Та сард ердөө 450,000 төлөөд түрээслэн өмчлөх байраа аваарай гэх мэдээлэл #ХУДАЛ

📌2022 оны 08 дугаар сарын 14-нд Зөвлөгөө мэдээлэл нэртэй пэйжид “Та сард 450,000 төгрөг төлөөд түрээслэн өмчлөх байраа аваарай” гэх гарчигтай Zuvlumj.life домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 08 дугаар сарын 30-ны байдлаар 87 реакц, 32 сэтгэгдэл авч, 1,573 удаа цааш түгээсэн байна.
Тус сайтаас Facebook платформд хэрхэн түгээснийг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад нийт 402 пэйжид оруулж 6,287 хариу үйлдэл авч идэвхжүүлсэн байна.
📌Уг холбоосоор сайт руу орж үзэхэд “Шуурхай: Та сард ердөө 450,000 төгрөг төлөөд түрээслэн өмчлөх байраа аваарай” гэсэн гарчигтай, “Та сард 450,000 төгрөг төлөөд түрээслэн худалдан авах, хүүгүй зээлээр байр авах боломжтой. Үндcэн үнэ: 38.560.000-86,350,000₮ coнгoлттoй. Ердөө 150 гэр бүлийг урьдчилгаа төлбөргүй сонгож хамруулах тул та яараарай. Зээлийн мэдээлэл болон нэмэлт мэдээллийг манай хуудас болон уг постонд Like дарж энэ постыг 10 гpуппт хуваалцаж, хуваалцсан мэдээллээ баримтжуулж чaтaap явуулaapaй. Тa бac кoммент хэcэгт утacны дугaapaa үлдээгээpэй бид хoлбoгдoх бoлнo” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

👉Шалгаж буй мэдээлэлд хаана байршилтай, ямар орон сууцыг түрээслээд өмчлөх талаар дурдаагүй байна.
📌Монгол Улсад түрээслээд өмчлөх хэлбэрээр зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг зөвхөн төр хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өгсөн чиглэл, шийдвэрийн дагуу Төрийн Орон Сууцны Корпораци /ТОСК/ ТӨҮГ хариуцан гүйцэтгэдэг.
👉ТОСК ТӨҮГ-ын албан ёсны вэбсайтад 450 мянган төгрөгийн түрээс төлөөд орон сууцтай болох тухай ямар ч мэдээлэл оруулаагүй байна.
📌Өнгөрсөн хугацаанд төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх асуудлыг Засгийн газрын 2016 оны 38, 169, 298 дугаар тогтоолуудаар тус тус шийдвэрлэсэн байна.
Эдгээрээс эрх зүйн мэдээллийн санд нийтэд ил байгаа нь:
- 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаар тогтоолоор нийт 929 айлын орон сууцыг,
- 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор ний 360 айлын орон сууцыг түрээсийн орон сууцын санд тус тус шилжүүлсэн байна.
📌“ТОСК” ТӨҮГ-ын захирлын 2017 оны А/45 дугаар тушаалаар “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталжээ. Уг журмын хүрээнд улсын хэмжээнд 1,512 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг бие даан зохион байгуулсан тухай ТОСК-ийн албан ёсны вэбсайтад мэдээлсэн байна.
👉08 дугаар сарын 30-нд “Түрээсийн орон сууц хөтөлбөр” болон “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдийг орон сууцжуулж байгаа эсэхийг тодруулахаар Нийслэлийн орон сууцны корпорацийн 70006953 дугаарын утсаар холбогдоход уг хөтөлбөр одоогоор хэрэгжихгүй байгааг хэлж байна. Мөн иргэдийг “түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж өгнө” гэх зэргээр залилах гэмт хэрэг гарч байгаа учраас хөтөлбөрийн хэрэгжилтийн төлөвлөгөөний талаар тус газраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.

👉2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын 138 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ын 2.3-т “Энэ журмын 2.2.1, 2.2.2-т заасан тохиолдолд түрээсийн төлбөрийн хэмжээг орон сууцны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан түрээсийн сарын төлбөрийн 25 хувь байхаар тооцно” гэж заасан.
📌Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар тушаалаар “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталсан. Тус журамд төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны 2017 онд мөрдөх 1м.кв талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6.000/зургаан мянга/ төгрөг, орон нутагт 4.500/дөрвөн мянга таван зуу/ төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоов. Түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа 3 сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг ТОСК-ийн дансанд байршуулна. Энэ удаад “Буянт-Ухаа2” хорооллын 68.59 мкв 3 өрөө байранд эрэмбэлэгдэж хамрагдах иргэд түрээсийн нэг сарын төлбөрт 411.540 төгрөг, 3 сарын барьцаа төлбөрт 1.234.620 төгрөгийг ТОСК-ийн дансанд тус тус байршуулахаар тусгасан байна.
📌Мөн 2016 онд төрийн өмчийн түрээсийн орон сууцны сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасан байна. 👉Харин шалгаж буй мэдээллийн гарчигт өгүүлсэнчлэн “Та сард ердөө 450,000 төгрөг төлөөд түрээслэн өмчлөх байраа аваарай” гэх агуулгын хувьд тодорхой журмаар эцэслэн шийдвэрлээгүй, төөрөгдүүлсэн мэдээлэл байна.

📌“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийн тухайд
1. Залуу гэр бүл
2. Хувийн байгууллагад ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн
3. Ахмад настан,
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл
5. Төрийн албан хаагч
6. Өрх толгойлсон эцэг эх
7. 18 хүртлэх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
8. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул осолд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх тус тус хамрагдана гэж заасан.
👉Шалгаж буй мэдээлэлд дурдсанчлан түрүүлж хүсэлтээ өгсөн эхний 150 гэр бүлийг түрээсийн орон сууцанд хамруулна гэх зохицуулалт байхгүй.

📌Шалгаж буй мэдээлэлд “Зээлийн мэдээлэл болон нэмэлт мэдээллийг манай хуудас болон уг постонд Like дарж энэ постыг 10 гpуппт хуваалцаж, хуваалцсан мэдээллээ баримтжуулж чaтaap явуулaapaй” гэсэн нь хуурамч мэдээллээр иргэдийн анхаарлыг татаж, хандалт авах зорилгоор үйлдэлд уриалсан байна.
👉Нэмэлт мэдээлэл
-2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ТОСК-ийн албан ёсны вэбсайтад нийтэлсэн “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ний Гүйцэтгэх захирал Л.Батжаргалын ярилцлагад “”Түрээсийн орон сууц”, “Түрээслээд өмчлөх орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл зорилтот бүлгийн иргэд орон сууцад хамрагдах боломж бүрдэнэ. Гэхдээ байгууллагын нэрийг ашиглан залилангийн гэмт хэрэг үйлдэж, иргэдийг хохироож байгаа гэмт этгээдүүд цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тиймээс иргэд энэ мэтийн гэмт этгээдүүдээс болгоомжилж, эд хөрөнгөөрөө хохирохгүй байх тал дээр анхаарах”-ыг сануулсан байна.
- Түрээсийн орон сууцад хамрагдсан 787 айл нийслэлд байгаагаас “Хангай” хотхонд 223, “Буянт-Ухаа 2” хороололд 564 айл амьдардаг. Тэгвэл “Хангай” хотхоны 223 айлаас 130 нь түрээсийн гэрээгээ сунгасан бол 71 нь түрээслээд өмчлөх гэрээг хийгээд байна. Мөн “Буянт-Ухаа 2” хорооллын 564 айлаас 100 нь түрээсийн гэрээгээ сунгасан бол 344 нь түрээслээд өмчлөх гэрээг хийсэн тухай ТОСК-ийн албан ёсны вэбсайтад мэдээлжээ.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst