Хөлдөөсөн нимбэг бол бүх төрлийн хорт хавдрыг арилгах хамгийн сайн арга гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

📌2022 оны 08 дугаар 31-нд lifestyle.mn нэртэй пэйжид “Хөлдөөсөн нимбэг бол бүх төрлийн хорт хавдрыг арилгах хамгийн сайн арга юм. Химийн эмчилгээнээс 10,000 дахин хүчтэй үйлчилгээ үзүүлнэ!” гэх тайлбартай, мөн адил домайн нэртэй вэб сайтын холбоосыг хавсаргасан мэдээлэл оруулсан нь 09 дүгээр сарын 6-ны байдлаар 564 реакц, 10 сэтгэгдэл авч, 2,030 удаа цааш түгээгдсэн байна.
📌Хавсаргасан холбоосоор орж сайт дахь мэдээллийг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Facebook платформд нийт 1154 реакц, 28 коммент авч, 2074 удаа цааш түгээсэн байна.
📌Тус мэдээнд нимбэгийг химийн эмчилгээнээс илүү үр дүнтэй гээд 12 төрлийн хорт хавдрын эсийг устгадаг гэж онцолжээ. Агуулгыг сийрүүлбэл, “...Та нимбэгийн тухай бодохдоо зөвхөн түүний шүүсэнд витамин С агуулдаг гэж үзэж байна уу. Тийм бол үгүй юм нимбэгийн хальс нь нимбэгийн шүүснээс 5-10 дахин их витамин С агуулдаг. Ихэнх тохиолдолд бид үүнийг хаядаг. Харин одоо нэг нимбэгийг бүхэлд нь хөлдөөж, дараа нь үрж хэрэглэж, бүр илүү эрүүл байх боломжтой. Нимбэгийн хальс нь бие дэх хорт элементүүдийг арилгахад хүчтэй нөхөн сэргээгч болдог юм… Нимбэг (цитрус) бол хорт хавдрыг устгадаг гайхалтай хоол юм. Энэ нь хими эмчилгээнээс 10,000 дахин хүчтэй.
Тэгэхээр: Нимбэгийн хальс нь тааламжтай үнэрээс гадна нимбэгийн шүүснээс 10 дахин их витамин агуулдаг бөгөөд бие дэх хорт элементүүдтэй тэмцэхэд тусалдаг.
Гэхдээ хамгийн чухал нь нимбэг нь хорт хавдрын эсийг устгадаг… Нимбэгийн модны бүрэлдэхүүн хэсгүүд нь хорт хавдрын эсийн өсөлтийг удаашруулах зорилгоор химийн эмчилгээнд өргөн хэрэглэдэг Адриамицин хэмээх эмээс 10000 дахин илүү байдаг…1970 оноос хойш 20 гаруй лабораторийн шинжилгээгээр жирийн нимбэг нь бүдүүн гэдэс, түрүү булчирхай, уушги, нойр булчирхай, хөхний хорт хавдар зэрэг 12 төрлийн хорт хавдрын эсийг устгадаг болохыг харуулсан дэлхийн хамгийн том эм үйлдвэрлэгчдийн нэгээс гаралтай. Тэгээд бүр гайхмаар зүйл нь:
Нимбэгийн хандтай эмчилгээний төрөл нь зөвхөн хорт хавдрын эсийг устгаж, эрүүл эсүүдэд нөлөөлдөггүй” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

👉Уг мэдээлэл олон жилийн турш интернетэд тархаж байгаа бөгөөд эх сурвалжийг хайж үзэхэд нимбэгийг хавдрын эсрэг ашиглахыг зөвлөсөн текст нь АНУ-ын Балтимор дахь Эрүүл мэндийн шинжлэх ухааны институтийн гаргасан гэх зөвлөмжтөй таарч байгаа юм.
📌Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний баталгаажуулалттай АНУ-ын Snopes баримт шалгах төв 2011 онд тус мэдээг шалгасан ба “Балтиморын институт нь уг зөвлөмжийг гаргаагүй” гэж мэдэгдсэн байна.
📌Цаашлаад дээрх хуурамч мэдээтэй ижил агуулгатай мэдээллүүдийг IFCN-ий гишүүн PolitiFact, AfricaCheck, Fullfact, Lead Stories зэрэг баримт шалгах байгууллага үндэслэлгүй, худал мэдээлэл гэдгийг нь онцолжээ.

👉Нимбэгийн хальсанд нимбэгийн шүүснээс өндөр хэмжээтэй витамин С агуулдаг боловч бидний шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг 5-10 дахин их витамин С агуулагддаг тухай мэдээлэл байхгүй байна.
📌Жүржийн төрлийн жимсэн дэх витамин С-ны дөрөвний нэг нь шүүсэнд байдаг байна. Харин жимсний бусад хэсгүүд дэх амин дэмийн талаарх мэдээлэл төдийлэн их биш. 1876 оноос хэвлэгдэж байгаа “Botanical Gazette” (1992 онд ‘International Journal of Plant Sciences’ гэж нэрээ өөрчилсөн) сэтгүүлийн 1964 оны 09 дүгээр сарын дугаарт Калифорнийн их сургуулийн профессор Ирвинг Иаксын (Irving L. Eaks) хэвлүүлсэн “Ascorbic Acid Content of Citrus During Growth and Development” гарчигтай өгүүлэлд 100 грамм нимбэгэнд агуулагдах нимбэгний хальсны витамин С нимбэгийн шүүсэнд агуулагдах хэмжээнээс 4 дахин их байгааг тогтоосон байна.
📌Мөн 1925 оноос хойш хэвлэгдэж буй ургамалын биологийн “Planta” сэтгүүлд Энрикэта Алос (Enriqueta Alós) нарын 2014 онд хэвлүүлсэн “Differential transcriptional regulation of L-ascorbic acid content in peel and pulp of citrus fruits during development and maturation” гарчигтай өгүүлэлд нимбэгний хальсанд нимбэгний шүүсэнд байхаас илүү витамин С байдгийг тогтоожээ.
📌Хэдийгээр нимбэг, түүнтэй ойр төрлийн жимсүүд зарим бактер, мөөгөнцөр, вирус болон хавдрын эсрэг үйлчилгээтэй боловч энэ “химийн эмчилгээг орлож чадахуйц биш” гэж 2019 оны 03 дугаар сарын 8-нд АНУ-ын Аркансасын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулиас мэдэгдсэн байна.
👉 Хэрвээ энгийн нимбэг нь олон төрлийн хавдрыг устгах чадвартай байсан бол хавдрын эсрэг эмчилгээнд химийн болон радиологийн эмчилгээ огт шаардлагагүй байх байсан гэж Lead Stories төвийн баримт шалгалтын тайланд дурдсан байна.

👉Адриамицин нь уушиг, гэдэс, хөх, давсагны гэх мэт олон төрлийн хавдрын эсрэг ашиглагддаг химийн эмчилгээний эм юм.
АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA) “Адриамицин” эмийг уушиг, гэдэс, хөх, давсагны гэх мэт олон төрлийн хавдрын эсрэг ашиглагддаг химийн эмчилгээний эм гэж 1993 оны 09 дүгээр сарын 7-нд баталсныг 2003 оны 07 дугаар сарын 31-нд нийтэлжээ. Мөн тус эм нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-д байдаг ба хавдрын эсрэг ашиглахаар заажээ. “Адриамицин” гэж худалдааны нэр нь бөгөөд уг эмийг “Доксорубицин” /Doxorubicin/ гэж нэрлэдэг. 2021 оны ДЭМБ-ын “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-ын 27 дугаар нүүрт “Доксорубицин” нэрээр оруулсан байна.
👉Харин энэ “эмээс 10,000 дахин илүү” гэж дурдсан нимбэгийн модны бүрэлдэхүүн хэсэг гэх мэдээллийн дагуу Google Scholar хайлтын системд “нимбэгийн мод”, “нимбэгийн модны ашигтай элемент” гэх мэт түлхүүр үгээр хайж үзэхэд илэрц гарч ирсэнгүй.
👉Бидний шалгаж буй мэдээлэлд танилцуулсан эх сурвалж нь “дэлхийн хамгийн том эм үйлдвэрлэгчийн 1970 оноос хойш хийсэн 20 гаруй лабораторийн шинжилгээ” гэсэн боловч шинжилгээ хийсэн эм үйлдвэрлэгчийн нэрийг дурдаагүй, баталгаагүй мэдээлэл гаргажээ.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst