Бүдүүн гэдэсний хорт хавдрын 93 хувийг 2 хоногт устгана гэх мэдээлэл #ХУДАЛ

📌2022 оны 08 дугаар сарын 20-нд “Yeah.mn мэдээ мэдээлэл” нэртэй пэйжид “Эмч нар гайхаж байна: энэ нь бүдүүн гэдэсний хорт хавдрын 93% -ийг ердөө 2 хоногийн дотор устгаж чадна” гэх тайлбартай, Yeah.mn домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний байдлаар 929 реакц, 49 сэтгэгдэл авч, 2,328 удаа цааш түгээсэн байна.
Уг холбоосыг дарж сайт руу ороход 2022 оны 06 дугаар сарын 8-нд нийтлэгдсэн байх ба тухайн домайн дээр байршсан мэдээний тархалтыг Crowdtangle tool ашиглан шалгаж үзэхэд Facebook сүлжээнд нийт 9 удаа постолж 3,328 хариу үйлдэл авсан байна.
Уг мэдээллийн гол агуулгыг онцолбол:
📌“...Хорт хавдрын эсүүд ургаж эхэлсэн газраас тодорхойлж шулуун гэдэсний хорт хавдар эсвэл бүдүүн гэдэсний хорт хавдар гэж нэрлэдэг… Австралийн Аделаидын их сургууль 48 цагийн дотор лаурины хүчил (50% кокосын тосонд агуулагддаг) хүний ​​бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийн 93 гаруй хувийг устгадаг болохыг харуулсан судалгаа хийсэн байна. Кокос нь олон өвчнийг эмчлэхэд өндөр үр дүнтэй гэдгээрээ алдартай боловч саяхан органик кокосын тосыг хорт хавдартай тэмцдэг болохыг олж мэдсэн. Кокосын тос нь шимэгч, мөөгөнцөр, бактери, вирусыг эмчлэхэд маш үр дүнтэй бөгөөд шарх, арьсыг эдгээхэд тустай бөгөөд элэг, хоол боловсруулахад тусалдаг. Мөн чихрийн шижин, Альцгеймерийн өвчин, зүрхний өвчний эмчилгээнд хэрэглэдэг. Кокосын тос нь хорт хавдрын эсийг хордуулах чадвартай лаурины хүчил агуулдаг бөгөөд ингэснээр тэдгээрийг исэлдэлтийн стрессд оруулдаг бөгөөд ингэснээр хорт хавдрын эсүүд радикал болон исэлдэлтийн стрессээс илүүдэл хүчилтөрөгч ялгарах үед өөрсдийгөө хамгаалахад шаардлагатай глутатионын түвшинг бууруулдаг. Хөхний сүүнд лаурын хүчил агуулагддаг бөгөөд энэ нь дархлааны системийг сайжруулж, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг нэг төрлийн тосны хүчил юм. Хорт хавдар, Кроны өвчин, цөсний хүүдий, вируст өвчин – герпес, гепатит С, мононуклеоз зэрэг эрүүл мэндийн олон асуудлаас урьдчилан сэргийлж, эмчилдэг органик кокосын тосонд агуулагдах өөх тосны ашиг тусыг нотолсон эмнэл зүйн судалгаанууд хийгдсэн; ясны сийрэгжилт, чихрийн шижин. Кокосын тос нь хими эмчилгээний сөрөг нөлөөг бууруулахад тустай бөгөөд хорт хавдартай өвчтөнүүдийн амьдралын чанарыг сайжруулахад тусалдаг” гэх мэтээр бичжээ.

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

👉Бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдрын талаар:
АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэгийн вебсайтад байршсан, 2020 оны 06 дугаар сарын 29-нд шинэчилсэн “Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын тухай” дэлгэрэнгүй тайлбараас эш татав. Уг тайлбарт:
“Бүдүүн гэдэсний хорт хавдар нь гэдэсний ханан дотор ургасан ургацаг буюу полипоос үүдэлтэй. Цагийн явцад хорт хавдар үүсэх эсэх нь ургацагийн төрөл, хэмжээнээс хамаарна. Нийтлэг 3 төрлийн ургацагт:
📌Гиперпластик ургацаг буюу хорт хавдар болох магадлал бага ургацаг,
📌Аденом ургацаг буюу зарим тохиолдолд хорт хавдар болон хувирдаг ургацаг,
📌Үсэрхэг аденом ургацаг буюу хорт хавдар болон хувирах магадлал хамгийн өндөр ургацаг багтдаг” гэжээ.

📌Мэдээлэлд дурдсан судалгааг Австралийн Аделайдын их сургууль 2013 онд “Хавдрын хими эмчилгээний үед ханасан тосны хүчлүүд эерэг нөлөөтэй эсэх”-ийг тодорхойлохоор хийсэн. Уг судалгааны туршилтад хүний бүдүүн гэдэсний хавдрын эсийн өсгөвөр болон хархны шулуун гэдэсний эс дээр натрийн лаурат бодисыг ашиглажээ.
👉Шалгаж буй мэдээлэлд дурдсан наргил модны самар болон түүний тосны талаар Аделайдын их сургуулийн судалгаанд огт дурдаагүй байна.
📌АНУ Харвардын их сургуулийн вэбсайтад байршсан "Coconut Oil" гарчигтай мэдээлэлд наргил модны самар нь ханасан тосоор баялаг бөгөөд агуулах ханасан тосны 47 хувийг лаурын хүчил бүрдүүлдэг байна. Гэвч “лаурын хүчил” болон “натрийн лаурат” гэх хоёр бодис нь хоорондоо ялгаатай.
👉Лаурын хүчил бүдүүн гэдэсний хорт хавдрын эсүүдийн 93 хувийг устгасан гэх мэдээлэлтэй эрдэм шинжилгээний ажлын илэрц гарч ирээгүй. Харин агуулгатай төстэй байж болохуйц судалгаа Nature.com дээр байршсан байх ба Италийн эрдэмтдийн хийсэн “Идэвхжүүлсэн лаурын хүчлээр хавдрын эсийн өсөлтийг бууруулах” нэртэй уг ажилд “Лаурын хүчлийг ямар эсүүдэд, хэр зэрэг тунгаар яаж хэрэглэх нь ялгаатай” гэдгийг дурдсан байна.
📌Аделайдын их сургуулийн туршилтанд лаурын хүчлийг “cytotoxic” буюу эсийн түвшинд хөнөөлтэй өндөр концентрациар ашигласан. “Эсийн түвшинд хортой гэдэг нь зөвхөн хавдрын эс төдийгүй хүний биеийн эрүүл эсэд ч хортой” гэж АНУ-ын Хавдар судлалын үндэсний институтийн цахим толь бичигт тайлбарласан байна.
☝Лабораторийн орчинд эсийн өсгөвөр дээр шууд натрийн лаурат ашиглах, лаурын хүчил агуулсан наргил модны самрын тос уух хоёр ялгаатай болохыг анхаарна уу.
📌The Times of India сэтгүүлд 2019 оны 05 дуаар сарын 18-нд наргил модны самартай холбоотой хуурамч мэдээллээс болж зарим өвчтнүүд хавдрын эмчилгээний дэглэмээ алдаж, биеийн байдал нь хүндэрсэн тухай мэдээ нийтэлж байсан байна.
📌Мөн 2022 оны 07 дугаар сарын 21-нд Энэтхэгийн Шинэ Дэли хотын Аполло эмнэлгийн хавдар судлаач, мэс засалч Маниш Сингал “Эмчийн зааврыг дагалгүйгээр хуурамч мэдээлэлд итгэж эмчилгээнээс гадуур хүнсний нэмэлт бүтээгдэхүүн дур мэдэн хэрэглэж болохгүй” гэж Энэтхэгийн Editorji.com сайтад өгсөн ярилцлагадаа зөвлөсөн байна.

👉Малайзын эрдэмтдийн 2014 онд хийсэн судалгаа АНУ-ын Биотехнологийн үндэсний мэдээллийн төвийн вебсайтад 2014 оны 08 дугаар сарын 27-нд байршсан байх ба 📌эмнэл зүйн туршилтуудад худалдаанд буй энгийн наргил модны тос биш лаурын хүчлийн концентраци эсвэл байгалийн цэвэр тос ашигладгийг онцолжээ.
👉Их Британийн Альцгеймерийн нийгэмлэгийн вебсайтын тайлбар хэсэгт “Наргил модны самар мөөгөнцөр, зарим халдварт өвчний эсрэг үйлчилгээтэй байдаг ч зөнөх өвчний үед эерэг нөлөөтэй эсэхийг нотолж тогтоосон судалгаа одоогоор байхгүй” гэсэн байна.
👉Хөхний сүүнд лаурын хүчил агуулагддаг гэх мэдээлэл үнэн бөгөөд хүн гэлтгүй бүх хөхтөн амьтны сүүнд лаурын хүчил агуулагддаг болохыг АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн 2010 оны судалгаанд дурдсан байдаг. Судалгаагаар ашигтай тосны хүчлийг ихээр хэрэглэдэг эх амьтны хөхний сүү лаурын хүчлээр баялаг байжээ.
👉2021 оны 08 дугаар сарын 9-нд Канадын Брешиагийн коллежийн Хүнс, шим тэжээлийн багш Кети Дэвидсон Health Line сэтгүүлд өгсөн нийтлэлдээ 📌“Наргил модны самар маш тослог учраас өдөрт 2 халбагаас дээшгүй буюу 13 граммаас хэтрүүлэн хэрэглэхгүй байх”-ыг зөвлөжээ.
👉2016 оны 09 дугаар сарын 16-ны өдөр Нью-Йоркийн Маунт Синай эмнэлгийн Арьс судлалын эмч, доктор Жошуа Зайхнер 📌“Наргил модны самрыг хэрэглэх үед анхаарах долоон санамж” гэх зөвлөгөөг WomensHealth сэтгүүлд нийтлүүлсэн байна. Нийтлэлд:
-Наргил модны самрын тос илчлэг өндөртэй тул жин хасах гэж буй хүн хэрэглэхгүй байх;
-Хэт их хэмжээгээр хэрэглэхгүй байх;
-Шүднийг оог орлуулан хэрэглэхгүй байх;
-Ил шархан дээр түрхэхгүй байх;
-Нарны тосны оронд хэрэглэхгүй байх;
-Шүршүүрт орохдоо хэрэглэхгүй байх;
-Хэт өндөр хэмд халаах, хүнсэнд шарж хэрэглэхгүй байх зэргийг сануулжээ.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst