Бага зэргийн зураас, гэмтлийн улмаас зарагдах боломжгүй IKEA брэндийн буйдан, сандал тараана гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Зарагдах боломжгүй IKEA брэндийн буйдан, сандал тараана гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй постод байх линкээр ороход танаас имэйл хаяг, утасны дугаараа бүртгүүлэхийг сануулна. Энд мэдээллээ үлдээснээр таны хувийн хаягууд руу нэвтрэх, мөн таны өмнөөс бусдыг залилах зэрэгт ашиглаж болзошгүй. Тиймээс хуурамч мэдээлэлд итгэж, хувийн мэдээллээ алдагдахаас болгоомжлоорой.

2022 оны 09 дүгээр сарын 19-нд Haliun Munhbat нэртэй хэрэглэгч манай пэйжийн чатботоор “Энэ мэдээлэлд хүмүүс маш ихээр хариу бичжээ. Ямар нэг байдлаар хакердуулах вий дээ” гэсэн саналтайгаар илгээсэн мэдээлэлд баримт шалгалт хийлээ.

Уг пост нь “Ikea fans” нэртэй пэйжид оруулсан “Бага зэргийн зураас, гэмтлийн улмаас зарагдах боломжгүй, бүгд хэвийн ажиллаж байгаа олон арван буйдан сандлыг “Бэлэн” гэж бичдэг хүнд санамсаргүй байдлаар илгээх болсныг дуулгахад таатай байна. 9-р сарын 25 хүртэл. Энд бүргүүлнэ үү” гэсэн тайлбартай, линк хавсаргасан ба буйдан худалдааны зургуудыг оруулсан байна.
09 дүгээр сарын 20-ны 12:00 цагийн байдлаар 1,149 реакц, 15,475 сэтгэгдэл авч, 15,797 удаа цааш хуваалцсан байна.

🔍 Дараах байдлаар баримт шалгалтаа дагаад хийгээд үзээрэй.

Мета компанийн автоматжуулалтаар шалгасан мэдээллийн дүгнэлтийн талаар шэйрлэсэн хүн бүрд мэдэгдэл хүргэж, дахин шэйрлэх бол хуурамч мэдээлэл болохыг сануулдаг тул та бүхэн False information гэсэн бичигтэй сануулга гарч ирвэл хараат бус баримт шалгах төвийн нягталж, хуурамч болохыг тогтоосон мэдээлэл байна гэж ойлгоорой.
Хэдийгээр хуурамч мэдээлэл гэж мэдсэн ч та энэ мэдээллийг шэйрлэж болно. Энэ нь Метагийн зүгээс иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боогдуулахгүй байх бодлогын нэг хэсэг юм.

1. Хаягийг нягтлах

Хаягийн нэр дээр дарж ороход тухайн пэйжийн нүүр хуудас харагдана. Түүнээс нээсэн хугацаа, найзууд, постолсон түүхийг харж болно. “Ikea fans” пэйжийн 2022 оны 09 дүгээр сарын 19-нд нээсэн, шалгаж буй мэдээллээс өөр пост оруулаагүй, 6,203 дагагчтай болсон байна. IKEA брэнд Монголд хаягаа дөнгөж өчигдөр нээсэн гэдэгт эргэлзэж байгаа бол нэрээр нь хайгаад үзээрэй.
Ирэлц дунд “IKEA Comfort Mongolia” нэртэй 2021 оны 05 дугаар сарын 10-д “IKEA-Яармаг” нэртэй нээсэн пэйжээ 08 дугаар сарын 18-нд “IKEA Comfort Mongolia” болгон өөрчилсөн 54.6 мянган дагагчтай, холбоо барих дугаар, хаяг байршил, албан ёсны и-мэйлийг оруулсан хаяг гарч ирж байна. Тус хаягт бага зэргийн гэмтэлтэй буйдан сандлуудыг үнэгүй тараах тухай агуулга байхгүй байна.

2. Зургаар хайх

Компьютрээс орж байгаа бол шалгаж буй постын эхний зураг дээр маусын баруун товчлуурыг дарж, гарч ирсэн цэсүүдээс Search image with Google Lens гэсэн бичигтэйг нь сонгож дарна. Дэлгэцийн баруун талд тухайн зургийг ашигласан тохиолдлууд гарч ирэх бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 25-нд Тайландын Банкок дахь IKEA дэлгүүрт төрөл бүрийн тавилга худалдаалж байгаа тухай мэдээлэлд ашигласан зураг байна.
Гар утсаар орж байгаа бол зургийг SS /скрийн шот/ хийж аваад, Google lens апп руу оруулж харж болно. Google lens аппликейшнийг андройд үйлдлийн системтэй утсанд Play store-оос, iphone-д Apple store-оос “Google lens” гэж бичээд татаж авах боломжтой.

3. Хувийн мэдээллээ өгөхөөс татгалзаарай

Шалгаж буй постод байх линкээр ороход танаас имэйл хаяг, утасны дугаараа бүртгүүлэхийг сануулна. Энд мэдээллээ үлдээснээр таны хувийн хаягууд руу нэвтрэх, мөн таны өмнөөс бусдыг залилах зэрэгт ашиглаж болзошгүй. Тиймээс хуурамч мэдээлэлд итгэж, хувийн мэдээллээ алдагдахаас болгоомжлоорой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document