Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг уул багт дөнгөж сая ийм юм боллоо гэх мэдээлэл #ХУДАЛ

[ХУДАЛ] 📌2022 оны 05 дугаар сарын 31-нд “Айлын Хүүхдүүд Ийм Айхтар” нэртэй хэрэглэгчийн хаягаар “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг уул баг-т дөнгөж сая ийм юм боллоо. Энэ юу вэ” гэсэн тайлбартай бичлэг оруулсан нь 08 дугаар сарын 23-ны байдлаар 2.2 мянган реакц, 81 сэтгэгдэл авч, 4.4 мянган удаа цааш түгээснээс хамгийн сүүлд 08 дугаар сарын 2-нд дахин хуваалцаж идэвхжүүлсэн байна.
📌Уг бичлэгт уулын орой дээр эргэлдэх гурвалжин хэлбэрийн биетээс цахилгаан цахихтай төстэй гэрэл доош бууж, газраас жижиг биетийг гэрлийн замаар татаж авч байгаа мэт үзэгдэл гаргажээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

👉Бичлэгийн эх сурвалжийг хайхаар бичлэгийн хэсгээс авсан зургуудийг Reverse Image Search функцаар хайж үзэхэд Youtube платформд хэд хэдэн удаа оруулсан байсан ба жишээ нь 2020 оны 03 дугаар сарын 4-нд “Alien World” гэх нэртэй сувагт “UFO Paranormal Activity!! Triangle Shaped UFO Spotted” буюу “Үл мэдэгдэх нисдэг биетийн ер бусын үзэгдэл!! Гурвалжин хэлбэртэй нисдэг биет үзэгдлээ” гэсэн гарчигтай, тайлбар хэсэгт 📌“Бид үүнийг зөвхөн зугаа цэнгэлийн зорилгоор үзүүлдэг болохыг анхаарна уу” гэсэн сануулгатай оруулсан байсан.
👉08 дугаар сарын 24-нд “харь гаригийн биетүүдийг бичсэн” гэх видео, зураг дагнан шалгадаг “UFO of Interest” вэб сайттай имэйлээр холбогдон, шалгаж буй бичлэгийг судалсан эсэх талаар лавласан.
📌“UFO of Interest” вэб сайтаас тус видеог анх 2020 оны 02 дугаар сарын 26-нд “ALIEN PLANET” нэртэй Youtube сувагт оруулж байсан талаар бидэнд хариу мэдээлж, шалгасан бичлэгүүдээ хуваалцсан юм.
👉“UFO of Interest” нь харь гаригийн нисдэг биет гэх агуулгатай хуурамч бичлэгүүдийг 2014 оноос эхлэн шалгаж буй бөгөөд өөрсдийн вэб сайт, сошиал хаягууддаа хуурамч бичлэгүүдийг нь тайлбарлаж, олон нийтийн боловсролын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

👉Тус вэб сайтаас бидэнд өгсөн мэдээллээр “ALIEN PLANET” нэртэй Youtube суваг нь "харь гаригийн биет үзэгдсэн" гэх агуулгатай компьютер графикаар өөрчилсөн видео, зургуудыг байнга оруулдаг байна.
📌YouTube дэх хаягийн танилцуулгаас харвал уг суваг нь 2015 оны 08 дугаар сарын 10-нд нээсэн ба Энэтхэгт байрладаг гэсэн байна. 08 дугаар сарын 24-ний байдлаар "нийт 4,108,718 үзэлттэй" гэсэн үзүүлэлттэй байна.
☝2020 оны 12 дугаар сарын 14-нд Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн, Метагийн хөндлөнгийн баримт шалгагч түнш байгууллага "Lead Stories"-оос “ALIEN PLANET” нэртэй Youtube сувгийн өөр хэдэн бичлэгийг шалгаж эвлүүлэг гэдгийг нь тогтоож байсан.

👉Шалгаж буй бичлэг нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумд болсон үйл явдал биш. Бичлэгийг анх оруулсан эх сурвалжаас авсан зургийг томруулан орчныг сайтар ажиглавал хадархаг ууланд хэдэн мал, амьтан бэлчиж, зарим нь хэвтэж байгаа зураг байна.
📌Бичлэгт нэмэлтээр эвлүүлсэн харь гаригийн гэж тодорхойлоод байгаа гурвалжин биет ирэх болон түүнээс гэрэл гарах үед ч орчинд сүүдэр буухгүй, мөн бэлчиж буй малын байрлал огт хөдлөхгүй байна. /зургаас дэлгэрэнгүйг харна уу/
Энэ нь зураг дээр компьютер график ашиглан эвлүүлж хийсэн болохыг илтгэж байна.
👉Олон улсын баримт шалгах байгууллагууд хэд хэдэн бичлэгийг нь шалгаж, хуурамч болохыг тогтоож байсан “ALIEN PLANET” нэртэй Youtube сувгаас 2020 онд зураг ашиглан эвлүүлэг хийсэн бичлэгийг одоо Монгол улсад, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг уул багт болсон мэтээр оруулж төөрөгдүүлсэн байна.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst