Хөдөөний иргэн хотод 5 хоновол 5 хоногийн татвар төлнө гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хөдөөгийн иргэд хотод 5 хоновол 5 хоногийн татвар төлнө гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслийн хувьд суудлын тоо, даац, тонн зэргээс хамаарч 1000-5000 төгрөг байхаар тогтоосон.

📌2022 оны 08 дугаар сарын 16-нд “Arvin Batsukh” нэртэй хэрэглэгч “МАНАЙ ХАЙРТ ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ” нэртэй Facebook бүлгэмд “Шийдвэр хөдөөний иргэд хотод 5 хоновол 5 хоногийн татвар төлнө” гэсэн гарчигтай Zagdaa.com домайн дээр нийтлэгдсэн мэдээг постолсон нь 2022 оны 08 дугаар сарын 19-ны байдлаар 59 реакц, 81 сэтгэгдэл авч, 11 удаа цааш түгээсэн байна.

📌Уг холбоосыг дарж сайт руу ороход 2022 оны 05 дугаар сарын 06-нд нийтлэгдсэн байх ба тухайн домайн дээр байршсан мэдээний тархалтыг Crowdtangle tool ашиглан шалгаж үзэхэд Facebook сүлжээнд нийт 7000 хариу үйлдэл аваад байна.
Delgeen.com домайн дээр байршсан мэдээнд, “Нийслэлийн Засаг дарга Д. Сумъяабазар: Түгжрэлийг зөвхөн гүүр, зам бариад, баруу талдаа жолооны хүрдтэй машиныг хориглоод шийдэхгүй. Улаанбаатар хотод шинэ тээврийн хэрэгсэл болох LRT-ыг нэвтрүүлэх ажил маш амжилттай явж байна. БНХАУ-ын төмөр замын зургадугаар товчоо буюу ‘CREC’ компани Монгол улсын ‘UBC’ компанитай хамтраад 2022 оны тавдугаар сард ажил эхэлж, 2024 оны тавдугаар сарын 31-нд эхний 21.2км-ийг туршилтын байдлаар ашиглалтад өгнө. Бид 2023 оны есдүгээр сарын 30-нд төмөр зам, бусад тулгуур байгууламжуудыг дуусгана. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд тулгуур байгууламжийн тавцан буюу дээд талын явах тавцанг дуусгах төлөвлөгөөтэй байна. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 30-нд дохиолол, цахилгааны холболтуудыг хийгээд эхний туршилтын вагоныг явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Мөн хөдөө орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслүүдийг бүртгэнэ. Улаанбаатар хотын иргэдийн мөнгөөр баригдсан зам дээр хөдөө орон нутгийн иргэд явах бол татвараа төлнө. Таван хоног явах бол таван хоногийн татвараа төлнө” гэсэн байна.
👉Гарчиг болон мэдээний агуулга илт зөрсөн уг мэдээлийг Facebook сүлжээнд одоог хүртэл идэвхтэй түгээсээр байгаа тул баримт шалгалт хийх шаардлага гарлаа.

1. Мэдээний эхний хэсэгт дурдсан хөнгөн галт тэрэгтэй холбоотой мэдээлэл хотын даргын илтгэлд дурдагдсан байна

📌2022 оны 03-дугаар сарын 17-нд Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулсан “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын илтгэлийн хэсгээс мэдээний эхний хэсэгт дурдсан хөнгөн галт тэрэгтэй холбоотой мэдээллийг авсан байна. /Эх сурвалж хэсэгт байрлах холбоосоор нэвтэрч та бүхэн хэлэлцүүлгийг үзэх боломжтой/
📌Харин шалгаж буй мэдээллийн төгсгөл хэсэг дэх “Хөдөө орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслүүдийг бүртгэнэ. Улаанбаатар хотын иргэдийн мөнгөөр баригдсан зам дээр хөдөө орон нутгийн иргэд явах бол татвараа төлнө. Таван хоног явах бол таван хоногийн татвараа төлнө” гэх агуулгаар хайлт хийхэд илэрц гарч ирсэнгүй.

2. Хөдөө орон нутгийн иргэд хотод хоновол татвар төлнө гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

👉Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлд Нийслэлийн чиг үүрэгт хамрах асуудлуудыг заахдаа 24.1.4-д “хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох” гэж хамруулжээ.
📌Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд:
“16.1.Нийслэл хот албан татвартай байх бөгөөд албан татварыг хуулиар тогтооно”
“16.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь татварын хууль тогтоомжоор эрх олгож, тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтооно” гэж заасан байна.
👉2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдсан. Уг хуулийн хамрах хүрээг “Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ, энэ хуулийн 4.1.3-т заасан барааг худалдан авсан этгээдэд нийслэл хотын албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ” гэж зааж өгсөн байна.
👉Тус хуулиар зарим төрлийн бараа, үйлчилгээ худалдан авсан иргэн нийслэл болон орон нутгийн харъяалал харгалзахгүйгээр албан татвар төлөхөөр заасан байна.
📌Мөн 7 дугаар зүйлд “Нийслэл хотын албан татвар ногдох бараа, үйлчилгээ”-г дараах байдлаар тодорхойлсон байна.
Бараа гэдэгт:
Татвар төлөгчийн худалдан авсан:
– бүх төрлийн согтууруулах ундаа;
– бүх төрлийн тамхи” гэсэн бараанд нийслэл хотын албан татвар ногдуулна.
Үйлчилгээ гэдэгт:
Татвар төлөгчийн худалдан авсан:
– зочид буудлын үйлчилгээ;
– амралтын газрын үйлчилгээ;
– рестораны үйлчилгээ
– баарны үйлчилгээ.
– автомашин угаалгын үйлчилгээ
– авто үйлчилгээ үзүүлэгч зэрэг үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулна гэжээ.
👉Татварын хувь хэмжээг 9 дүгээр зүйлд заасан ба “9.2. Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-2.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” гэж заажээ.
👉Нийслэлийн албан татварын тухай хуульд эдгээрээс өөр төрлийн татвар тусгаагүй бөгөөд “орон нутгаас орж ирсэн иргэдээс хотод байсан хугацаагаар нь тооцон авах татварын тухай” зохицуулалт байхгүй байна.

3. Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тогтоосон

📌2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан тухай мэдээг НИТХ-ын албан ёсны вебсайт khural.ulaabaatar.mn-д байршуулсан байна.
Уг мэдээнд:
“Нийслэлийн бүртгэлтэй тээврийн хэрэгслээр авах төлбөрийн хувь хэмжээг суудлын автомашинд 20-40 мянган төгрөг, ачааны автомашин ангиллаас хамаарч 40-70 мянга, автобус 40-60 мянга, механизм 30-60 мянга, мотоцикль, мопед 10 мянга, цистерн 50 мянга, чиргүүл 30 мянга байхаар суурь хураамжийг тогтоолоо. Харин Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслийн хувьд суудлын тоо, даац, тонн зэргээс хамаарч 1000-5000 төгрөг байхаар тогтов” хэмээн мэдээлжээ.
☝Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Хөдөө орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслүүдийг бүртгэнэ. Улаанбаатар хотын иргэдийн мөнгөөр баригдсан зам дээр хөдөө орон нутгийн иргэд явах бол татвараа төлнө” гэх мэдээлэлтэй холбогдох албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document