09 сарын 1-нээс мөрдөгдөх шинэ дүрэм гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

[ТӨӨРӨГДҮҮЛСЭН] 📌2022 оны 08 дугаар сарын 19-нд “Tusgaar.mn Тусгаар Монголын Мэдээ” нэртэй 117 мянган дагагчтай пэйжид “Жолооч нарын анхааралд - 2022 оны 9 сарын 1-нээс эхлэн мөрдөх шинэ дүрмүүдтэй танилцаарай” гэсэн тайлбартай, zasagt.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 08 дугаар сарын 22-ны байдлаар 172 реакц, 41 сэтгэгдэл авч, 605 удаа цааш түгээсэн байна.
📌Уг холбоосоор орж CrowdTangle хэрэглүүрээр тархалтыг нягтлахад Facebook платформд нийт 1,329 хариу үйлдэл авсан байна.
📌Уг мэдээлэлд,
Буруу талаар гүйцвэл 19200₮
ЗХД-ийн дагуу машин чирээгүй бол 28800₮
Санаатай тоормословол 19200₮
Зөвшөөрөлгүй тусгай гэрэл дохио ашиглавал 96000₮
Шалтгаангүйгээр хэт удаан явбал 19200₮
Хурд хэтрүүлбэл 48000₮ торгож 6 сараар эрх хасна
Гэрэлтүүлэг бүрэн бус хөдөлгөөнд оролцвол 19200₮
Зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол 9600₮
102, 103 машинд зам тавьж өгөөгүй бол 19200₮
Эрхээ хасуулсан этгээд согтуугаар машин жолоодвол 768000₮
Хориглосон гэрлээр орвол 19200₮
Төмөр замын хориглосон дохио зөрчиж гарвал 48000₮
Явган хүний гарц дээр зогсвол 19200₮
Жолоо барьж байхдаа утсаар яривал 9600₮
Давтан согтуугаар машин жолоодвол 30 хоног баривчилна
Согтуугаар машин баривал 384000₮ торгож, 6-24 сараар эрх хасна” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

📌2022 оны 08 дугаар сарын 19-нд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболдоос шинэ дүрэм 09 дүгээр сарын 1-нээс хэрэгжих болсон талаар лавлахад "Худлаа мэдээлэл түгээж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу дүрэм зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэж байгаа. Тэр мэдээлэлд дурдсан торгуулийн хэмжээ ор үндэсгүй зүйл" гэсэн юм.

📌Зөрчлийн тухай хуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчихөд хүлээх хариуцлагыг тусгахдаа нэгжийг нэмэгдүүлсэн дүнгээр тооцсон. Өөрөөр хэлбэл арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (10,000), хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (20,000), дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно (400,000) гэх мэтээр тэгш тоогоор торгууль ногдуулах болсон.

👉2015 оны 07 дугаар сарын 8-нд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар тус хуулийн 6-р бүлэг, 25 дугаар зүйлд “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага” хэсэгт:
📌25.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
📌25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Мөн “энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан” гэжээ.
👉Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25.2-д заасанчлан хүлээх хариуцлагыг өөрчлөн найруулж, бусад хуулиар зохицуулах болсон байна. Харин өмнө оноодог байсан торгуулийн хэмжээг "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна", "нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэх мэтээр заасан байсан. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байсантай уялдаж энэхүү 19,200 гэх тоог оруулсан байх магадлалтай.

👉2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 14.7-р зүйлд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” гэсэн агуулгаар нийт 57 заалттайгаар хүлээх хариуцлагыг тусгаж өгсөн байна.
☝Шалгаж буй мэдээлэлд дурдсан торгууль бүрийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд хэрхэн тусгасныг шүүж орууллаа.
👉“Буруу талаар гүйцвэл 19200₮” гэх агуулга нь
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.34-д “Замын хөдөлгөөний дүрэмд заасан гүйцэж түрүүлэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан буюу 20,000 төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг юм.
👉“ЗХД-ийн дагуу машин чирээгүй бол 28800₮” гэх агуулга нь
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.44-д “Тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан буюу 30,000 төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж тусгажээ.
👉“Санаатай тоормословол 19200₮”, болон “Шалтгаангүйгээр хэт удаан явбал 19200₮” гэх агуулга нь
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.33-т “Жолооч шаардлагагүй үед огцом тоормосолсон, эсхүл аюултай нөхцөл үүсгэсэн, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан буюу 10,000 төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.
👉“Зөвшөөрөлгүй тусгай гэрэл дохио ашиглавал 96000₮” гэх агуулга нь
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.16-д “Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан буюу 100,000 төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна.
👉“Хурд хэтрүүлбэл 48000₮ торгож 6 сараар эрх хасна” гэх агуулга нь
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.31-д “Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” (50,000₮)
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.32-т “Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” (50,000₮) гэж тус тус хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
👉“Гэрэлтүүлэг бүрэн бус хөдөлгөөнд оролцвол 19200₮” гэх агуулга нь
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.14-т “Ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, эсхүл харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” (25,000₮, 250,000₮) гэж заасан байна. 👉“Зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол 9600₮” гэх агуулга нь
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.20-д “Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан буюу 20,000 төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна.
👉“102, 103 машинд зам тавьж өгөөгүй бол 19200₮” гэх агуулга нь
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.17-д “Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн жолоочид Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”,
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.26-д "Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан буюу 20,000 төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэжээ.
👉“Эрхээ хасуулсан этгээд согтуугаар машин жолоодвол 768000₮” гэх агуулга нь
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.1-д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан буюу жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодвол 200,000 төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.3-д “3.1. согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;
3.2.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАСАЖ хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан буюу 400,000 төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээлгэж, жолоодох эрхийг 1 жилээр хасна гэжээ.
👉“Хориглосон гэрлээр орвол 19200₮” гэх агуулга нь
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.23-т “Жолооч гэрлэн, эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй хэмжээний тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан буюу 20,000 төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
👉“Төмөр замын хориглосон дохио зөрчиж гарвал 48000₮” гэх агуулга нь
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.40-д “Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн, эсхүл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан буюу 25,000 төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
👉“Явган хүний гарц дээр зогсвол 19200₮” гэх агуулга нь
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.35-д “3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг: 35.1.зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд;
35.2.явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан буюу 20,000 төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
👉“Жолоо барьж байхдаа утсаар яривал 9600₮” гэх агуулга нь
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.22-т “Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан буюу 20,000 төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
👉“Давтан согтуугаар машин жолоодвол 30 хоног баривчилна” болон “Согтуугаар машин баривал 384000₮ торгож, 6-24 сараар эрх хасна” гэх агуулга нь
📌Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан байна.
Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн, 09 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх мэтээр төөрөгдүүлсэн мэдээлэлд дурдсан зөрчлүүдэд хариуцлага хүлээлгэдэг хэвээрээ байгааг та бүхэнд хүргэлээ.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst