Үхлийн аюултай хавдраас аварсан жимс гэх мэдээлэл #ХУДАЛ

📌2022 оны 08 дугаар сарын 28-нд Гоё бүсгүйчүүд нэртэй пэйжид “Намайг үхлийн хорт хавдраас аварсан жимс” гэсэн тайлбартай, timon.mn домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 1026 реакц, 64 сэтгэгдэл авч, 859 удаа цааш түгээгдсэн байна. Холбоосоор орж сайт дахь мэдээллийн тархалтыг нягтлахад Facebook платформд нийт 22 удаа оруулж, 11,172 хариу үйлдэл авсан байна.
📌 Уг мэдээлэлд Болгарын нэгэн эрэгтэй хорт хавдартай тэмцсэн түүхээ ярьсан мэтээр бичсэн ба агуулга нь хорт хавдрын хагалгаанд орсны дараа дахин үсэрхийлж эхэлсэн өвчнөө “Гандьгарын жимсгэнэ” (elderberry - Sambucus nigra) гэдэг жимсээр намжмал байдалд оруулсан гэх ойлголт төрүүлэхээр байна. Түүнчлэн мэдээллийн төгсгөлд “дархлаа дэмжих үүднээс эрүүл хүмүүс ч гэсэн энэ эмчилгээг тухшиж хэрэглэх” хэрэгтэй гэсэн ба “хар өвгөний /дээрх жимсийг хэлсэн бололтой/ эмийн шинж чанар, эсрэг заалтуудыг судалж боловсруулаагүй байна” гэжээ.

#FactCheckedByMFCC

🔍Монгол хэлнээ утга, найруулгын алдаатай буулгасан дээрх мэдээлэлд дурдаж байгаа elderberry буюу “Гандьгарын жимсгэнэ”-ий судлагдсан байдал, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллийн бодит байдлыг гаргахаар дараах баримт шалгалтыг хийлээ.

👉2018 онд Каролина Млинарчик нарын “Journal of Functional Foods” сэтгүүлд хэвлүүлсэн “Гандьгарын жимсгэний (Sambucus nigra L.) биоактив шинж чанарууд нь хүнс болон эмийн үйлдвэрлэлд функционал орц болох нь” (Bioactive properties of Sambucus nigra L. as a functional ingredient for food and pharmaceutical industry) гарчигтай өгүүлэлд гандьгарын жимсгэнэ нь Еврази болон Хойд Америкт ургадаг гэсэн ба тус жимсгэнэ ургадаг модны цэцэг болон модны бусад хэсгийг уламжлалт эмийн хүрээнд ханиад, томуу гэх мэт олон төрлийн өвчнийг эмчлэхэд ашиглаж байсан тухай тайлбарлажээ.
📌АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Институт (National Institute of Health) тус жимсийг эрүүл мэндийн зорилгоор ашиглах боломжтой гэж хэлэх хангалттай шинжлэх ухааны баримт цуглараагүй байна гэжээ. Энэ жимсний эрүүл мэндийн ач холбогдолын талаар хийсэн судалгаанууд нь хүн эсвэл амьд амьтанд туршигдаагүй бөгөөд зөвхөн хязгаарлагдмал хүрээнд, лабораторид хийсэн судалгаанууд байгаа юм. Өөрөөр хэлбэл in-vitro буюу лабораторийн түвшинд эсийн өсгөвөрт антоцянины хариу урвалыг ажигласан судалгаанууд байгаа юм.
👉Антоцянин гэдэг нь ургамал, жимсгэний өнгөний пигмент бодис юм.
📌Антоцянин нь гандьгарын жимсгэнээс гадна нэрс, гүзээлгэнэ, цангис, усан үзэм, вино, чавга (plum), интоор, анар жимс болон улаан сонгино, цэцэгт байцаа гэх мэт төрлийн бүрийн хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг байна. 2016 оны байдлаар 500 гаруй төрлийн антоцяниныг судалж тогтоогоод байна.

👉Гандьгарын жимсгэнийг эрүүл мэндийн ач холбогдолтой гэх шалтгаан нь тус жимсэн дэхь флавоноидын бүлгийн антоцянины агууламж холбоотой юм.
📌2006 онд Толэ (Julie M Thole) тэргүүтэй судлаачид Америк болон Европын гандьгарын жимсгэнийг харьцуулан хавдрын эсрэг үйлчилгээний талаар судалсан ба тус жимсний хавдрын эсрэг үйлчилгээтэй флавонойдын бүлгийн бодисуудыг тогтоосон байна. Тодруулбал, гандьгарын жимсгэнэ дэх антоцянин нь хавдрын эсрэг үйлчилгээтэй флавонойдын бүлэгт багтдаг тул уг судалгаанаас дээрх жимс хавдрын эсрэг үйлчилгээтэй бодис агуулж болохыг тогтоосон.
👉Гэхдээ уг судалгааг хүний биед бус лабораторийн түвшинд хийсэн бөгөөд одоогийн байдлаар хавдрын эсрэг ашиглах зорилгоор хүнд туршсан судалгаа байхгүй байна.
📌2017 онд “Food & Nutrition Research” сэтгүүлд хэвлэгдсэн антоцянины эрүүл мэндийн ач холбогдлын тухай өгүүлэлд антоцянин зэрэг флавонойдын бүлгийн бодисуудын хавдрын эсрэг үйлчилгээний талаарх судалгаануудыг тоймлосон ба эдгээр нь in-vitro буюу лабораторийн түвшинд эсийн өсгөвөрт эсвэл амьтад дээр туршсан судалгаанууд байгаа аж.
📌АНУ дахь хавдрын судалгааны “Memorial Sloan Kettering” хавдрын төвийн вэб сайт дахь гандьгарын жимсгэний талаарх мэдээлэлд тус жимсийг вирус, бактер, чихрийн шижингийн эсрэг үйлчилгээтэй, дархлаа дэмждэг гэх мэт ач холбогдолтой болохыг зарим лабораторийн түвшинд хийсэн судалгаанууд дүгнэснийг дурдсан ба эдгээр ач холбогдолыг батлахын тулд өргөн хэмжээний судалгаа шаардлагатай байгаа гэдгийг онцолсон.
👉Мөн 2014 онд 04 дугаар сарын 29-нд Европын Эмийн Агентлаг гандьгарын жимсгэнэ талаарх судалгаануудыг үндэслэн мэдэгдэл гаргасан бөгөөд “эмийн хэрэглээнд ашиглахад хангалттай биш” гэж дүгнэсэн байна.
📌Хэдийгээр гандьгарын жимсгэнэ нь антоцянины агууламж өндөртэй боловч хавдрын эмчилгээний гол хэсэг болох “шидэт эм” биш юм. Өөрөөр хэлбэл зөвхөн гандьгарын жимсгэнэд антоцянин байдаггүй бөгөөд өөр бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс тус бодисыг авах боломжтой. Түүнчлэн антоцянин нь хавдрыг эмчилдэг “онцгой бодис” болох нь батлагдаагүй байна.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst