Иллиной мужид 12 төрлийн гэмт хэрэг хийхийг зөвшөөрсөн гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

АНУ-ын муж улсын нэг болох Иллинойс мужийн засгийн газар “The Purge” буюу “Цэвэрлэгээ”-ний хуулийг баталж, 24 цагийн дотор 12 гэмт хэрэг хийхийг зөвшөөрсөн гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Эх сурвалжид дурдсанаар яллагдагч төлбөрийн чадваргүй байх, түүнчлэн шүүхээр орсон тохиолдолд гэм буруугүй байх зэрэг тохиолдлууд нийтлэг тул яллах үндэслэлээс хамаарч мөнгөн барьцаа шаардахгүй батлан даалтад гаргах боломжтой гэсэн байна. Шалгаж буй мэдээлэлд дурдсанчлан хэрэг хийсэн тохиолдолд ял эдлэхгүй өнгөрнө гэдэг нь худал юм.

2022 оны 09 дүгээр сарын 16-нд Орцны үг нэртэй пэйжид “АНУ-ын муж улсын нэг болох Иллинойс мужийн засгийн газар “The Purge” буюу “Цэвэрлэгээ”-ний хуулийг баталжээ” гэх гарчигтай постыг The Purge киноны зургыг хавсарган нийтэлсэн нь 09 дүгээр сарын 19-ний байдлаар 2,160 реакц, 541 сэтгэгдэл авч 4,300 удаа цааш түгээсэн байна.

“АНУ-ын муж улсын нэг болох Иллинойс мужийн засгийн газар “The Purge” буюу “Цэвэрлэгээ”-ний хуулийг баталжээ. “The Purge” гэдэг нь аймшгийн төрлийн, гэмт хэрэгтэй холбоотой хэрцгий кино бөгөөд тус кинонд хүмүүс жилийн нэг өдөр, 24 цагийн туршид хүссэн гэмт хэргээ хийдэг талаар дүрслэгдсэн байдаг. /+ гэмт хэрэг хийсэн хүмүүсийг баривчилж, ял шийтгэл оноодоггүй/ Тэгвэл яг энэхүү кинон дээрх шиг үйл явдал Иллинойс мужид 2023 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх нь ээ. Тэд нийтдээ 12 төрлийн гэмт хэрэг хийхийг зөвшөөрч байгаа гэнэ. Үүнд: 2-р зэргийн аллага, галдан шатаах, хар тамхинаас үүдэлтэй аллага, хүний болон орон байрны хулгай гэх мэт олон төрлийн гэмт хэрэг багтаж байгаа аж. АНУ-ын нийгэм улам л аймшигтай болж байна даа… Эх сурвалж: www.unilad.com” гэсэн байна.

1. Эх сурвалж дахь мэдээлэлд гэмт хэрэг хийхийг зөвшөөрсөн утга байхгүй байна.

Unilad.com сайтад 09 дүгээр сарын 14-нд нийтэлсэн мэдээг орчуулан хүргэе.
“Иллиной муж улсад Safe-T Act (Safety, Accountability, Fairness and Equity-Today) буюу “Шударга ёс, тэгш эрх болон хариуцлагатай, аюулгүй байдлыг өнөөдрөөс хэрэгжүүлэх” тухай хуулийг 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Энэ нь яллагдагчийг мөнгө барьцаалан батлан даалтаар гаргадаг тогтолцоог халах зорилготой бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэл муутай тохиолдолд мөнгөн барьцаа шаардахгүйгээр батлан даалтад гаргах тухай заасан. Батлан даалтад гарсан тохиолдолд шүүх хурлын өдөр хүртэл цагдан хорих байранд саатуулахгүй ба шүүхээс дуудсан тохиолдолд заавал ирэх ёстой юм. Уг батлан даалтад бараг л бүх төрлийн гэмт хэрэгт яллагдаад буй этгээдүүд хамрагдах боломжтой болжээ. Жишээлбэл:
-Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүнийг алах
-Хүний эрүүл мэндэд хүнд болон ноцтой хохирол учруулах
-Санаатай гал түймэр тавих
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэйгээр хүний амь хөнөөх
-Хүн хулгайлах
-Хулгай, дээрэм
-Айлган сүрдүүлэх
-Согтуурсан, мансуурсан үедээ жолоо барих
-Төрийн албан хаагчийг заналхийлэх зэрэг багтсан байна” гэжээ.

2. Яллах үндэслэлээс хамаарч, мөнгөн барьцаа шаардахгүйгээр батлан даалтад гаргах боломжтой болгосон байна.

Уг шийдвэрийг дэмжиж Иллиной муж улсын Дупэйж мужийн прокурор Робэрт Бэрлин мэдээлэхдээ “Нотлох баримт дээр үндэслэн саатуулах ёстой, хийсэн хэрэг нь шүүхээр тогтоогдоогүй яллагдагч мөнгөн барьцааг төлж чадахгүйгээсээ болоод хууль бусаар хоригдох ёсгүй” гэжээ. Америкийн Прогрессын төвийн тооцоогоор цагдан хорих байранд буй 5 яллагдагч тутмын 3 нь гэм буруугүй байдаг” гэжээ.
Эх сурвалжид дурдсанаар яллагдагч төлбөрийн чадваргүй байх, түүнчлэн шүүхээр орсон тохиолдолд гэм буруугүй байх зэрэг тохиолдлууд нийтлэг тул яллах үндэслэлээс хамаарч мөнгөн барьцаа шаардахгүй батлан даалтад гаргах боломжтой гэсэн байна. Шалгаж буй мэдээлэлд дурдсанчлан хэрэг хийсэн тохиолдолд ял эдлэхгүй өнгөрнө гэдэг нь худал юм.
АНУ-ын Шүүхийн өмнөх шатны шударга ёсны нөхөрлөлийн вебсайтад: “АНУ-д жилд 12 сая хүнийг саатуулан хорьж, тэдний 465 мянга нь мөнгөн барьцааг төлж чадахгүйгээсээ болоод батлан даалтад гарч чаддаггүй. Гэм буруугүй иргэдийг шүүх хурал хүртэл саатуулахад жилд 14 тэрбум доллар зарцуулж байна” гэсэн байна.

3. Хуулийг гуйвуулан иргэдийг мунхруулж буй нь улс төрийн шинж чанартай гэжээ

АНУ-ын Нам, ашиг сонирхлоос ангид сэтгүүлзүйн байгууллага болох Injustice Watch нэгдлийн вебсайтад 2022 оны 09 дүгээр сарын 15-нд цахим орчинд тархаад буй SAFE-T Act-тай холбоотой худал мэдээллүүдийг шүүмжлэн, баримт шалгалт хийн вебсайтдаа нийтэлжээ. Баримт шалгалтад:
“Иллиной мужид 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжих SAFE-T Act нь нотлох баримт хангалтгүй тохиолдолд гэм буруугүй нэгнийг шүүх хурал хүртэл саатуулан хорихоос хамгаалах зорилготой. Төлбөрийн чадвартай яллагдагч мөнгө барьцаалан батлан даалтад гарч байхад төлбөрийн чадваргүй нь шударга бусаар саатуулагдаж байна. Гэм буруугүй нэгнийг цагдан хорих нь тухайн хүний сайн сайхан байдал, хөдөлмөр эрхлэлт болон сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байдаг. Шинэ хуулийг АНУ-ын улс төрийн баруун жигүүрийнхэн буюу Бүгд найрамдах намынхан хэт гуйвуулан тайлбарлаж байна. Хууль батлагдсан тохиолдолд гэмт хэрэг гаарна гэх утгагүй. Учир нь:
– Хэрэв нотлох баримт хангалттай тохиолдолд яллагч сэжигтнийг яллагдагчаар татаж, цагдан хорих бүрэн боломжтой.
– Хүнд гэмт хэрэг хийсэн хүн болгон хотоор сэлгүүцнэ гэсэн үг биш. Батлан даалтад гарах нь яллагдагч мөнгөн барьцаа өгөх төлбөрийн чадамжтай эсэхээс хамаарахгүй,
харин нотлох баримтад үндэслэн гаргах эсэхийг шийдвэрлэнэ. Тухайн яллагдагчийг батлан даалтаар гаргах боломжтой эсэхийг зөвхөн шүүх шийднэ.
– Өмнө нь гэмт хэрэгт холбогдсон, шүүхээс дуудсан хугацаанд ирээгүй, батлан даалтад байх хугацаандаа зөрчил, гэмт хэрэгт холбогдсон бол саатуулна.
– Мөн батлан даалтад гаргахад тухайн этгээд өөртөө болон нийгэмд хор хохирол учруулах эрсдэл бий эсэх дээр үндэслэн шийдвэр гаргана” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document