Өнөөдрөөс эхлэн 74 төрлийн бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй боллоо гэх мэдээлэл бүрэн бус

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Өнөөдрөөс эхлэн 74 төрлийн бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй боллоо гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Нотариатын тухай хууль, зааварт өөрчлөлт оруулаагүй тул заавал гэрчлүүлэх 8 хэлцэл хүчин төгөлдөр хэвээр байна

2022 оны 09 дүгээр сарын 22-нд Bold Joron нэртэй хэрэглэгч манай пэйжийн чатботоор Paparazzi.mn нэртэй пэйжид 09 дүгээр сарын 21-нд постолсон “ШУУРХАЙ: Өнөөдрөөс эхлэн Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт 74 төрлийн бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй боллоо” гэх мэдээллийг шалгуулахыг хүссэн юм. Уг постод 18 мянган реакц, 1.5 мянган сэтгэгдэл өгч, 3.4 мянган удаа цааш түгээсэн байна.

1. Өнөөдрөөс биш, 05 дугаар сарын 1-нээс цахим лавлагаа нь цаасан бичиг баримтын адил хүчинтэй болсон

“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль” 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон тул тухайн өдрөөс эхлэн e-Mongolia-аас авч байгаа баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болсон.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон давтагдашгүй дугаар бүхий цахим баримт бичиг нь цаасан баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байна” гэж заасан.
Тиймээс e-Mongolia төрийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авч байгаа баримт бичиг нь төрийн байгууллагаас цаасаар авсан баримт бичигтэй адил хүчинтэй.
Гэхдээ өнөөдрийг хүртэл дээр дурдсан хуулийн зохицуулалт уг агуулгаар хэрэгжихгүй байгаа буюу төрийн албан хаагчид e-Mongolia-аас авсан баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавьж байсан.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учралын 2022 оны 09 сарын 21-ний өдөр хийсэн мэдээлэл нь “e-Mongolia-аас авч байгаа баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэхгүй байх” тухай шийдвэр биш, харин нэгэнт батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах, таниулах зорилготой буюу хуулийг сурталчилж байгаа хэлбэр гэж ойлгогдохоор байна.
ЦХХХ-ын сайд Н.Учрал “e-Mongolia-аас авсан баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавихгүй байх тухай албан бичгийг төрийн байгууллагууд руу явуулна” гэсэн байна.
Төрийн албан тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагч нь хуулийг хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ эс биелүүлбэл, дор дурдсан сахилгын шийтгэл хүлээхээр байна. Үүнд:
– Төрийн үйлчилгээний албан хаагч:
Төрийн албан тухай хуулийн 48.2 дах хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл,
– Төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад төрийн албан хаагч: Төрийн албан тухай хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэл

2. Нотариатаар батлуулах шаардлагагүй 74 төрлийн бичиг баримтын лавлагаа

09 дүгээр сарын 21-нд “Цахим хөгжил, харилцаа холбооны яам” нэртэй албан ёсны пэйжид “Төрийн мэдээлэл солилцооны “e-mongolia” системээр дамжуулан хүлээн авах боломжтой дараах 74 лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй!” гэсэн тайлбартай, 74 төрлийн лавлагааны жагсаалт гаргасан байна. Үүнд:
Төрсний бүртгэлийн лавлагаа
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа
Регистрийн дугаарын лавлагаа
Регистрийн дугаар өөрчилсөн лавлагаа
Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа
Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа
Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /анх удаа авсан/
Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /дахин авсан/
Иргэний үнэмлэхийн лавлагаа
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа
Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа
Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа
Хуулийн этгээдийн татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсан тухай лавлагаа
Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа
Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн лавлагаа
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /Иргэн одоо өмчилж байгаа/
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /Иргэн өмнө нь эзэмшиж байсан/
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /ААН/
Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа
Гаалийн байгууллагад өртэй эсэх тодорхойлолт /иргэн/
Гаалийн байгууллагад өртэй эсэх тодорхойлолт /ААН/
Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн лавлагаа /иргэн/
Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн лавлагаа /ААН/
Гаалийн зөрчлийн лавлагаа
Татварын өрийн үлдэгдлийн лавлагаа
Байгууллагын татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт
Татварын тайлангаа тушаасан эсэх лавлагаа
Тендерийн тодорхойлолт
Иргэнд олгох тодорхойлолт
Жолоочийн лавлагаа мэдээлэл
Жолоодох эрхийн оноо
Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
Иргэн болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмшиж, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан тодорхойлолт
Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /иргэн/
Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /ААН/
Суллагдсан тухай тодорхойлолт
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
Иргэн /Даатгуулагчид/ нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт
Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт
Хүнс тэжээлийн дэмждэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт /Нийслэл/
Хүнс тэжээлийн дэмждэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт /Орон нутаг/
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай тодорхойлолт
Хүүхдийн мөнгө олгож байгаа эсэх тодорхойлолт
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний лавлагаа
Суурь боловсролын гэрчилгээний лавлагаа
Дээд боловсролын гэрчилгээний лавлагаа
Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах
Элсэлтийн ерөнхий шалгалтын лавлагаа
Газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт
Газар эзэмших эрхийн лавлагаа
Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа
Кадастрын зураг хэвлэж авах
Газрын тооцоо нийлсэн акт
Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний лавлагаа
Нэгж талбарын дуудлага худалдааны анхны үнийн лавлагаа
Нэгж талбарын үнэлгээний лавлагаа
Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа
Вакцины гэрчилгээ
Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ – International Travel Health Certificate
Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ – International Travel Health Certificate /албан болон дипломат паспортоор/
Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ – International Travel Health Certificate /гадаад иргэнд/
Цусны бүлгийн мэдээлэл гэжээ.
Энд 39 болон 41 дүгээрт байх “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт”, “Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт”-ыг тус бүр хоёр удаа давтан бичсэн байгаа тул алдааг залруулахаар ЦХХХЯ-ны 11-330781 дугаарт залгаж, мэдээлэл хариуцсан хүнтэй холбогдсон боловч, хариулт авч чадсангүй.
Хэрэв давхардсан агуулгыг хасвал 72 төрлийн лавлагаа болно. Гэтэл төрийн байгууллагаас 74 гэж цохон тэмдэглэж байгаа тул үүнийг эрүүгийн хэргийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагаа бус харин иргэний хэргийн хариуцлага хүлээж буй эсэх лавлагаа гэж залруулан ойлгохоор таамаглаж байна.
Эдгээрээс нотариатаар батлуулдаг түгээмэл лавлагаа нь 10 орчим төрлийн бичиг баримт байх бөгөөд иргэн өөрөө хүсвэл бусад баримт бичгийг нотариатаар баталгаажуулах эрх нь хэвээр байна.
09 дүгээр сарын 23-нд Монголын нотариатчдын танхимын 11-354302 дугаарын утсаар холбогдон тодруулга авлаа. “Төрийн байгууллагаар ямар ажил хөөцөлдөж яваагаас шалтгаалаад холбогдох баримт бичгүүдийг нотариатаар гэрчлүүлж ирэх шаардлага тавьдаг байсан. Тухайн баримт бичигтэй холбогдох лавлагааг ч мөн гэрчлүүлэх шаардлагатай байсан. Харин одоо 74 төрлийн лавлагаатай холбогдох баримтыг заавал гэрчлэх шаардлагагүй. Гэхдээ лавлагаа авч, бичиг баримтын бүрдүүлэлтэд хавсаргах, түүнийг нь бид харах эрх нь хэвээрээ байгаа” гэсэн юм.
Тухайлбал, Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх заавалт заавал гэрчлүүлэх шаардлагатай 8 гэрээ хэлцлийн нэг болох үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой худалдах, бэлэглэх зэрэгт гэрээ хэлцэл хийхдээ 74 төрлийн лавлагааны жагсаалтад багтсан баримт бичгийг гэрээний хавсралт байдлаар бүрдүүлэлтэд байлгахыг шаардах нь гэж ойлгож болно.

3. Нотариатын тухай хууль, зааварт өөрчлөлт оруулаагүй тул заавал гэрчлүүлэх 8 хэлцэл хүчин төгөлдөр хэвээр байна

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар “нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч юм” гэж тодорхойлсон. Мөн “4.4.1-д нотариатч нь нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх”, “4.4.2-д үйлчлүүлэгч хүсвэл нотариатчаар гэрчлүүлэхээр хуульд зааснаас бусад үйлдэл, баримт бичгийг үл маргах шинжтэй болгох зорилгоор гэрчлэх” чиг үүргийг хэрэгжүүлдэг гэжээ.
Нотариатч нь “Нотариатын үйлдэл хийх заавар” гэх баримт бичгийг мөрддөг. Тус зааврын Тавдугаар хэсгээр гэрээ, хэлцэл гэрчлэхэд холбогдох асуудлыг тусгайлан зохицуулдаг.
Нотариатын үйлдэл хийх зааврын 5.2-д хуульд заасны дагуу ЗААВАЛ ГЭРЧЛҮҮЛЭХ гэрээ, хэлцлийг нэг бүрчлэн тодорхойлж заасан.
Үүнд:

  1. гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон хэлцэл
  2. орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл
  3. үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл
  4. бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ
  5. тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт
  6. тэжээн тэтгэх гэрээ
  7. үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах гэрээ, хэлцэл
  8. мөнгө буюу үнэт цаасыг банкинд хадгалуулахаар хүлээн авах гэрээ гэсэн 8 агуулга байна.

Эдгээр гэрээ хэлцэл хийх үед шаардлагатай баримт бичгүүдийг нотариат баталдаг хэвээр байна. Мөн эдгээр хэлцлийн үед зайлшгүй хавсаргах шаардлагатай лавлагаа баримт бичгүүдийг шаардах эрхтэй юм. Түүнээс гадна иргэн өөрөө хүсвэл дээрх 8-аас бусад төрлийн гэрээ хэлцлээ нотариатаар гэрчлүүлэх эрхтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document