Хятадууд газар нутгаасаа өгөхгүй бол хилээ нээхгүй гэсэн шаардлага тавьсан гэх мэдээлэл #ХУДАЛ

[ХУДАЛ] 📌2022 оны 08 дугаар сарын 11-нд Е. Тогтохбаяр нэртэй хаягаас “Ардчилсан эрх чөлөөт иргэдийн албан ёсны нэгдэлм MN” группт “Хятадууд Монголд хилийн цэгээ наашлуулан, газар өгөхгүй бол хилээ нээхгүй гэж тулган шаардсан” гэх агуулгатай постерыг шэйрлэсэн байна. Уг постерыг Lamjav Purevsuren нэртэй хэрэглэгч 2021 оны 11 дугаар сарын 27-нд постолсон байна.
📌Lamjav Purevsuren-ийн пост нь 08 дугаар сарын 23-ны байдлаар 1,400 гаруй реакц, 245 коммент, 19 мянган удаа цааш түгээгдсэн байна. Харин Е. Тогтохбаярын шэйр 880 реакц, 219 коммент, 267 удаа цааш түгээгдсэн байна.

#FactCheckedByMFCC

👉Анхны постер нь Эрээн, Замын-Үүдийн боомт 2021 оны 10 дугаар сарын 14-нд тодорхойгүй хугацаагаар хаагдсанаас хойш буюу 2022 оны 01 дугаар сарын 11-нд хэсэгчилсэн байдлаар нэгдэх хооронд бичигдсэн бөгөөд Хятадын талаас хилээ хаасанд хариу үйлдэл болгон бичсэн байх боломжтой байна.

📌Монгол улс, БНХАУ нь одоогоор хилийн маргаангүй бөгөөд 1962 онд 12 дугаар сарын 26-нд Бээжинд байгуулсан Хилийн гэрээгээр хоёр улс хилийн шугамыг тохиролцон гарын үсэг зуран баталгаажуулсан. Цаашлаад 1988 болон 2010 онд гэрээг шинэчлэн батламжилсан.
📌2010 оны Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай гэрээгээр талууд өмнө байгуулагдсан хилийн цэгийн протоколуудыг даган мөрдөж, “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх”, “найрсгаар хамтран ажиллах үзэл санааны дагуу улсын хилийг хамтран хамгаалахаар” тохиролцсон.

📌Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд Улсын Их Хуралд улсын хил тогтоох онцгой бүрэн эрх байхыг тогтоосон байдаг. Мөн Монгол улсын Хилийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “улсын хилийн шугамыг тодорхойлох, тогтоох, өөрчлөх, асуудлыг Монгол Улсын Их Хурал, улсын хилийг хамтран шалгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заажээ. Түүнчлэн тус хуулийн 35 дугаар зүйлд Улсын хил хамгаалах байгууллагын чиг үүрэгт “улсын хилийн шугамыг хууль бусаар өөрчлөх явдал гаргуулахгүй байх” гэж заасан байдаг.

📌Хилийн цэгийг өөрчлөхтэй холбоотой мэдээллийн талаар 08 дугаар сарын 23-ны 11:38 цагийн үед Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албатай холбогдон тодруулахад дээрх мэдээллийг “худал мэдээлэл” гэсэн ба “Монгол улсын хилийг олон улсын гэрээгээр тогтоодог учир хаа хамаагүй хурдан, түргэн наац цааш болгох боломжгүй” гэж мэдэгдсэн.
📌Өмнө нь 2020 оны 11 дугаар сарын 17-нд “Монгол улс хилийн шугамаа буцаан татлаа” гэх мэдээлэлд Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд мэдэгдэл гарган, няцааж байсан.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst