Цахилдаг цэцэг хараа сайжруулдаг гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цахилдаг цэцэг харааг сайжруулдаг ба долоо хоногийн дотор алсын харааг сэргээж чадна гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Цахилдаг цэцэгт агуулагддаг каротиноидуудыг нүдний зарим өвчинд хэрэглэхийг зөвлөдөг ч тус цэцэг нь дангаараа болон орц найрлагад нь орсон эм харааны алдагдлыг 95% сэргээдэг баримт, судалгаа байхгүй байна.

2022 оны 09 дүгээр сарын 09-нд timon.mn нэртэй пэйжид “Та байгалийн 1 ургамлын ачаар нүдний шилнээс татгалзаж, хараагаа сэргээж чадна” гэсэн тайлбартай, timon.mn домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 09 дүгээр сарын 21-ний байдлаар 445 реакц, 32 сэтгэгдэл авч, 1.4 мянган удаа цааш түгээсэн байна. Холбоос дахь сайтын мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад facebook платформд нийт 2,316 хариу үйлдэл авсан байна.

Уг мэдээлэлд, цахилдаг цэцэг нь “харалган байдлыг үүсгэдэг толбоны доройтлыг сайжруулдаг” ба “долоо хоногийн дотор алсын харааг сэргээж чадна” гэжээ. Түүнчлэн “өдөрт 20 мг-аар 3 сарын турш хэрэглэвэл харааны алдагдалыг 95% сэргээнэ” мөн энэ цэцгийн “тусламжтайгаар 90 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болох нь тогтоогджээ” гэх мэтээр бичжээ.

Ерөнхий мэдээлэл:
Цахилдаг цэцэг нь хараа сайжруулдаггүй
Британика нэвтэрхий тольд дурдсанаар цахилдаг цэцгийн овогт хамаарах 300 гаруй ургамал байдаг. Тус цэцгийн эрүүл мэндийн ач холбогдолын талаарх судалгаануудад хараа сайжруулах чадварын талаар дурдаагүй ч агуулагддаг химийн бодис нь нүдний харааны зарим эмгэгүүдийн эмчилгээнд эергээр нөлөөлж болох талаар дурдсан байна. Гэхдээ цахилдаг цэцэг нь богино хугацаанд харааны өвчин, бэрхшээлийг эмчилж, харааг үлэмж хэмжээгээр нөхөн сэргээх чадваргүй юм.

1. Энэхүү хүчирхэг найрлага нь долоо хоногийн дотор алсын харааг сэргээж чадна гэдэг нь ХУДАЛ

Цахилдаг цэцгийн эрүүл мэндийн болон эмчилгээний ач холбогдлыг хамгийн сүүлийн үеийн байдлаар тоймлосон өгүүлэлд буюу 2022 оны 03 дугаар сард Сохаиб Хатиб (Sohaib Khatib) нарын “Antioxidants” сэтгүүлд хэвлүүлсэн “Цахилдаг цэцгийн төрөл зүйлүүдийн хэрэглээг шинжлэх нь: Антиоксидант шинж чанарууд, ургамлын биохими, эмчилгээний болон үйлдвэрлэлийн хэрэглээ” (Exploring the Use of Iris Species: Antioxidant Properties, Phytochemistry, Medicinal and Industrial Applications) нэртэй өгүүлэлд тус цэцгийг нүдний хараа сайжруулдаг талаар дурдаагүй байна.
Цахилдаг цэцгийг дэлхийн олон улсад уламжлалт эмчилгээнд ашиглаж байсан ба Монголд 14 зүйл цахилдаг цэцэг ургадгаас зарим төрлийн цахилдаг цэцгийг бөөр, шээсний замын эмчилгээний жоронд ашигладаг байсныг Ц.Чимгээ нарын судлаачид “Монголын эм зүй, эм судлал” сэтгүүлд 2015 онд хэвлүүлсэн “Шээс хөөх үйлдэлтэй эмийн ургамлын харьцуулсан судалгаа” өгүүлэлд дурдсан байна. /26-р нүүр/
Орчин үед тус цэцэгт агуулагддаг эрүүл мэндэд ач холбогдолтой байж болох бодисуудыг тогтоосон бөгөөд дээр дурдсан Сохаиб Хатиб нарын хийсэн судалгаанд зарим бодисууд антиоксидант, хавдрын эсрэг шинж чанартайг лабораторийн түвшинд хийсэн эсийн өсгөвөр (in vitro) дээрх болон харх (in vivo) дээр хийсэн судалгаануудаар дүгнэснийг онцлон тоймлосон байна.

2. Цахилдаг цэцгийн тусламжтайгаар 90 гаруй өвчнийг эмчлэх боломжтой нь тогтоогдсон гэдэг нь ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Өмнө дурдсанчлан цахилдаг цэцгийг уламжлалт эмийн жоронд ашиглаж байсан болон эрүүл мэндийн ач холбогдолтой байж болох бодисууд агуулагддаг нь тогтоогдсон ч тус цэцгийг ашиглан 90 гаруй өвчнийг эмчилж болдог нь тогтоогдоогүй байна.
“Iris germanica” нь цахилдаг цэцгийн хамгийн их судлагдсан төрөл бөгөөд 2021 онд Бахарэх Садат Юсефсани (Bahareh Sadat Yousefsani) нарын хэвлүүлсэн “Цахилдаг цэцгийн (Iris germanica) ургамлын биохими болон эмчилгээний потенциалыг судлах нь” (A review on phytochemical and therapeutic potential of Iris germanica) өгүүлэлд лабораторийн түвшинд хийсэн эсийн өсгөвөр (in vitro) дээрх болон харх (in vivo) дээр хийсэн судалгаанд үндэслэн тус цэцгэнд үндэслэг иш (rhizomes) зэрэг нь эрүүл мэндийн олон ач холбогдолтой байж болох талаар дүгнэжээ. Гэхдээ уг судалгаанд тус цэцгийг тодорхой өвчнүүдийг эмчлэх нь батлагдсан талаар дурдаагүй байна.

3. Цахилдаг цэцэг нь эсийн түвшинд үйлчилдэг антиоксидант каротиноид, крокин, кроцетинээр баялаг гэдэг нь ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Каротиноид (carotenoid) гэдэг нь ургамлын өнгөний пигмент бодис бөгөөд тус бодисоос хамаарч зарим ургамал, хүнсний ногооны өнгө тодорхойлогддог байна. Харин крокин (crocin), кроцетин (crocetin) гэдэг нь каротиноидын төрөлд багтдаг бодис бөгөөд кратиноидтой адил ургамлын өнгийн пигментэд үүрэг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, кроцетин нь крокины химийн гол бүтцийн нэг хэсэг бөгөөд гүргэм (saffron) цэцгийн өнгийн онцлогийг тодорхойлдог байна.
2013 онд Билли Хаммонд (Billy R. Hammond, Jr) нарын “Advances in Nutrition” сэтгүүлд хэвлүүлсэн “Каротиноидууд” (Carotenoids) өгүүлэлд 600 гаруй төрөл зүйлийн каротиноидууд ургамлын зүйлд олддог байна. Каротиноидууд нь зарим төрлийн нүдний өвчин тусах эрсдлийг бууруулахад тустай талаарх судалгаанууд байдаг.
Цаашлаад тус өгүүлэлд каротиноидыг “эрүүл хоололт эсвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүний нэг хэсэг болгон нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчин (macular disease) тусах эрсдлийг бууруулах зорилгоор хэрэглэх нь илүү нийтлэг байдаг. Мөн каротиноидуудыг нүдний өвчинг намдаах зорилгоор ашиглах тохиолдол элбэг байдаг. Жишээ нь, лютеин (lutein), зеаксантин (zeaxanthin) [зэрэг кратиноид] зэргийг хараа зүйч нар нүдний өвчин тусахаас сэргийлэх болон харааны функцыг сайжруулах зорилгоор санал болгодог байна.
Мөн тус өгүүлэлд каротиноидууд нь буржгар байцаа (kale), бууцай (spinach) гэх мэт ногоон навчтай ургамал болон киви, помидор зэрэг жимсэнд өндөр хэмжээгээр агуулагддаг гэжээ.
1996 онд Мюллер (H. Müller) нарын “Zeitschrift für Ernährungswissenschaft” сэтгүүлд хэвлүүлсэн “Хүнснээс каротиноидуудын өдөр тутмын хэрэгцээг авах болон тодорхой ногоо ба жимснүүдэд агуулагдах каротиноидын хэмжээ” (Daily intake of carotenoids (carotenes and xanthophylls) from total diet and the carotenoid content of selected vegetables and fruit) гарчигтай өгүүлэлд буржгар байцаа, бууцай, яншуй, лууван, помидор гэх мэт каротиноид өндөр хэмжээгээр агуулагддаг ногоо, жимсээс өдөр тутмын хэрэгцээгээ хангаж болохыг зөвлөсөн байна.

4. Өдөрт 20 мг орчмыг 3 сарын турш хэрэглэвэл харааны алдагдалыг 95% сэргээнэ гэдэг нь БАТЛАГДААГҮЙ.

Өмнө дурдсанчлан цахилдаг цэцгэнд агуулагддаг каротиноидуудыг нүдний зарим өвчинд хэрэглэхийг зөвлөдөг ч тус цэцэг нь дангаараа болон орц найрлаганд нь орсон эм харааны алдагдлыг 95% сэргээдэг баримт, судалгаа байхгүй байна.
Сохаиб Хатиб нарын өгүүлэлд тайлбарласнаар зохицуулах хүнс болон зарим эмэнд цахилдаг цэцгийг ашигладаг талаар дурдсан байна. Үүнд, “Laktir”©, Kaliris EDAS-114©, “Vitonk”© гэх мэт эмийн найрлагад ордогийг дурджээ.
Харин цахилдаг цэцэгт агуулагддаг бодис буюу каротиноидыг өвчний төрлөөс хамаарч янз бүрийн тун, хугацаагаар уудаг ба насжилтаас шалтгаалсан нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчтэй (age-related macular disease) хүмүүст каротиноидын нэмэлт харааны чадвар сайжруулж нөлөөтэй байдгийг судалгаагаар тогтоосон байна. Гэхдээ энэ нь харааны алдагдлыг 95% сэргээх буюу харах чадварыг бараг бүрэн хэмжээнд хүртэл нөхөн сэргээхгүй юм.
Лиу Ронг (Rong Liu) нарын 2014 онд “Investigative Ophthalmology & Visual Science” сэтгүүлд хэвлүүлсэн “Лютеин ба зеаксантины нэмэлт болон насжилтаас шалтгаалсан нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчтэй хүмүүсийн харааны функци” (Lutein and Zeaxanthin Supplementation and Association With Visual Function in Age-Related Macular Degeneration) өгүүлэлд
1,176 өвчтөнийг хамарсан
8 санамсаргүй хяналтын туршилтад
(randomized controlled trial) лютеин, зеаксантин гэсэн хоёр каротиноидыг ашигласан туршилтыг тоймлон дүгнэхдээ өвчтөнүүдийн харааны чадварыг сайжруулж байгааг онцолсон байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document