Хөхний сүү амны хөндийн эрүүл мэндэд сайн ч, зарим нөлөөгөөр шүд хорхойтуулах боломжтой гэх мэдээлэл үнэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хөхний сүү шүд хорхойтуулдаг гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хөхний сүү шүд цооролтод шууд нөлөөлдөггүй ч тодорхой эрсдэлт хүчин зүйлсээс хамааран сүүн шүд хорхойтох боломжтой юм. Шөнө амны хөндийд шүлс бага ялгарснаас үүдэн шүдний өвчлөлөөс хамгаалах чадвар сулардаг. Энэ үед аманд уснаас өөр ямар нэг шингэн удаан хугацаагаар байснаар битүү орчинд бактери үрждэг

📌2022 оны 08 дугаар сарын 28-нд Oyu Oyu нэртэй хэрэглэгч манай пэйжийн чатботоор “Сүүлийн үед Ээжүүдийн группүүдээр их талцдаг сэдэв бол хөхний сүүнээс болж шүд цоордог, цоордоггүй гэсэн талцлыг нэг тийш болгох өгч болох уу. Энэ талаар баримттай мэдээлэл хэрэгтэй байна” гээд дараах линкийг илгээж, шалгуулахыг хүссэн юм. 📌Уг линкээр ороход 2021 оны 12 дугаар сарын 11-нд Edoctor.mn домайн нэртэй сайтад нийтэлсэн “Хөхний сүү шүд хорхойтуулдаг уу” гэсэн гарчигтай мэдээлэл байна. Уг мэдээлэлд нярай хүүхдийн амны хөндийн арчилгаа, соосог, цэвэрлэгч салфетка, түрхлэг зэргийн хэрэглээний талаар зөвлөмж өгөөд, хүүхдийн шүд хөхний сүүнээс болж цоордог эсэх тал дээр мэдээлэл өгсөн байна.

Уг мэдээллээс Oyu Oyu нэртэй хэрэглэгчийн шалгуулахыг хүссэн агуулга болох “Хөхөөр удаан хооллосноос болж шүд хорхойтдог уу” гэх хэсэгт баримтын шалгалт хийлээ. Тухайн агуулга нь:
📌“Анх 1972 онд АНУ-д 10 гаруй хүүхдийг хамарсан судалгаанаас “хөхний сүү хүүхдийн шүд хорхойтоход нөлөөлдөг” гэсэн үр дүн гарсан байдаг. Тухайн үед уг судалгааны үр дүн эрчимтэй тархсанаар одоог хүртэл энэ ойлголт зарим хүмүүст үлдсэн байдаг. Гэвч анагаах ухааны аливаа судалгаанд хэдий чинээ олон хүн оролцсон, төдий чинээ гарах үр дүн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үздэг. Тэгэхээр хөхний сүү нь хүүхдийн шүд цооролтод шууд нөлөөлдөггүй гэж ойлгож болох юм.
📌Хөхний сүү нь хүүхдийн шүдэнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин эсрэгээрээ хөхний сүү нь хүүхдийн шүд, ясны бэхжилтэд болон биеийн ерөнхий эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх олон витамин, эрдэс бодис агуулдаг.
ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сангаас хүүхдийг хоёр нас хүртэл хөхүүлэхийг зөвлөдөг хэдий ч хүсвэл хүүхдийг дөрвөөс зургаан нас хүртэл ч хөхүүлэх боломжтой. Энэ нь эх хүүхэд хоёрын эрүүл мэнд, эрхтэн тогтолцооны хөгжилд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй байна.
📌Сүүн шүд хорхойтоход нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс:
-Хөхний сүү, сүү орлуулагчийг бүрэн залгиагүй унтах
-Чихэрлэг шингэн ууж унтах
-Амны хөндийн арчилгаа муу хийх
-Эцэг эхчүүд хүүхдийн угж, хөхөвч /соосог/, хоолны хэрэгсэл зэргийг амандаа хийх замаар халдвар дамжих (Streptococcus mutans халдвар нь шүд цоороход нөлөөлөх гол хүчин зүйл болно. Эцэг эхийн шүд хорхойтоогүй байж болох ч уг бактерийн тээгч байх магадлалтай. Учир нь насанд хүрэгчдийн дархлаа тогтолцоо элдэв халдвартай тэмцэх чадвартай байдаг. Харин хүүхдийн дархлаа тогтолцоо бүрэн хөгжиж амжаагүй байдаг учир халдварт өртсөн тохиолдолд эрүүл мэндэд асуудал үүсгэх магадлал өндөр байна.)
-Шүлсний ялгаралт буурах (шүлс нь шүдний гадаргуугаас бохирдлыг арилгах, хүчиллэг орчныг тэнцвэржүүлэх үүрэгтэй. Иймд, шүлсний ялгаралт буурах нь шүд цоороход нөлөөлдөг)
-Хоол хүнсээр дамжуулан хангалттай шим тэжээл авч чадахгүй байх” гэсэн байна.
Мэдээллийн эх сурвалжийг “Зинт клиникийн хүүхдийн эмч, Анагаах ухааны доктор Т.Навчаа” гэж дурдаад, “Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хүүхдийн сүүн шүдний арчилгаа нь тухайн хүүхдийн нас, эрүүл мэндийн онцлогоос хамааран харилцан адилгүй байх тул шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна уу” гэсэн анхааруулга оруулсан байна.

1. 1972 оны төөрөгдүүлсэн судалгаа нийтэд тархсанаар хөхний сүү шүд хорхойтуулдаг хэмээх цуу яриа гарсан гэх мэдээлэл #ҮНЭН

👉Шалгаж буй мэдээллийн агуулгыг түлхүүр үгсээр хайхад гарч ирсэн нийтлэлүүд дундаас Австралийн Шүдний эмч нарын холбооны гишүүн Коринна Группийн вебсайтад байршсан мэдээнд “1970 болон 1980 оны үеэр хөхний сүү шүд хорхойтуулдаг гэх ташаа мэдээлэл олон улсад тархаж байсан” болохыг онцолжээ. Тухайн үед буюу 1970 болон 1980 оны хооронд хийсэн “Хөхөөр хооллохын эсрэг уриалсан” судалгааны ажлууд хожмоо няцаагдсан болохыг Коринна Группийн мэдээлэлд дурдсан байна.
📌АНУ Биотехнологийн үндэсний мэдээллийн төвийн вебсайтаас ташаа мэдээллийн үндэс болсон гэх судалгааны ажлуудыг хайж үзэхэд 1970-1980 оны хооронд хийсэн нийт 40 судалгааны ажлын илэрц гарч ирж байна. Үүнээс хөхний сүү шүд хорхойтох шалтгаан болдог гэх агуулгатай судалгааг сонгон үзэхэд агуулгыг устгасан байна. Энэ нь дээрх Австралийн Коринна Группийн мэдээлсэн, хожмоо няцаагдсан гэдгийг баталж байна.
📌Жишээ нь, 1977 онд АНУ-д хийсэн “Хөхөөр хооллох: Хүүхдийн шүдний өвчлөлийн шалтгаан”, мөн 1977 онд АНУ-д хийсэн “Хүүхдийг дураар нь хөхүүлэх, хүүхдийн шүдний өвчлөл” зэрэг судалгааны ажлыг устгасан байна. /холбоосыг эх сурвалж хэсэгт оруулав/

2. Хөхний сүү, агуулж буй эрдэс бодис, хүүхдэд үзүүлэх нөлөөний тухай

📌АНУ-ын Жирэмсэн эхчүүдийн нийгэмлэгийн вебсайт дахь хөхний сүүний агууламжийн тухай мэдээлэлд хөхний сүү хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд чухал нөлөөтэй амин дэм, эрдэс бодис ихээр агуулдаг гэжээ. Мэдээллээс эш татвал:
“Хөхний сүүнд агуулагдах уургийг үндсэн хоёр төрөлд хуваадаг. Хөхний сүүний нийт уургийн:
40 хувь нь казэйн,
60 хувь нь ийлдэс уураг байна.
Хүүхдийн идэж, ууж буй хүнсний бүтээгдэхүүний найрлагад агуулах казэйний хэмжээ ихсэх тусам хүүхдийн хоол боловсруулах тогтолцоонд шингэц багатай байна. Тийм ч учраас ийлдэс болон казэйний тэнцвэрт агууламжтай хөхний сүү нь хүүхдийн биед шингэц сайтайгаар зогсохгүй элдэв өвчнөөс хамгаалах чухал ач холбогдолтой.
📌Хөхний сүү мөн өөх тос агуулна. Агуулж буй өөх тос нь хүүхдийн тархи, мэдрэлийн системийн хөгжилд эергээр нөлөөлж тосонд уусдаг витаминуудыг шингээхэд хялбар болгож өгдөг. Эхийн хооллолтоос хамаарч хөхний сүүний витамины агууламж өөрчлөгддөг учраас хөхүүл ээж А, Д, Е, К, С, B2, ниацин, В5 витаминуудыг хангалттай авах нь чухал.
📌Хөхний сүүний найрлагад байх бас нэгэн чухал бодис бол лактоз. Уг нүүрс ус нь хөхний сүүний нийт илчлэгийн 40 орчим хувийг бүрдүүлнэ” гэжээ.
📌ДЭМБ-ын вебсайтад 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нийтэлсэн “Нярай болон бага насны хүүхдийн хооллолт” нэртэй тайлан мэдээнд хөхөөр хооллох тухай дараах баримтуудыг хавсаргасан байна. Үүнд:
“Бага насны хүүхдийн үхэл, эндэгдлийн 45 хувь нь хүнс, тэжээлийн дутагдлаас болсон байдаг. Дэлхийд 0-6 сартай нярайн 44 хувь нь л хангалттай хэмжээгээр хөхөөр хооллож чадаж байна. Хэрэв бүх хүүхэд 23 сар хүртлээ хөхөөр сайн хооллодог байсан бол жилд 823,000 хүүхдийг амь эрсдэхээс хамгаалж болох байсан. Хөхний сүү 6-12 сартай хүүхдийн өдрийн шим тэжээлийн хэрэгцээний 50 хувийг, 12-24 сартай хүүхдийн өдрийн шим тэжээлийн хэрэгцээний гуравны нэгийг хангаж чадна. 23 сар хүртлээ хангалттай хэмжээнд хөхөөр хооллосон хүүхэд сэтгэн бодох чадвар өндөр, суралцах чадвар сайн болж өсөж торних ба насанд хүрсэн үедээ илүү өндөр орлоготой байх хандлагатай” хэмээн мэдээлсэн байна.

3. Хүүхдийг дөрвөөс зургаан нас хүртэл хөхүүлэх боломжтой гэх мэдээлэл #ҮНЭН

📌ДЭМБ-ын Хөхөөр хооллох зөвлөмжид тусгаснаар:
-Хүүхдийг төрснөөс хойш 1 цагийн дотор амлуулах
-6 сар хүртэл нь зөвхөн хөхөөр хооллох
-2 нас хүртэл нь хөхөөр хооллохоос гадна аюулгүй, шим тэжээл сайтай хоолоор хооллох хэрэгтэй. 2 нас хүрсэн ч хөхөөр хооллосоор байх боломжтой гэсэн байна.
📌Австралийн Эрүүл мэндийн яамны харьяа Better Health цахим сувгийн вебсайтад “Хүүхдийг 4 нас хүртэл нь хөхүүлэх ямар нэг сөрөг нөлөөгүй, хэвийн үзэгдэл. Гэвч 4 ба түүнээс дээш насны хүүхэд хөхөөр хооллох нь эргэн тойрны хүмүүст таагүй санагдах магадлалтай” гэж дурджээ.

4. Хөхний сүү шүд цооролтод шууд нөлөөлдөггүй ч тодорхой эрсдэлт хүчин зүйлсээс хамааран сүүн шүд хорхойтох боломжтой гэх мэдээлэл #ҮНЭН

📌Нидерланд улсын Амны хөндийн эрүүл мэндийн академик судалгааны төвийн эрдэмтдийн 1998 онд хийсэн харьцуулсан судалгааны үр дүнг Швейцарын Каргер эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлсэн байх ба уг судалгаагаар 📌“Хөхнөөс орой гарсан хүүхэд шүдний хорхойтой болдог гэх олон нийтийн төөрөгдөл нь худал” болохыг тогтоосон байна.
👉Хөхний сүүнээс биш, шөнө унтахдаа сүүгээ хөхөж, залгихгүй үлдээснээс үүдэн шүд хорхойтох боломжтойг Канадын Хөхөөр хооллолтыг дэмжих La Leche League Canada байгууллагын вебсайтын 2020 оны 02 дугаар сарын 2-ны нийтлэлд дурджээ. Тодруулбал, “Шөнө амны хөндийд шүлс бага ялгарснаас үүдэн шүдний өвчлөлөөс хамгаалах чадвар сулардаг. Энэ үед аманд уснаас өөр ямар нэг шингэн удаан хугацаагаар байснаар битүү орчинд бактери үрждэг” болохыг мэдээлсэн байна.
📌Америкийн Хүүхдийн эмч нарын академийн вебсайтад 2015 оны 09 сард нийтэлсэн мэдээнд дурдсанаар “Хүүхэд унтах үедээ төрөл бүрийн чихэрлэг шингэн, шүүс, сүү, найруулдаг сүүг дутуу залгиснаас үүдэн аманд бактери үржиж хүчил ялгаруулснаас үүдэн шүд өвчилдөг” аж. Тиймээс 12 сар хүртэлх хүүхдийн буйл, сүүн шүдийг цэвэрлэгч салфеткаар арчих, 1 нас хүрсэн тохиолдолд шүдээ угаах хэвшилд сургах ёстойг зөвлөжээ.
👉Баримт шалгалтад дурдаж буй эрсдэлт хүчин зүйлсийн жагсаалт Америкийн Хүүхдийн эмч нарын академийн вебсайтын дээрх мэдээний агуулгад нийцэж байгаа тул уг зөвлөмж үнэн байна.
📌Америкийн Шүдний эмч нарын холбооны зөвлөмжид
“Хүүхэд хөхөө хөхөж байх үед соролтоор дамжин эхийн сүүг шүдэнд бараг хүрэлцэхгүйгээр залгидаг. Харин угжаар хооллох тохиолдолд, ялангуяа унтах үедээ, доторх шингэн амны хөндийд удаан байх хандлагатай тул унтах үед нь уснаас өөр шингэн дүүргэсэн угж бариулахгүй байх ёстой. Хэдийгээр хөхний сүү олон амин чухал бодис агуулдаг ч чихрийн агууламж бага хэмжээтэй бий. Тийм учраас хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйд багаас нь анхаарч, сайтар цэвэрлэж байх ёстой” гэжээ.
👉Бид нэмэлтээр Америкийн Хүүхдийн эмч нарын академийн зөвлөсөн дараах зөвлөмжийг хүргэж байна.
-Хүүхдэд хүнсний бүтээгдэхүүн болон угж бариулж унтуулахгүй байх
-Хооллолтод нь агуулж буй чихэрлэг хүнсний хэрэглээг хязгаарлах
-12-15 сартай хүүхдийг угжаар биш аягаар уулгаж сургах
-Угж хэрэглэх тохиолдолд зөвхөн ус хийж өгөх


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document