“Нэг өрхөд таван сая”-ын зээл олгоно гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Нэг өрхөд 5 саяын зээлийг олгож байна гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ийм төрлийн мэдээлэл холбогдох дугааргүй, зөвхөн чатаар харилцдаг ба иргэдийг залилж, санхүүгийн хохирол учруулах зорилготой этгээдүүдийн арга барил тул хуурамч эсэхийг хэрхэн мэдэж болохыг баримт шалгалтаар харууллаа.

📌2022 оны 08 дугаар сарын 23-нд “АРДЧИЛСАН ЭРХ ЧӨЛӨӨТ ИРГЭДИЙН АЛБАН ЁСНЫ НЭГДЭЛ🇲🇳” нэртэй пэйжид “Isaac Kougbe” гэх хэрэглэгчийн хаягаас “Нэг өрхөд таван сая”-ын зээлийг өнөөдөр л олгож байна. Өрх бүр болон 18-аас дээш насны хүн бүр авах боломжтой. Хадгаламж шаардагдахгүй, хар данс, NDSH болон орон нутаг нөлөөлөхгүй. Зээл авахдаа шилжүүлгийн хураамж авахгүй тул чат бичээд мэдэгдээрэй” гэсэн пост оруулсан нь 08 дугаар сарын 24-ны байдлаар 20 реакц, 46 сэтгэгдэл авч 5 удаа цааш түгээсэн байна.

🔍Ийм төрлийн мэдээлэл холбогдох дугааргүй, зөвхөн чатаар харилцахыг уриалдаг ба санхүүгийн залилан хийх зорилготой этгээдүүдийн арга байдаг тул хуурамч эсэхийг хэрхэн мэдэх аргыг дахин сануулъя.

1. Хэрэглэгчийн хаягийг судлах

👉Эргэлзэж байгаа мэдээллийнхээ эх сурвалжийг хамгийн түрүүнд шалгах хэрэгтэй. Ингэхийн тулд пост оруулсан хаягийн нэр дээр нь дарж үзээрэй. 📌Шалгаж байгаа мэдээллийг оруулсан Isaac Kougbe нэртэй хаягийг шинээр нээсэн байх бөгөөд нийт 16 группийн гишүүн гэсэн байна. Харин үндсэн мэдээлэл болон оруулсан постын түүх нь хоосон байна.
Энэ нь хуурамч хаягийг илэрхийлэх нэг үзүүлэлт юм.

2. Ашигласан зургийг нягтлах

👉Мэдээллийг нягтлах нэг арга нь зургаар хайлт хийх гэдгийг цахим хэрэглэгчид мэддэг болсон байх.
📌Шалгаж буй постод ашигласан зургийг Search image with Google Lens цэсээр хайхад цахим орчинд 13 удаа хэрэглэсэн байх ба 2022 оны 08 дугаар сарын 14-нд Чех улсын inzerce-tesin.cz гэх домайн хаягтай зарын сайтад Буцахгүй санхүүжилт олгох тухай зар оруулж байсан байна.
📌Тухайн зарын сайт нь эрхлэн гаргагч байгууллага тодорхойгүй, холбоо барих, хаяг байршлаа бичээгүй, баталгаат бус эх сурвалж байна. Мөн оруулж байгаа зарууд нь Чех ажилчдад зээл олгох, буцалтгүй тусламж санал болгосон, хандив өгөх хүн хайж байна гэх мэт агуулгатай, холбоо барих хаяг тодорхойгүй байгаа зэрэг нь хяналтгүй ажилладаг цахим талбар гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Хувийн мэдээллээ өгөхөөс зайлсхийх

👉Шалгаж буй мэдээллийн түгсэн байдал, сэтгэгдэл үлдээсэн зэргээс харахад холбоо тогтоож, хувийн мэдээллээ өгөх магадлалтай хэрэглэгч байсаар байна. Тиймээс та бүхэн дээрх аргуудаар шалгаж үзсэний дараа холбоо тогтоож, хувийн мэдээллээ өгөх эсэхээ шийдэж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document