200 хүнд бага зэргийн гэмтэлтэй хөргөгч бэлэглэнэ гэх мэдээлэл #ХУДАЛ

📌2022 оны 08 дугаар сарын 28-нд BEKO Mongolia нэртэй пэйжид “Бага зэргийн зураас, гэмтлийн улмаас зарагдах боломжгүй, бүх хөргөгч хэвийн ажиллаж байгаа тул 8-р сарын 31-нд "ялалт" гэж бичсэн хүнд 200 ширхэг хөргөгч бэлэглэж байгааг дуулгахад таатай байна. ЭНДЭЭС БҮРТГҮҮЛНЭ ҮҮ” гээд холбоос хавсаргасан байна.
📌Уг постыг 24 цагийн дотор 326 реакц, 1,757 сэтгэгдэл өгч, 3,568 удаа цааш түгээсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Дараах байдлаар мэдээлэлд баримт шалгалт хийгээд үзээрэй.

👉Пост оруулсан хаяг дээр дарж, хэзээ нээсэн, юу постолсон, ямар хүмүүстэй найз болсон зэргийг судалж байгаарай.
📌BEKO Mongolia хаягийг дарж үзэхэд 08 дугаар сарын 28-нд нээсэн, холбоо барих хаяг, утасны дугаар, сайтын линкгүй пэйж байна.
Уг пэйжээр 4 пост оруулсан ба шалгаж байгаа мэдээллээс бусад 2 нь бүтээгдэхүүний танилцуулга, нэг нь зөвлөгөө байна.
☝Дэлхийд алдартай брэнд, мөн олон тооны хөргөгч үнэгүй тараах гэж байгаа компанийн пэйжийг дөнгөж шинээр нээрсэн, танилцуулга хангалтгүй байгаа нь эргэлзэх эхний хүчин зүйл гэдгийг санаарай.
👉Харин Beko брэндийн Facebook дэх албан ёсны хаяг нь “Beko” нэртэй 2012 оны 08 дугаар сарын 17-нд нээсэн, 7 сая дагагчтай, Туркээс 29, Румынээс 2 админ тус пэйжийг удирддаг, сошиал хаягуудаа танилцуулга хэсэгтээ оруулж өгсөн байна.
📌Тус пэйжид хөргөгч хямдарсан болон үнэгүй тараах тухай ямар ч мэдээлэл оруулаагүй байна.

👉Шалгаж буй пост Beko брэндийн хөргөгч үнэгүй тараах тухай тул Beko брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагчийг хайх нь зүйтэй.
Энэ утгаар хайхад Нэкст электроникс компани Beko брэндийн дистирбьютерээр ажилладаг тухай мэдээлэл гарч ирж байна.
📌2022 оны 04 дүгээр сарын 1-нд “Next electronics” нэртэй, 2010 онд нээгдсэн 272 мянган дагагчтай тус байгууллагын албан ёсны пэйжид Beko брэндийн албан ёсны дистирбьютор болсон тухай мэдээлэл оруулж байжээ. Уг постод,
“Турк улсын Beko брэнд нь сүүлийн 20-иод жилийн турш НҮБ-ын “Тогтвортой хөгжил”-ийн зорилтыг баримтлан байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл болон технологийн шинэчлэлийг хөгжүүлсээр ирсэн бөгөөд энэхүү эерэг нөлөөллөөрөө The Real Reader Impact Awards 2022-д ТОП байгууллагын нэгээр шалгарсан билээ. Нэкст Электроникс компани нь 2017 оноос эхлэн “Байгальд ээлтэй” Beko брэндийн албан ёсны дистрибьютор болон ажиллаж буй бөгөөд эрчим хүч, ус зарцуулалт хамгийн багатай гэр ахуйн цахилгаан барааг хэрэглэгчдэд хүргэдэг. Бид 2021 оноос эхлэн ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, байгальд ээлтэй компани болох уриатайгаар ажиллаж буй бөгөөд энэ нь Beko болон Нэкст Группыг нэгдсэн нэг зорилгын дор нэгтгэж буй явдал юм. Beko брэндийн Борлуулалтын газрын захирал Linar Rustemov-ын ирүүлсэн мэндчилгээг хүргэж байна. Хэрэглэгч та байгальд ээлтэй, ухаалаг, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй "Эрүүл дэлхийд Эрүүл амьдаръя” гэсэн байна.

👉Зургаар хайхад тухайн ашигласан зургуудаас ямар нэг лого, таних тэмдэгтэй, онцлог өнцгөөс авсан зэргийг сонгох нь зүйтэй. Шалгаж буй постод 4 зураг ашигласны нэг нь хөргөгчийн ард “arcelik” гэсэн бичигтэй улаан тууз зүүлттэй байна. Энэ зургаар Google Lens платформоор хайхад best.cheaponline2022.ru гэх помайн нэртэй Ливи улс дахь онлайн дэлгүүр гэсэн тайлбартай сайтад уг хөргөгчийг 67 хувь хямдраад 20.8 ам.долларын (66,300 төгрөг) үнэтэй болсон гэх мэдээлэл гарч ирж байна.
📌Мөн тус онлайн сайтад хувийн мэдээллүүдээ оруулаад, картын дугаараа хийх хэрэгтэй гэсэн байна. Уг онлайн худалдааны сайт нь танилцуулгагүй, эргэн холбоо барих мэдээлэлгүй, ихэнх бараа нь байж боломгүй хямд үнэтэй, агуулга зөрсөн зэргээс нь харахад хуурамч байх магадлал өндөр байна.
👉Энэ нь Beko брэндийн хөргөгчийн зураг ашиглан олон улсад хэрэглэгчийн хувийн мэдээллийг залилж авах гэсэн оролдлого гэж таамаглаж болохоор байна.
Учир нь уг зургийг ашигласан бас нэг тохиолдол нь 2022 оны 05 дугаар сарын 22-нд нээсэн BEKOO гэсэн пэйжээр 08 дугаар сарын 12-нд “бага зэргийн зураастай учир 200 хөргөгч үнэгүй тараана” гэх агуулгатай тайлбар хийсэн байна.
📌Мөн тус брэндийн логог нүүр зургаараа сонгосон, BEKOO нэртэй 18 хуурамч пэйжийн илэрц гарч байна.
👉Эдгээрээс уг брэндийн нэрийг ашиглан хувийн мэдээллийг авах зорилготой залилангийн шинжтэй үйлдэл олон улсад гарсаар байгааг харж болно.

📌Шалгаж буй постод хавсаргасан линкээр ороход “БАЯР ХҮРГЭЕ !! Та Beko-оос үнэгүй хөргөгч авах ялагчаар тодорлоо.” гээд “БҮРТГЭЛ ҮНЭГҮЙ Ялахын тулд та манай бүртгэлийн линкээр орж ивээн тэтгэгчийн анкетыг татаж аваад гар утасны PIN кодоо SMS-ээр илгээнэ үү. Манай ивээн тэтгэгч баг танаас хэдэн асуулт асуух бөгөөд дараа нь танаас имэйл хаяг/утасны дугаараа бүртгүүлэхийг хүсэх болно. Амжилттай бүртгүүлснээс хойш хэдхэн минутын дараа таны шагналыг боловсруулж, танд илгээх болно” гэсэн тайлбартай дарж ороод бүртгэл хийх товч гарч ирж байна.
👉Энэ нь олон улсын цахим залилангийн гэмт хэргийн нэг жишээ бөгөөд овог нэр, имэйл хаяг, утаны дугаар, картын дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж байж “хөргөгч хожих эрхтэй” болохоор зохицуулсан байна.
📌Энд бүртгүүлж, хувийн мэдээллээ оруулснаар та санхүүгийн хохирол амсах, цаашлаад бусдыг залилахад хувийн хаягуудаа ашиглуулж болзошгүй нөхцөлд хүрэх тул БҮРТГҮҮЛЭХЭЭС ЗАЙЛСХИЙГЭЭРЭЙ.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst