ОХУ руу сайн дурын цэрэг татлагад бүртгэнэ гэх мэдээлэл #ХУДАЛ

📌2022 оны 09 дугаар сарын 16-нд “ОХУ-ын Луганск, Донекцийн бүгд найрамдах улсад явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаанд 18-45 насны иргэдийг гэрээт цэргийн албанд бүртгэнэ” гэх агуулгатай постер тархсан.
📌Тус постерт Монголын улсын Батлан хамгаалах яам болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны логог ашиглан албан мэдээлэл мэтээр харуулахыг зорьсон байна. Мөн түүхэн дайн, байлдааныг эш татан “Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халхын гол, Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж явсан он жилүүдээ эргэн дурсаж НАТОгийн гар хөл болсон Украйны эсрэг ариун дайнд мордоцгооё” гэжээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Монгол улсын иргэдийг ОХУ-ын цэргийн ажиллагаанд оролцуулахаар бүртгэнэ гэдэг нь худал мэдээлэл юм. Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар 09 дугаар сарын 16-нд танилцуулсан мэдэгдэлдээ “Бид ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташетай холбогдоход энэ ор үндэсгүй худал юм гэж хэлсэн” гээд тус мэдээллийг хуурамч гэж мэдэгдсэн. Цаашлаад тэрээр уг мэдээллийн эзэн холбогдогчийг тагнуулын болон хуулийн байгууллага тогтооно гэдгийг онцолсон.

📌Мөн дээрх хуурамч мэдээллийн талаар Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас тодруулахаар 09 дугаар сарын 16-ны өдрийн 13:36 цагийн үед холбогдсон ба энэ баримт шалгалт нийтлэгдэх үед хариу өгөөгүй болно.
📌ОХУ-ын Элчин сайдын яамны нийтэд нээлттэй мэдээллийн сувгууд буюу вэб сайт, фэйсбүүк хуудас, твиттер болон бусад сошиал хаягуудад цэрэг татлагын талаар зарлал мэдээлэл байхгүй байна. Түүнчлэн ОХУ-ын Батлах хамгаалах яамны вэб сайтад дээрх Монголд сайн дурын цэрэг татлага явагдах тухай мэдээлэл байхгүй байна.

📌Шалгаж буй мэдээллийн агуулгаар сошиалд хайлт хийхэд 09 дүгээр сарын 13-нд Хувилгаан багш нэртэй Twitter хэрэглэгчийн хаягаар “Цэрэг-иргэний инженерчлэл” нэртэй паблик группэд нэрээ нууцалж, “group participant” буюу группын оролцогч гэсэн статустайгаар нийтэлсэн нэгэн агуулгын зургийг оруулсан байна. Тус зураг дахь агуулгад ““Орос ялна” нийгэмлэг, “Друzья Новоросzии” (Новоросзийн анд нөхөд) ТББ-аас оросыг дэмжигч цэргийн насны бух хумуусийн сонорт хүргэх нь: Украин дахь цэргийн тусгай ажиллагааг дэмжих хүрээнд Монгол улс дахь “Орос ялна” нийгэмлэг болон “Друzья Новоросzии” ТББ-аас дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүнд: 1) Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд гар бие оролцож, даяан дэлхийн махчин фашист нацист араатан хохол уркаин дэглэмийн эсрэг орос ахан дүүстэйгээ зэвсэг барин тулалдах хусэл эрмэлзлэлтэй, Монгол улсын иргэн цэргийн насны эрчүүдийг бүртгэн, хурдан хугацаанд фронт руу явуулж өгнө” гэсэн байна.
📌Зурагт гарсан “Цэрэг-иргэний инженерчлэл” группээс дээрх мэдээллийг хайхад илэрц гарч ирсэнгүй. Зургийг түүлээр шалгахад технологийн засвар оруулаагүй (Photoshop зэрэг программаар янзалсан зураг биш) байгаагаас үзвэл дээрх агуулгатай пост оруулаад устгасан байх боломжтой.
📌“Цэрэг-иргэний инженерчлэл” группыг “Purev-Erdene Munkhuu” нэртэй хэрэглэгч 2 жилийн өмнө үүсгэн байгуулсан ба 09 дүгээр сарын 16-нд нэгэн постын сэтгэгдэл хэсэгт Od Od нэртэй хэрэглэгчийн оруулсан “Хэт зүүнийхнээ битгий блоклоорой яахав галзуу солиотой хэдэн хүн байж л байг хөгжилтэй” гэсэн агуулгад “Би үзэл бодлоор нь хүмүүсийг ялгаварлан гадуурхахдаггүй шүү дээ. Олон янзын үзэл бодолтой хүмүүс энэ группэд байх тусмааа группыг амьд байлгадаг” гэж хариу бичсэн байна. Группын агуулгуудыг ерөнхийд нь ажиглахад Орос Украины дайны нөхцөлд Украины талыг баримталсан мэдээлэл түлхүү оруулдаг байна.
📌09 дүгээр сарын 16-нд Opendatalab Mongolia мэдээллийн сангаас хуулийн этгээдийн бүртгэл хэсэгт “Друzья Новоросzии” (Новоросзийн анд нөхөд) ТББ-ын хаягаар хайхад илэрц гарч ирсэнгүй.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst