ШУУРХАЙ: Хилээр адуу оруулж, гаргахыг хориглох тогтоол гарлаа гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хилээр адуу оруулж, гаргахыг хориглох тогтоол гарлаа гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Адууны талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг боловсруулж, санал авч байгаа, харин УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. Тиймээс “Хилээр адуу оруулж, гаргахыг хориглох тогтоол гарлаа” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн байна.

2022 оны 08 дугаар сарын 20-нд Never Gone нэртэй пэйжид “ШУУРХАЙ: Хилээр АДУУ ОРУУЛЖ, ГАРГАХЫГ хориглох тогтоол гарлаа” гэх тайлбартай, gerbul.life домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 09 дүгээр сарын 6-ны байдлаар 218 реакц, 50 сэтгэгдэл авч, 14 удаа цааш түгээсэн байна. Сайтын холбоосоор орж, CrowdTangle хэрэглүүрээр тархалтыг нягтлахад нийт 21 удаа Facebook-т хуваалцаж, 16,127 хариу үйлдэл авч идэвхжүүлсэн байна.

Уг мэдээнд, “УИХ-ын гишүүн Н.Ганибал 2030 он хүртэл Монгол Улсын нутаг дэвсгэрт ямар нэг үүлдэр, удмын адуу импортлохыг хориглох агуулгатай тогтоолын төсөл санаачлан, санал авч байна. Тэр энэ хуулийн төслөө тавдугаар сарын 24-ний өдөр Lawforum.parliament.mn сайтад байршуулжээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байх үеэр ийм заалт орж ирсэн. Үүнийг УИХ-ын гишүүд эсэргүүцэж, “Зүгээр л эрлийз морь уралдуулахгүй гэж журмаа гарга л даа. Адуу импортолдог ААН-үүдийн үйл ажиллагаанд ингэж халдаж болохгүй” гэсээр унагасан юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Ганибал өмнө нь энэ агуулгыг тусад нь тогтоолын төсөл хэлбэрээр боловсруулж, өргөн барихаар бэлтгэж байжээ.
Тогтоолын төслийн онцлох заалтуудаас дурдвал:
– Улсын хилээр адуу гаргах, оруулах хөдөлгөөнийг 2027 оныг дуустал хугацаанд зогсоосугай
– Монгол Улсад импортлох адууны тоог 2023.01.01-ний өдрөөс 2030.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд “0” хэмжээгээр тогтоох
– Адууг улсын хилээр гаргах, оруулах үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэж, зөвшөөрөлгүй болон үржлийн үнэт чанараар үнэлэгдээгүй адуу импортлон тараасан үйлдэлд дүгнэлт гаргах, энэ чиглэлийн тусгай зөвшөөрөл олгох, цуцлах харилцааг нарийвчлан тогтоох, улсын хилээр адуу оруулах үйл ажиллагааны бүртгэл, хяналтыг сайжруулах зэрэг байна.

1. Өмнө нь гарч байсан мэдээний гарчгийг өөрчлөн түгээсэн байна

Тухайн мэдээ нь 2022 оны 06 дугаар сарын 21-нд eguur.mn сайтад гарсан “Н.Ганибал 2027 он хүртэл хилээр адуу оруулж, гаргахыг хориглох тогтоол САНААЧИЛЖЭЭ” гэх мэдээг хуулж тавьсан байна.
Харин гарчгийг “Хилээр адуу оруулж, гаргахыг хориглох тогтоол ГАРЛАА” гэж өөрчилсөн байна.

2. Тогтоолын төсөл боловсруулж байгаа ч өргөн бариагүй байна

Шалгаж буй мэдээлэлд дурдсанчлан Цахим парламентын сайт дахь Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл дунд “Адууны талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл байна. Уг төслийг 05 дугаар сарын 24-ний өдөр байршуулсан.
📌Харин “Өргөн мэдүүлсэн төслүүд” цэсэнд дээрх тогтоолын төсөл алга байна. Мөн УИХ-ын Тамгын газрын эрхлэн хөтөлдөг parliament.mn вэбсайтад “Адууны талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл мэдүүлсэн тухай мэдээлэл алга байна.
👉Өөрөөр хэлбэл, уг тогтоолыг боловсруулж, санал авч байгаа, харин УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. Тиймээс “Хилээр адуу оруулж, гаргахыг хориглох тогтоол гарлаа” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн байна.

3. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байна

👉Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар УИХ нь хууль тогтоох бүрэн эрхээ гагцхүү чуулганаар хэрэгжүүлэх эрхтэй.
📌Өнгөрсөн чуулганы хуралдаануудаар шалгаж буй агуулгатай тогтоол батлаагүй бөгөөд өргөн бариагүй байна.
👉Харин ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан эсэхийг шүүж үзлээ.
📌 2022 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн “УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын 52 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг баталсан ба боловсруулж буй “Адууны талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл тусгагдаагүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document