Hyundai 10 ширхэг TUCSON автомашин бэлэглэнэ гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Hyundai компанийн 52 жилийн ойг тохиолдуулан Hyundai 10 ширхэг TUCSON автомашин бэлэглэх болно

Баримт шалгалтын үр дүн

БНСУ-ын “Хьюндай Мотор” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч байгууллагын хөтөлдөг “Hyundai Mongolia” пэйжид азтан шалгаруулж 10 TUCSON автомашин бэлэглэнэ гэх утгатай мэдээлэл байхгүй. Борлуулалтын болон засвар үйлчилгээний талаар мэдээлэл оруулдаг байна.

📌2022 оны 08 дугаар сарын 25-нд “Hyundai Auto Mongoli” нэртэй пэйжид “Hyundai компанийн 52 жилийн ойг тэмдэглэж байна. Өнөөдөр манай постыг шэйр хийж азын хайрцагны дугаарт саналаа өгсөн хүмүүст тусгай Hyundai 10 ширхэг TUCSON автомашин бэлэглэх болно. Учир нь манай машины түлхүүр 10-хан хайрцаг байдаг. (Шагналын машиныг 24 цагийн дотор ялагчийн хаягаар хүргэнэ). Энд бүртгүүлнэ үү …/линк хавсаргасан/” гэсэн тайлбартай, дугаарласан хайрцаг болон машины зураг бүхий пост оруулсан нь нэг хоногийн дараа буюу 08 дугаар сарын 26-нд 625 реакц, 3.4 мянган сэтгэгдэл авч, 11 мянган удаа цааш хуваалцсан байна.
☝Энэ нь шинээр нээсэн хаягаар бусдын хувийн мэдээллийг авах зорилгоор хуурамч мэдээлэл түгээсэн хэлбэр байна.

1. Хаягийг нягтлах

👉Пост оруулсан хаяг дээр дарж, хэзээ нээсэн, юу постолсон, ямар хүмүүстэй найз болсон зэргийг судалж байгаарай.
📌Шалгаж буй пост оруулсан “Hyundai Auto Mongoli” нэртэй пэйжийг 08 дугаар сарын 25-нд шинээр нээсэн, 714 дагагчтай байна. Тус пэйжийн ковер болон нүүр зургаа оруулсан мэдээллээс өөр түүхгүй байна.

2. Утгаар хайх

👉Эргэлзэж байгаа мэдээллийнхээ утгаар, эсвэл пэйжийн нэрээр хайлт хийж байгаарай.
📌Шалгаж буй пэйжийг Facebook-т хайхад жинхэн хаяг болох “Hyundai Mongolia” нэртэй 2011 оны 12 дугаар сарын 25-нд нээсэн, 117,732 дагагчтай пэйж гарч ирж байна. Энэ нь БНСУ-ын “Хьюндай Мотор” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч байгууллагын хөтөлдөг пэйж байна.
Тус пэйжийн “өөрийн тухай” хэсэгтээ “Монгол Хьюндай Автомотив” ХХК нь дэлхийн автомашины зах зээлд тэргүүлэгч эхний таван үйлдвэрлэгчийн нэг болох БНСУ-ын “Хьюндай Мотор” компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютороор сонгогдон 2011.01.01 -ээс үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа билээ. Бид Хьюндай автомашины худалдаа, автомашины засвар үйлчилгээ болон Hyundai Mobis -н оригинал сэлбэгийн нийлүүлэлт зэрэг бүрэн цогц үйлчилгээг үйлчлүүлэгч та бүхэндээ өргөн барьж байна. 2011 оны 7 сараас хойш үйлдвэрлэгдсэн бүх автомашиндаа бид 1 жил буюу 20000км байсан үйлдвэрийн баталгааг 3 жил буюу 100,000км -н баталгаа болгож байгаа бөгөөд бидний худалдаалдаг автомашинуудыг сибирийн бүсийн хүйтэн нөхцөлд зориулан тусгайлан үйлдвэрлэсэн байдаг юм. Манай компаний засвар үйлчилгээний төв нь 3500м2 талбайтай, 25 автомашинд зэрэг үйлчлэх боломж бүхий Монголын ууган авто засварын төвүүдийн нэг билээ. Манай мэргэшсэн гадаад дотоодын инженер, техникийн ажилчид зориулалтын орчинд агрегат засвар оношлогоо, тэнхлэг тохируулах, air condition цэнэглэх, кузов сэв засвар, автомашины рамны гажилт, будаг кодоор гаргах, автомашины дуудлагын ачилт гэх мэт бүх төрлийн засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай шуурхай хийдэг. Бид Hyundai Mobis -н оригинал сэлбэг нийлүүлэгч бөгөөд захиалсан сэлбэгийг өөрсдийн тусгай систем, програмаар дамжуулан 7-14 хоногт хурдан шуурхай нийлүүлдэг. Манай сэлбэгийн дэлгүүрт Хьюндайгийн 20 -иод загварын автомашины бүх төрлийн (3000 гаруй нэр төрлийн) оригинал шинэ сэлбэг байнга худалдаалагдаж байна” гэсэн танилцуулгатай, холбоо барих утас, хаяг, цагийн хуваарь зэрэг мэдээлэл оруулсан байна.
👉Энэ пэйжид азтан шалгаруулж 10 TUCSON автомашин бэлэглэнэ гэх утгатай мэдээлэл байхгүй. Борлуулалтын болон засвар үйлчилгээний талаар мэдээлэл оруулдаг байна.

3. Хувийн мэдээллээ хуваалцаж болохгүй

👉Шалгаж буй постод хавсаргасан линкээр ороход “Доорх товчийг дарж нэрээ ялагчаар бүртгүүлнэ үү. 15 минутын дотор амжилттай бүртгүүлсний дараа Hyundai-аас шууд автомашин бэлэглэх болно. Бид таны хаягаар шууд илгээх болно” гээд бүртгүүлэх товч оруулсан байна.
📌Мөн үүний доор “Үнэгүй! Худалдан авах үүрэг байхгүй, шагнал авахын тулд төхөөөмж болон утаснаас хамааран доорх алхмуудыг дагана уу. Тайлбар: Харилцаа холбоог хялбарчлахын тулд та имэйл хаяг, утасны дугаар татаж авахдаа бүртгүүлэх ёстой. Тэгэхгүй бол дараагийн удаад ийм боломж олдохгүй тул яг одоо бүртгүүлээрэй. Таны цаг дуусахаас өмнө” гэсэн байна.
☝Та энэ зааврын дагуу имэйл хаяг болон утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ бүртгүүлбэл таны мэдээллийг ашиглан банкны данс, цахим хаягуудад чинь халдаж, танд болон бусдад санхүүгийн хохирол учруулж болзошгүй тул баталгаагүй мэдээлэлд итгэж залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдлээс сэргийлээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document