Бага зэргийн зураас, гэмтлийн улмаас зарагдах боломжгүй 670 дугуйг бэлэглэнэ гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Зарагдах боломжгүй болсон ч хэвийн ажиллаж байгаа 670 дугуйг сайтад бүртгүүлсэн хүмүүст бэлэглэнэ гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй постод байх линкээр ороход танаас имэйл хаяг, утасны дугаараа бүртгүүлэхийг сануулна. Энд мэдээллээ үлдээснээр таны хувийн хаягууд руу нэвтрэх, мөн таны өмнөөс бусдыг залилах зэрэгт ашиглаж болзошгүй. Тиймээс хуурамч мэдээлэлд итгэж, хувийн мэдээллээ алдагдахаас болгоомжлоорой.

2022 оны 09 дүгээр сарын 20-нд 12:06 цагт E-Bike нэртэй фэйсбүүк пэйжид “Сайн мэдээ: Бага зэргийн зураас, гэмтлийн улмаас зарагдах боломжгүй, бүх дугуй нь хэвийн ажиллаж байгаа 670 дугуйг “Бэлэн” гэж бичсэн хүн болгон руу санамсаргүй байдлаар илгээх болсныг дуулгахад таатай байна. Сүүлийн алхам дараах линк дээр дарж орсноор манай арга хэмжээний албан ёсны ялагчаар таны нэр бүртгэгдэх болно” гэх агуулга бүхий линк хавсаргасан пост оруулжээ. Уг постын доор сэтгэгдэл бичсэн хүмүүст “Сайн байна уу Нуртас. Энэ бэлгийг авах гол нөхцөл бол та энэ нийтлэлийг өөрийн Facebook-ийн 8 бүлэгт хуваалцах ёстой бөгөөд үүнийг хийсний дараа бидний илгээсэн линк дээр дарж орно уу. Хэдхэн цагийн дараа таныг уралдааны оролцогчоор баталгаажуулах болно. Баярлалаа” гэж хариулсан байна. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 16:00 цагийн байдлаар 553 реакц, 4.0 мянган сэтгэгдэл авч, 2.2 мянган удаа хуваалцсан үзүүлэлттэй байна.

Мета компанийн автоматжуулалтаар шалгасан мэдээллийн дүгнэлтийн талаар шэйрлэсэн хүн бүрд мэдэгдэл хүргэж, дахин шэйрлэх бол хуурамч мэдээлэл болохыг сануулдаг тул та бүхэн False information гэсэн бичигтэй сануулга гарч ирвэл хараат бус баримт шалгах төвийн нягталж, хуурамч болохыг тогтоосон мэдээлэл байна гэж ойлгоорой. Хэдийгээр хуурамч мэдээлэл гэж мэдсэн ч та энэ мэдээллийг шэйрлэж болно. Энэ нь Метагийн зүгээс иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боогдуулахгүй байх бодлогын нэг хэсэг юм.

1. Хаягийг нягтлах

Мэдээлэл оруулсан хаягийн нэр дээр нь дарж ороод пэйжийн мэдээлэлтэй танилцаж үзээрэй. “Page transparency” /пэйжийн ил тод байдал/ буюу Мета компаниас баримталдаг дүрмийн дагуу тухайн хуудасыг нээсэн огноо, нэрийг өөрчилсөн байдал, ямар байршлаас хэдэн хаяг удирддаг вэ зэрэг мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлдэг хэсэг бий. E-bike нэртэй пэйжийг Page transparency цэсээр нягталбал 2022 оны 09 дүгээр сарын 20-нд шинээр нээсэн, бэлэг тараах тухай мэдээллээс өөр пост оруулаагүй, 497 дагагчтай болсон харагдаж байгаа нь хуурамч пэйж байх магадлалын анхдагч шалтгаан юм.

2. Зургаар хайх

Зургаар хайхдаа компьютрээс орж байгаа бол шалгаж буй постын эхний зураг дээр маусын баруун товчлуурыг дарж, гарч ирсэн цэсүүдээс Search image with Google Lens гэсэн бичигтэйг нь сонгож дарна. Дэлгэцийн баруун талд тухайн зургийг ашигласан тохиолдлууд гарч ирэх болно. Гар утсаар орж байгаа бол зургийг SS /скрийн шот/ хийж аваад, Google lens апп руу оруулж харж болно. Google lens аппликейшнийг андройд үйлдлийн системтэй утсанд Play store-оос, iphone-д Apple store-оос “Google lens” гэж бичээд татаж авах боломжтой. Зургийг сонгохдоо түгээмэл байх зургийг биш, харин содон өнцгөөс авсан, аливаа нэг байгууллагын лого таних тэмдэг нэр харагдсан зэрэг шинж тэмдэгтэйг нь онцолж байх нь зүйтэй. Шалгаж буй мэдээллийн хувьд дөрөв дэх зураг буюу дэлгүүрт эгнүүлэн тавьсан, ардаа бичиг харагдаж буй зургийг сонгон Google Lens платформд хайж үзэхэд Нидерландын VMN Media-аас эрхлэн гаргадаг Bike Europe сайтад оруулсан “Их Британийн зах зээл Brexit-ийн дараах өсөлтөд бэлэн байна уу?” гарчигтай мэдээлэлд ашигласан зураг байна. Уг мэдээлэлд сүүлийн үед Их Британийн дугуйн зах зээл дэх импорт түүхэн доод түвшинд хүргэв” гэх агуулгатай байна. Харин энд ямар нэг зураас, гэмтэлтэй учраас зарагдах боломжгүй болсон дугуйг үнэгүй тарааж байгаа тухай агуулга байхгүй байна. Бусад зургийг хайхад хуурамч хаяг гэж харагдахаар олон тооны фэйсбүүк хуудсанд шалгаж буй посттой ижил утгаар оруулсан байна.

3. Хувийн мэдээллээ өгөхөөс татгалзаарай

Шалгаж буй постод байх линкээр ороход танаас имэйл хаяг, утасны дугаараа бүртгүүлэхийг сануулна. Энд мэдээллээ үлдээснээр таны хувийн хаягууд руу нэвтрэх, мөн таны өмнөөс бусдыг залилах зэрэгт ашиглаж болзошгүй. Тиймээс хуурамч мэдээлэлд итгэж, хувийн мэдээллээ алдагдахаас болгоомжлоорой. Шалгаж буй мэдээлэл бүхий постонд хавсаргасан линкээр ороход “ДУГУЙН ДЭЛХИЙН АЛБАН ЁСНЫ Вэб сайтад тавтай морилно уу. Манай компанийн зүгээс танд 1 дугуй хожих боломжийг албан ёсоор олгож байна. Шагналаа авах сүүлчийн болзол: Бүртгүүлэх товчин дээр дарж нэрээ баталгаажуулснаар та манай арга хэмжээний албан ёсны ялагчаар тодрох болно” гэсэн мэдээлэл гарч ирж байна. Энэ тайлбар хэсэгт анивчиж харагдах Register now гэсэн бичгийг дарж орвол таны хувийн мэдээллийг программын аргаар авч болзошгүй хамгаалалтгүй сайтад нэвтрэх шаардлагатай болно. Та ийм сайтад мэдээллээ бүртгүүлсэн л бол нууц үг, нэрээ сольсон ч олон нийтэд ил харагдах агуулгаас үл хамааран таныг хэрэглэгчээр бүртгэсэн кодоор дамжуулж, хувийн хаяг, банкны мэдээлэл рүү чинь нэвтэрч болзошгүй нөхцөл үүсэх юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document