Хүний оюун ухаан зөвхөн эхийн генээр дамжин удамшдаг гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

2022 оны 07 дугаар сарын 29-нд “Бадамлянхуа Йога төв” фэйсбүүк хуудас “Генетикийн шинжлэх ухааны зарим онолоос” гарчигтай пост оруулсан. Уг постондоо “хүний оюун ухаан хүүхдэд зөвхөн эхийн генээр дамжин удамшдаг”, харин “эцгийн оюун ухаан зөвхөн охинд удамших буюу 50 хувиас дээш удамшихгүй” гэсэн агуулгатай дүгнэлтүүдийг оруулан ханиа зөв сонгох нь чухал гэж онцолжээ.
Тус пост нь 09 дугаар сарын 23-ны байдлаар 613 реакц, 54 коммент авч, 1,100 гаруй удаа цааш түгээгдсэн байна. Мөн ижил агуулгатай постууд Анжел эмнэлэг, Сургаал ном гэх хуудсуудад тархан өндөр хандалт авсан байна.
Пост дахь дүгнэлтүүдийн эх сурвалжийг хайж үзэхэд хэд хэдэн мэдээллийн вэб сайтад дүйцэхүйц агуулгатай мэдээлэл гарсан байна.
Тодруулбал, тус мэдээлэл гарсан Psychology Spot блогийн 2016 оны нийтлэлд хүүхдүүд генээр дамжуулан ааваасаа биш ээжээсээ оюун ухаанаа авдаг гэжээ. Тус нийтлэлийг үндэслэн The Independent 2019 оны 12 дугаар сарын 23-нд мэдээ гаргасан ба Harper’s Bazaar, Cosmopolitan, CBS зэрэг хэвлэлүүд The Independent-ийн мэдээнд суурилан мэдээлэл бэлтгэн түгээсэн байна.
Харин Forbes сэтгүүлийн шинжлэх ухааны сэтгүүлч Др. Эмили Виллингхам (Emily Willingham) тус нийтлэлийн үндэслэлийг үгүйсгэн “оюун ухаантай холбогдсон генүүдийг зөвхөн эхээсээ авдаггүй” гэжээ.
Оюун ухаан зөвхөн эхээс удамшдаг тухай ташаа мэдээлэл олон жилийн турш интернетэд тархаж байгаа бөгөөд 2016 онд Snopes, 2019 онд Africa Check зэрэг Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн, Метагийн хөндлөнгийн баримт шалгах түнш байгууллагууд тус мэдээллийг шалгаж төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг нь тогтоосон.

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Юуны өмнө шалгаж буй мэдээллийн эх сурвалж болсон The Independent-ийн нийтлэл дэх дүгнэлтүүдийг дараах байдлаар задалж үзье.
“The Independent”-ийн нийтлэлд:
Генийн өөрчлөлттэй буюу хоёр эмэгтэй гентэй, хоёр эрэгтэй гентэй хулгануудад харьцуулсан ажиглалт явуулахад эмэгтэй гентэй хулганууд нь том тархи, жижиг биетэй байсан бол эрэгтэй гентэй нь том бие, жижиг тархитай байсан гэж дурджээ. Мөн оюун ухаантай холбогдсон эхийн генүүд хүүхдүүдэд удамшиж, эцгийнх идэвхигүй болдог тухай дурдсан байна. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүүхэд төрөхдөө эхээс X хромосом эцгээс Y хромосом авдаг нь эцгээс оюун ухаан өвлөхгүй буюу ген нь идэвхгүй болдог гэх дүгнэлтэд хүрсэн. Харин охид эхээсээ X хромосом мөн эцгээсээ Х хромосом авахдаа аавынхаа оюуны 50 хувийг авч, үлдсэн хэсэг нь ямар нэг байдлаар алдагддаг, идэвхгүй болдог гэж ойлгогдохоор дүгнэлт гаргасан байна.
Гэхдээ “The Independent”-ийн нийтлэлд оюун ухаантай холбоотой хоёр дахь шалтгааныг дурдсан нь “хүний оюун ухааны хөгжил зөвхөн генээс бус өсөж, амьдарч буй орчноос хамаардгийг” дурджээ. Тодруулбал, Глазгод 14-22 насны 12,686 хүнийг хамруулсан судалгаагаар эхийн IQ нь хүүхдийн оюун ухааны хөгжлийн хамгийн хүчтэй индикатор гэж дүгнэснийг дурдсан байна. Гэхдээ тус судалгааг гүйцэтгэгчид хүний оюун ухааны 40-60 хувь нь генийн шалтгаантай гэсэн ч мөн түүнтэй тэнцэх хувь нь өсөж, амьдарч буй орчноос хамаардагийг онцолсон байна.
Дээр дурдсан “Psychology Spot” блогийн нийтлэл болон “The Independent” зэрэг хэвлэлд гарсан нийтлэлийн үндэслэлийг ашиглан шалгаж буй мэдээллийг оруулсан байх боломжтой байна.
Эдгээр дүгнэлт, судалгаа нь генетикийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдөөгүй, ТӨӨРӨГДҮҮЛСЭН болохыг дараах хэсгээс уншина уу.

Орчин үеийн генетикийн судалгаанд хүний оюун ухаан хэрхэн хөгждөг тухай асуудал тэргүүлэх судалгааны чиглэлүүдийн нэг байгаа бөгөөд оюун ухаан удамшдаг эсэх, удамшдаг бол ямар процессоор, цаашлаад өсөж, амьдарч буй орчин хүний оюун ухааны хөгжил хэрхэн нөлөөлдөг тухай асуудлуудыг судалж байгаа билээ. Эдгээрээс хүний оюун ухаан удамшдаг бол ямар генүүд удамшин, оюун ухааны хөгжлийн хөдөлгөх хүч болдог тухай судлаачид судалж байгаа боловч оюун ухаантай хамааралтай генүүдийг эцэслэн тодорхойлсон судалгаа одоогоор байхгүй байна.
Тодруулбал, GWAS (genome-wide association studies) буюу хүний гений бүтэц болон ажиглагдаж болохуйц онцлог шинж чанарын (observable trait) харилцааны тухай судалдаг салбарт хүний ген оюун ухааны хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар олон тооны хүмүүсийг хамруулан судалж байна.
2017 оны 05 дугаар сард 07 дугаар сард “Nature” сэтгүүлд Сузане Сникерс (Suzanne Sniekers) нарын хэвлүүлсэн 78,308 хүнийг хамруулсан судалгааны дүнд хүний оюун ухаантай холбоотой 52 генийг тогтоосон ба үүнээс 40 ген нь шинээр нээгдсэн аж. Цаашлаад оюун ухааны тестэд оролцогчдын оноонд тус 52 генээс 22 нь 5 хувийн зөрүү гаргаж байгаа тухай дүгнэжээ. Гэхдээ тус судалгааг гүйцэтгэсэн судлаачид оюун ухаантай холбоотой тодорхойлогдсон генүүд нь X эсвэл Y хромосомтой холбогдсон буюу зөвхөн эхээс эсвэл эцгээс удамшдаг талаар дурдаагүй байна.

Хэдийгээр өнөөгийн генетикийн шинжлэх ухааны судалгаанд дээр дурдсан шиг дэвшлүүд гарч байгаа ч оюун ухаан нь зөвхөн Х хромосомтой холбогдсон буюу эхийн генээр дамжуулан оюун ухааны чадавхитай болдогийг тогтоогоогүй байна.
2009 онд Вэнди Жонсон (Wendy Johnson) нарын “Perspectives on Psychological Science” сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлд X хромосомтой холбогдсон оюун ухааны генүүд тогтоогдоогүй байгааг онцолсон байна.
2016 оны 10 дугаар сарын 11-нд Snopes-ийн хийсэн баримт шалгалтад тус өгүүллийн талаар “генийн өөрчлөлттэй хулгануудад явуулсан туршилтын үр дүн нь хүний оюун ухаан, генийн хөгжлийн үйл явцтай шууд харьцуулагдан дүйцэгдэхүйц биш юм” гэж дүгнэсэн байна. Уг баримт шалгалтад:
АНУ-ын Давис дэх Калифорнийн Их сургуулийн шинжлэх ухааны асуудлуудыг тайлбарлан ойлгуулах зорилготой “Science Says” төслийн нийтлэлд “Psychology Spot блогийн нийтлэлд эшилсэн хулгана дээрх туршилтын эх өгүүлэлд тархины хөгжилтэй холбоотой хэсэг байхгүй буюу дурдаагүйг тайлбарлажээ.

Цаашлаад Стифен Петрилл (Stephen A. Petrill) нарын 2004 онд “Developmental Psychology” сэтгүүлд хэвлүүлсэн “16 нас хүртэлх үеийн ерөнхий танин мэдэхүйн чадварт генетик болон орчин тойрон нөлөөлөх нь” (Genetic and Environmental Contributions to General Cognitive Ability Through the First 16 Years of Life) гарчигтай өгүүлэлд ерөнхий танин мэдэхүйн чадварын хөгжилд генетикийн нөлөө 50 орчим хувь байдгийг тоймлосныг онцолсон байна.
Гэхдээ тус өгүүлэлд бага насны хүүхдийн оюуны хөгжилд өсөж буй орчин тойрны нөлөө ихээхэн байдгийг тодотгосон.
Өөрөөр хэлбэл оюун ухааны чадавхи, хөгжил нь зөвхөн генээс хамаарахгүй орчин тойрны нөлөөллөөс хамаардаг байна. 2016 онд “Industrial Psychiatry Journal” сэтгүүлд Арчита Махариа (Archita Makharia) нарын “Хүүхдийн оюун ухааны коэффициентэд (IQ) орчин тойрны хүчин зүйлс нөлөөлөх нь” (Effect of environmental factors on intelligence quotient of children) өгүүлэлд орчин тойрны нөлөөлөл гэдэгт амьдарч буй газар, биеийн хөдөлгөөн, гэр бүлийн орлого, эцэг эхийн ажил, боловсрол гэх мэт хүчин зүйл орох ба тэдгээр нь хүүхдийн оюуны хөгжилд ихээхэн нөлөөлдөг болохыг дүгнэсэн байна.
Др. Эмили Виллингхам нийтлэлдээ оюун ухаан чадавх, хөгжлийг зөвхөн ген тодорхойлдог эсэхийг тайлбарлахдаа:
“Оюун ухаан гэдэг нь төвөгтэй зүйл. Одоогийн тодорхойлж, хэмжиж чадахуйц түвшинд бидний оюун ухааны тал орчим хувь нь удамшиж ирдэг байж болох ч тус хувь нь бидний генетикийн олон вариантуудад хамаарагдан хуваагддаг. Эдгээр вариантууд олон янзын замаар нөлөөлж бидний мэдэх оюун ухаан гэх зүйлийг бүтээдэг. Удамшлын эдгээр хэсэг бүрт төрөл бүрийн орчин тойрны хүчин зүйлүүд молекулын түвшинд болон бүхэл организмд нөлөөлдөг. Энэ нөлөөлөл төрөхөөс хойш генийн вариантууд болон орчин тойрны харилцан нөлөөлөл болж үргэлжилдэг. Эдгээр нь олон давхарга үүсгэсэн харилцан үйлчилж буй хэсгүүд юм. Тийм учраас үгүй. Зөвхөн ээж чинь бус. Зөвхөн Х хромосом бус. Зөвхөн генээс ч хамаарахгүй юм” гэсэн байна.
Оюун ухааны хөгжил, чадавхи нь дээр дурдсан хүчин зүйлсүүдийн зөвхөн нэг хэсгээс буюу генээс хамаарахгүй бөгөөд хүний амьдралын турш явагдах нарийн төвөгтэй үйл явцаар хувирч, тодорхойлогддог байна.
Өөрөөр хэлбэл, оюун ухаан ба удамшлын харилцан хамаарлыг бүрэн тайлбарлаж, нарийвчлан тодорхойлсон судалгаа байхгүй ба өдгөө хуримтлагдсан судалгаанд үндэслэн эхээс хөвгүүдэд оюун ухаан удамшдаг, эцгийн оюун ухаан удамшдаггүй эсвэл зөвхөн 50 хувь удамшдаг гэх мэт хялбараар дүгнэх боломжгүй юм.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst