Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын усан доор орох гэж байгаа газар гэх зураг #ЭВЛҮҮЛЭГ

2022 оны 09 дүгээр сарын 16-нд Баасанжавын Отгон нэртэй 223 мянган дагагчтай пэйжид “Усан дор удахгүй орох учраас амжиж зургийг нь хадгалж авлаа” гэх гарчигтай мэдээлэл оруулсан нь 09 дүгээр сарын 23-ны байдлаар 7.6 мянган реакц, 2.3 мянган сэтгэгдэл авч, 5.8 мянга гаруй шэйр авсан байна.
Уг мэдээллийн гол агуулгыг товчилбол, “Энэ бол Хятадын зээлээр барих Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын усан доор орох гэж байгаа газар” гээд “...Ховд голын энэ хөндийд Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ус хуримтлуулах санг барьснаар Өмнөговь сумын Улиаст багийн төв, бага сургууль, 300-аад малчны өвөлжөө хаваржаа, ой мод, ургамал, амьтан тэр чигтээ усан доор орох гэнэ. 28.000 га газрыг Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын тусгай хэрэгцээнд улс авсан. Үүний 9000 гаруй га нь усан дор орно. Тэр нь нилдээ голын сав дагуу ургасан ой ажээ…” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Шалгаж буй мэдээлэлд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын бүс нутагт оршин суугаа өрхийн тоог зөвхөн Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багт 300-аад өрх байгаа мэтээр ташаа мэдээлсэн байна.
2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Усан цахилгаан станцын инженер, доктор Ц.Сосорбарамын ярилцлагыг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн албан ёсны вебсайтад байршуулжээ. Уг ярилцлагад:
“Өмнөговь сумын хэмжээнд нийт 1,142 өрхтэй. Үүнээс Улиаст багийн 125 орчим өрхийг нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаад байгаа. Тэгэхээр сум тэр аяараа усанд автах гэж байгаа мэтээр худал мэдээлэл тарааж, иргэдийг төртэй нь талцуулаад байгааг гайхаж байна. Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт иргэн, ААН-ийн өмчлөлийн эрхтэй нэг ч газар байхгүй. Усны тухай хуульд зааснаар голоос 50 метр дотор Онцгой хамгаалалтын бүс, 200 метр дотор Энгийн хамгаалалтын бүсэд тооцож айл өрх амьдрахыг зөвшөөрдөггүй. Эдгээр нүүлгэн шилжүүлэх 125 айл өрхийн ихэнх нь хамгаалалтын бүс дотор амьдарч байгаа” болохыг дурдсан байна.
Монгол улсын Усны тухай хуулийн 03 дугаар бүлгийн 22-р зүйлд:
22.2.Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.
22.2.1.Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.
22.3.Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно хэмээн тус, тус заасан байна.
Бид дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн багтай 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр албан и-мэйлээр холбогдож тодруулга авсан болно.
Тодруулгад:
“Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг хэрэгжүүлэхээр тусгай хэрэгцээнд авсан газрын хэмжээ 28000 га. УЦС-ын усан сангийн 9871.1 га усанд автах талбайн хувьд Өмнөговь сумын Улиаст болон Баяннуур сумын 270 айл өрх нөлөөлөлд өртөхөөр тооцоо гарсан.
Өвөлжөө хаваржаа
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн Тусгай хэрэгцээний талбай 28000 га талбайд Өмнөговь сумын нутагт 125 өвөлжөө, Мянгад сумын нутагт 8 өвөлжөө, Эрдэнэбүрэн сумын нутагт 3 өвөлжөө, Баянуур сумын нутагт 150 өвөлжөө хаваржаа байрлаж байна.
Ургамал
Шижигтийн хавцал, Ховд голын сав дагуу нийт 19 овогт хамаарах 48 төрөл, 61 зүйл ургамал байх бөгөөд усан сан үүссэнээр ургамалын төрөл зүйлд нөлөө үзүүлэхгүй, зөвхөн усан сан үүсэх талбайн хэсэг усан дор орно.
Ой
Шижигтийн хавцалын өмнөд ба хойд хэсгийн Ховд голын дагуух бургас зонхилсон шугуйн одоогийн төлөв байдлыг тооцож үзэхэд нийтдээ 884 га талбайтай, бургас (80%), улиасан (20%) ой байна. Хавцалын өмнөд хэсгийн Ховд гол дагуух баруун зүүн эрэгт бургас, улиасан ойн улиас нь 5-7 м дундаж өндөртэй, 20-45 см дундаж диаметртэй байна.
Шинээр үүсэх усан сангийн нөлөөлөлд Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн төв болон Баянуур, Өмнөговь сумын нийт 270 айл өрх өртөж байна. Улиаст багийн хувьд багийн төвийг шинээр барьж байгуулахаар төлөвлөн хөрөнгийг Улсын төсөвт суулган зураг төслийн ажлыг хийлгэж байна. Баяннуур сумын хувьд Цэцэгт багийн төвд шинэ суурьшлын бүс үүсгэн нөлөөлөлд өртөж буй айл өрхүүдийг суурьшуулахаар төлөвлөлт гарган зураг төслийн ажлыг хийлгэж байна” хэмээн мэдээллээ.
Шалгаж буй мэдээлэлд усан доор орж буй талбай дийлэнх нь ой мод гэсэн ч усан сан үүсэх 9800 га газрын 9% буюу 884 га нь ой мод байна.

01 дүгээр сарын 11-нд Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын албан ёсны вебсайтад нийтэлсэн Усан цахилгаан станцын инженер, доктор Ц.Сосорбарамын ярилцлагад:
“Усан цахилгаан станц баригдаад Увс аймгийн Өмнөговь сумын газар нутаг усан доор орчих юм яриад байгаа. Гэтэл Өмнөговь сум 314,600 га нутаг дэвсгэртэй. Түүний 1.11 хувь нь л Усан цахилгаан станц баригдах талбайд хамрагдах байгаа. Үлдсэн 99 орчим хувь нь хэвийн хэмжээндээ байна. Шижигтийн хавцалд усан хуримтлал үүсгэж Улсын тусгай хэрэгцээнд авсан 28,000 га газрын 9.7 мянга орчим га газарт нь хиймэл нуур үүсгэнэ. Мэдээж хэрэг нийгмийн нөлөөлөл үүсч тодорхой тооны айлуудад хүндрэл үүсэх учир Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговор болон дүйцүүлэн хамгаалах ажилд 11 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хууль журмын дагуу он, оноор арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ” хэмээн дурджээ.
2022 оны 09-дүгээр сарын 23-нд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн баг бидэнд ирүүлсэн мэдээлэлдээ “Шинээр үүсэх усан сан /нуур/ нь өргөнөөрөө 4-7 км, урт нь 24 км хамгийн гүндээ 40 орчим м гүнтэй 1,14 тэрбум шо метр цэвэр усны нөөцийг бүрдүүлэх юм. Хамрах талбай нь Увс аймгийн Өмнгөговь сумын Улиаст багийн 4,576 га, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн 3,508 га, Шар Цэхээ багийн 1,112.9 га, Баяннуур багийн 561.4 га, Шижигтийн хавцалд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 36.2 га, Мянгад сумын 76.6 га газар хамрагдаж байгаа” болохыг онцолсон байна.

Хэрэглэгчийн постод хавсаргасан зургуудыг зураг шинжлэх Fotoforensics tool ашиглан шалгаж үзэхэд эхний зурагт дүрс давтах, зургуудыг хэсэгчлэн эвлүүлэх зэрэг байдлаар засвар оруулсан байна.
Шалгаж буй постод ашигласан зурагт нийлүүлэн эвлүүлсэн эх зургийг авсан зурагчин Г.Буяндалайтай холбогдож тодруулахад “Зурагт буй тэмээн тойрог, бэлчиж буй сүрэг зэрэг нь миний Увс аймгийн Тэс суманд авсан зургаас хэсэгчлэн авсан байсан. Миний бүтээлийг дур мэдэн ашигласанд эсэргүүцэж холбогдсон боловч эвлүүлэг гэж хүлээн зөвшөөрөөгүй” болохыг мэдээлсэн. Эвлүүлгэд ашигласан зургийг зурагчин Г.Буяндалай өөрийн фэйсбүүк хаягтаа анх 2019 оны 08 дугаар сарын 21-нд нийтэлж байжээ.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst