмзэг байдлын үнэлгээ ба нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө” тайланд “Тайшир сумын төв дэх цаг уурын хэмжилтээр 1999, 2001-2002, 2007-2009, 2017 онуудад гангийн индекс 3 дээш буюу гантай байсан ба IDW интерполяцын үр дүнгээс нийт газар нутгийн хамарсан хүрээгээр 1999, 2001-2002, 2007-2009, 2017 онуудад хамгийн их буюу 89-100% нь ганд өртсөн, 2004, 2014 онуудад хамгийн бага буюу 5-36% нь гантай байна” гэснээс үзэхэд Тайшир сумын цөлжих үзэгдэл Тайшир Гуулин усан цахилгаан станцын төслөөс өмнө эхэлсэн гэж үзэхүйц байна.

6. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдвал 1 тэрбум мод устаж, Хар Ус нуур бүрмөсөн ширгэнэ гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 09 дүгээр сарын 23-нд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн багаас бидэнд ирүүлсэн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд “Шижигтийн хавцлын өмнөд ба хойд хэсгийн Ховд голын дагуух бургас зонхилсон шугуйн одоогийн төлөв байдлыг тооцож үзэхэд нийтдээ 884 га талбайтай, бургас (80%), улиасан (20%) ой байна” гэсэн байна
Нэг тэрбум мод тарих санаачилгыг 2021 онд Вьетнам улс хэрэгжүүлж эхэлснийг 2021 оны 05 дугаар сарын 21-нд Вьетнамын Mongabay Агентлаг вебсайтдаа мэдээлсэн байна. Нэг тэрбум мод тарих төслийн бэлтгэл үед хийсэн тооцоололдоо шигүү тарьсан нэг тэрбум модыг ургуулахад 500,000 га газар шаардлагатай гэсэн байна. Иймд шалгаж буй баримтад дурдсан шиг усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талбайд хамрах Ховд голын ай сав, хөндийн 884 га газарт нэг тэрбум мод байх үндэслэлгүй юм.
Баримт шалгалтад дурдсан Рамсарын конвенц нь ус, намгархаг газрыг ухаалаг ашиглах 1975 оны конвенц бөгөөд Монгол улс 1978 онд нэгдсэн орсноор 11 гол, нуурыг хамгаалах заалтад оруулжээ. Эдгээрт:
1. Монгол дагуур
2. Тэрхийн цагаан нуур
3. Нууруудын хөндий
4. Өгий нуур
5. Хар Ус нуур
6. Айраг нуур
7. Ачит нуур, хүрээлсэн намгархаг газар
8. Буйр нуур, хүрээлсэн намгархаг газар
9. Ганга нуур, хүрээлсэн намгархаг газар
10. Увс нуур, хүрээлсэн намгархаг газар
11. Хурх, Хүйтэн голын хөндийн нуурууд ордог.
Бид 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн нэгжтэй албан мэйлээр холбогдон бүтээн байгуулалт Хар Ус нуурын экосистем, тогтцод хэрхэн нөлөөлөх талаар лавлахад:
“Усан цахилгаан станц барьж байгуулна гэдэг нь эхлээд боомт барьж усан сан үүсгэж усны нөөц бүрдүүлэх юм. Хуримтлуулсан ус маань түрэлтийн хоолойгоор дамжин даралт үүсгэн гидротурбиныг эргүүлэн потенциал энергийг кинетик энергид хувиргах замаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд турбин руу орсон ус яг тэр хэмжээгээрээ буцаад Ховд гол руугаа нийлнэ. Үндсэндээ 3-4 км-ын орон зайд усыг салбарлуулаад буцаан үндсэн голдиролдоо цутгаж байгаа хэрэг юм. Иймд Ховд голын урсац нь ус хуримтлуулах богино хугацаанд бага зэрэг багасах боловч цааш ашиглалтын явцад тухайн голын урсцад нөлөө үзүүлэхгүй гэсэн үг юм. Тиймээс төслийн талбараас 112 км-т байрлах Хар-Ус нуурын эко системд сөргөөр нөлөөлөхгүй. Жишээ нь: Тайширын УЦС барих үед урсгал нь тасардаг байсан Эрээн нуур нь одоо Гэгээн нуур байгуулан урсац тогтмолжсоноор Эрээн нуурын хажуугаар нь явдаг байсан авто зам усанд орсон байна.
УЦС-ын шинэ далан барьж тэнд тодорхой хэмжээний ус хуримтлуулж хиймэл нуур бий болгох нь байгаль орчин талаасаа маш чухал ач холбогдолтой. Тэр хэсэгт шинэ усан гадаргуу, хиймэл нуур цөөрөм, шинэ экосистем, шинэ орчин үүснэ. Цаашлаад тухайн хэсэгт шинэ биологийн зүйлүүд нутагшиж, хуурайшилт буурч, экосистемийн хувьд эерэг олон өөрчлөлт гарч эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл манайх шиг хуурай, гандуу бүс нутагт шинэ усан орчин бий болох нь маш чухал ач холбогдолтой юм. Ховд голын урсцад 1965–2015 он хүртэл 50 жилийн хугацаанд хийгдсэн дундаж урсцын судалгаанд тулгуурлан ЦЭХ үйлдвэрлэлтийн хэмжээг тооцоолж гаргасан” гэх хариултыг өглөө.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document