Монголчууд нислэг бүрдээ виз авахаар боллоо гэх мэдээлэл #ХУДАЛ

📌2022 оны 09 дүгээр сарын 2-нд Папараци мэдээ нэртэй пэйжид “Ц.Оюунгэрэл ноцтой мэдэгдэл хийлээ” гэсэн тайлбартай, nutag.xyz домайн нэртэй сайтын “Ц.Оюунгэрэл: Монголчууд нислэг бүртээ виз авахаар боллоо гадаад харилцаагаар даан ч их тоглоод байсан юм аа” гэсэн гарчигтай мэдээллийн холбоосыг хавсаргасан пост оруулжээ.
📌Уг постыг 09 дүгээр сарын 9-ний байдлаар 772 реакц, 452 сэтгэгдлээр идэвхжүүлж, 178 удаа цааш түгээсэн байна. Харин сайтын мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Facebook платформд нийт 1,463 хариу үйлдэл авсан байна.
📌Уг холбоосоор орж үзэхэд “Солонгос улсаар дайран өнгөрөхөд биднээс Трансит Виз нэхдэг болжээ. Дайн эхлүүлсэн Орос улстай нийлж хийж буй хээрийн сургуулилтанд манай батлан хамгаалах яам цэргээ явуулсанд эгдүүцсэн байх. Манай цэргүүд одоо Орос улсад байгаа. Бас манай улсад орж ирсэн Орос цэргүүд одоо болтол гарахгүй байгаа гэж ойлгосон. Япон улс бас маш дургүй байгаагаа илэрхийлсэн байсан. Удахгүй иймэрхүү байдлаар реакц үзүүлэх байх. Үүнд Ц.Оюунгэрэл ийнхүү сэтгэгдэлээ илэрхийлэв. Тэрбээр: “Гадаад харилцаагаараа даан ч их тоглоод байсан юмаа энэ МАНгарууд. Энийг хар даа. Одоо нислэг болгондоо виз авах нь!!!” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Цахим орчинд дээрх мэдээлэл тархсантай холбоотой Монгол Улсын ГХЯ-ны Консулын албанаас 09 дүгээр сарын 02-нд Twitter сүлжээнд “Бүгд Найрамдах Солонгос Улсын нисэх буудлуудаар дамжин гуравдагч орнууд руу зорчих Монгол иргэд “транзит” виз авах шаардлагагүй, хэвийн зорчиж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх жиргээ оруулжээ.
👉Мөн 2022 оны 09 дүгээр сарын 03-нд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам вебсайтдаа мэдэгдэл гаргасан байна. Тухайн мэдэгдэлд:
📌“Сүүлийн үед цахим орчинд “Монгол иргэд БНСУ-ын нисэх буудлаар дамжин 24 цагийн дотор өөр улс руу явах тохиолдолд дамжин өнгөрөх виз шаардаж байна” гэсэн ташаа мэдээлэл тархаж байна. Энэ нь худал мэдээлэл болохыг мэдэгдэж байгаа бөгөөд монгол иргэд Инчон нисэх буудал зэрэг дамжин өнгөрөх танхимаар 24 цагийн дотор өөр улс руу зорчих тохиолдолд виз авах шаардлагагүй. Мөн K-ETA зөвшөөрөл нь Монгол иргэдэд хамаарахгүй болохыг анхаарна уу” гэж мэдэгджээ.
👉09 дүгээр сарын 07-нд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 7007-1030 лавлах утсаар холбогдон тодруулахад :
📌“Виз нь кодтой болон кодгүй хоёр төрөл байна. Монгол улсын иргэд консулын газраар дамжуулан авсан кодтой визээр БНСУ руу зорчино.
☝Кодгүй буюу K-ETA цахим визийг БНСУ-д визгүй зорчих эрхтэй 112 орноос зөвхөн 50 улсын харъяалал бүхий иргэд Цагаачлалын албаны вебсайтаар дамжуулан авах боломжтой. Ямар нэг хувь хүн болон хувийн байгууллага тухайн визийг дур мэдэн олгох боломжгүй” гэх хариултыг өглөө.
👉БНСУ-ын Цагаачлалын албаны immigration.go.kr вебсайтын K-ETA визийн талаарх 2021 оны 08 дугаар сарын 27-ны мэдээлэлд “K-ETA нь БНСУ руу визгүй зорчих боломжтой орны иргэд цахимаар авах ёстой зорчих виз юм. Бусад орны иргэд заавал консулын албаар дамжуулан визийн хүсэлт гаргана” гэжээ.
☝Цагаачлалын албаны вебсайтад байх БНСУ руу визгүй зорчдог болон K-ETA виз авах боломжтой орнуудын жагсаалтад Монгол Улс багтаагүй байна.

👉Шалгаж буй мэдээлэлд зургаар оруулсан транзит виз авах шаардлагатай 5 орны нэгд Монгол Улсыг оруулж бичсэн Koreanonlinevisa.com вебсайт нь БНСУ-ын төрийн байгууллагын албан ёсны баталгаат эх сурвалж биш, хувийн хэвшлийн үйл ажиллагаа юм.
📌Вебсайтын анхааруулга хэсэгт “Уг вебсайт нь хувийн өмчит визийн мэдээллийн агентлаг бөгөөд БНСУ-ын Засгийн газартай ямар нэгэн холбоо байхгүй болно” хэмээн анхааруулсан байна.
👉Koreanonlinevisa.com вебсайт нь танилцуулга хэсэгтээ:
📌“Тус улсад зочилсон хүмүүс манай вэбсайтыг K-ETA авах, шаардлагад нийцүүлэх, татгалзсан өргөдөл гаргавал юу хийх болон бусад олон зүйлийн талаар мэдэхэд тустай эх сурвалж болгон ашиглаж болно” гэж мэдээлсэн байна.
👉Мөн сайтын хөл хэсэгт:
📌Анхааруулга: Энэ вэб сайтад үзүүлсэн мэдээллийг зөвхөн зөвлөгөө, мэдээлэл болгон ашиглах ёстой. Өмнөд Солонгосын засгийн газар визийн бодлого болон нэвтрэх шаардлагуудыг урьдчилан мэдэгдэлгүйгээр шинэчилсэн тохиолдолд бид энэ сайтад гарсан хуучирсан мэдээлэлд хариуцлага хүлээхгүй. Хэрэв та ямар нэгэн алдаатай мэдээлэл байгааг илрүүлсэн бол бидэнтэй холбоо барина уу, шаардлагатай бол бид хянаж, засварлах болно” гээд төрийн байгууллагын k-eta.go.kr албан ёсны вэбсайтыг холбож өгсөн байна.

👉Бид 09 дүгээр сарын 07-нд Koreanonlinevisa.com вебсайтын санал хүсэлт хэсгээр дамжуулан Монгол Улсыг яагаад транзит виз авах шаардлагатай улсын тоонд оруулсан шалтгааныг лавлан, хуурамч мэдээллийг залруулах хүсэлт гаргасан болно.
📌09 дүгээр сарын 09-нд и-мэйлийн хариу ирүүлсэн бөгөөд “Манай вебсайт нь засгийн газрын албан ёсны сайт биш, хувийн өмчийнх тул зарим мэдээлэл зөрж болзошгүй. Тиймээс хэрэглэгчид зөвхөн сайтын мэдээллийг хараад зогсохгүй, өөрийн улсын Цагаачлалын алба болон холбогдох Элчин сайдын яамдаар дамжуулан мэдээллээ баталгаажуулах нь чухал” гэжээ.
☝Харин Монгол Улсыг транзит виз авах шаардлагатай орнуудын жагсаалтаас хасаж, алдаагаа залруулах талаар ямар нэг агуулгыг уг хариултад дурдаагүй байна.
👉Монголд суугаа БНСУ-ын ЭСЯ-аас авсан тодруулгын үеэр ч уг сайтыг засгийн газрын албан ёсны сайт биш гээд, түүний мэдээллийг залруулах асуудал төрийн байгууллагын үүрэг биш гэдэг агуулгыг дурдсан юм.

📌Шалгаж буй мэдээлэлд дурдсан Oyungerel Цэдэвдамба нэртэй Twitter хэрэглэгч 2022 оны 09 дугаар 02-ны өдөр өөрийн хаягтаа “За албаны эх сурвалжаас мэдээлэл тодруулга гарсан тул өмнөх мэдээллээ устгалаа. Манай визийн горимын тухай ташаа мэдээлж бгаа сайтууд руу энэ мэдэгдлээ илгээж засуулахыг хүсье!” гэх жиргээ оруулсан байна. Иймд Oyungerel Цэдэвдамба гэх хэрэглэгч шалгаж буй мэдээллийг оруулаад, устгасан гэж үзэх үндэслэлтэй.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst