Хуванцраар хийсэн хуурамч будаа гэх мэдээлэл #ХУДАЛ

[ХУДАЛ] 📌2022 оны 08 дугаар сарын 16-нд “Delgeen News Инээмсэглэл” нэртэй Facebook хуудсанд “Хуванцраар хийсэн xуурамч будааг жинхэнэ будаанаас ялгахын тулд энэ аргыг сурч аваарай” гэсэн гарчигтай Delgeen.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны байдлаар 808 реакц, 53 сэтгэгдэл авч, 2300 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна.

📌Уг холбоосыг дарж сайт руу ороход 2020 оны 09 дугаар сарын 06-нд нийтлэгдсэн байх ба тухайн домайн дээр байршсан мэдээний тархалтыг Crowdtangle tool ашиглан шалгаж үзэхэд Facebook сүлжээнд нийт 1,388 реакц, 117 сэтгэгдэл авч, 3209 удаа цааш түгээжээ. Delgeen.com домайн дээр байршсан мэдээ нь: “Хятад улс будаа үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Тус улс жилдээ 200 гаруй тонн будаа хурааж авдаг бөгөөд үүнийхээ ихэнхийг нь олон улсын зах зээлд нийлүүлдэг. Гэвч импортоор орж ирж буй будаанд сэрэмжтэй хандах хэрэгтэй болоод байна. Учир нь Хятадын тариаланчид хортон шавьж устгах бодис их хэмжээгээр хэрэглэдгээс гадна өдгөө хуурамч будаа үйлдвэрлэх болсон тухай нийтлэл Korea Times сонинд бичигджээ. Эхлээд төмсний цардуулыг хуванцар (нийлэг резин гэх мэт)-тай холино. Дараа нь будаа хэлбэртэй болгоно. Эцэст нь түүнийгээ буцалгаж, будааны үнэр, амт оруулдаг аж. Мэргэжилтнүүд хуурамч будаа хэрэглэхээс зайлсхийхийг сануулсаар байгаа юм. Гурван удаа хуурамч будаа хоолондоо хэрэглэвэл нэг бүтэн гялгар уут идсэнээс ялгаагүй гэнэ. Эдүгээ түгшүүрийн харанга дэлдэхээс өөр аргагүй нөхцөл үүсээд байна. Нэг цайны халбага түүхий будааг хүйтэн устай аяганд хийж тавь. Хэрвээ будаа аяганы ёроолд тунаж байвал айх зүйлгүй. Харин усан дээр хөвж гарч ирвэл хуурамч гэсэн үг. Чүдэнз юм уу тамхины асаагуурын дөлөнд бага зэрэг будаа бариад үз. Хэрвээ тэр дороо гал авалцаж, хуванцар үнэртээд эхэлбэл та юу хийхээ мэдэж байгаа. Ууранд бага зэрэг будаа хийгээд нүдэж үзэхэд цагаан өнгөтэй нунтаг болж хувирах ёстой. Харин хуурамч будааны өнгө хувирч, цайвар шаргал болдог. Хүнсэндээ хэрэглэж байгаа будаа тань биед хоргүй эсэхийг баттай шалгая гэвэл битүү саванд бага зэрэг болсон будаа хийгээд дулаан газар тавиарай. Хэд хоногийн дараа хөгцөрсөн байх болно. Харин хуурамч будаа хөгцөрдөггүй. Эрүүл хүнс хэрэглэхэд тань эдгээр арга ач тусаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн та будаа иддэг найзууддаа эдгээр аргыг туршиж үзэхийг зөвлөөрэй. Тэгвэл хэн ч оройн хоолондоо хуванцар идэх шаардлагагүй болно” гэсэн байна.

📌Хандалт авах зорилгоор уг мэдээллийг жил бүр Facebook сүлжээнд давтамжтайгаар постолж иржээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

👉2011 оны 01 дугаар сарын 20-нд Korea times сонины веб сайтад “Хятадын хуурамч будаа худалдаанд байна” нийтлэл оруулсан байна. Энэ нийтлэл нь баримт нотолгоотой сэтгүүл зүйн бүтээл гэхээсээ илүүтэй “Weekly Hong Kong” сонин болон Сингапурын “Very Vietnam” нэртэй блогийн (одоо энэ нэрээр ямар ч илэрц байхгүй) мэдээллийг шууд орчуулан тавьж, эх сурвалжаараа нэрлэсэн байв. Тус мэдээлэл нь бидний шалгаж байгаатай ижил агуулгатай буюу “БНХАУ-д үйлдвэрлэсэн хуванцар будаа нь үнэндээ төмс, чихэрлэг төмсний цардуулыг хольж будаа хэлбэрт оруулаад хэлбэрийг алдагдуулахгүйн тулд үйлдвэрлэлийн резинээр барьцалдуулдаг. Уг будаанаас гурван аягыг идэх нь нэг гялгар уут бүтнээр нь идэж буйтай адил. Уг будаа нь чанасан ч хатуугаараа байдаг байна” гэсэн байжээ.
📌2016 оны 10 дугаар сарын 26-нд АНУ-ын Snopes баримт шалгах төв дээрх Сингапурын “Very Vietnam” нэртэй блогт нийтэлсэн хуурамч будаатай холбоотой мэдээллийг шалгасан байна. Уг баримт шалгалтаар “хуурамч будаа” гэх мэдээлэл худал болохыг нотолсон ба ийм төөрөгдүүлсэн мэдээллийг “Weekly Hong Kong” болон “Korea Times” зэрэг нэр хүндтэй сэтгүүлүүд гаргасан гэдгийг дурджээ.
📌2017 оны 06 дугаар сарын 13-нд “Хуванцар будаа илрүүлэх аргууд” гэх мэдээлэл нь ХУДАЛ болохыг Францын төрийн өмчит France24 агентлаг баримт шалгалтаар нотолсон байна. Уг баримт шалгалтад Бельгийн Лувейний их сургуулийн доктор, Химийн хор судлаач Алфред Бернард болон Дакарийн Хүнсний Технологийн Институтийн захирал, доктор Фалло Сарр нарын ярилцлагыг хавсаргасныг та бүхэнд хүргэе.
📌“Будааны сортоос хамаараад шатаах үед зарим нь удаан шатна, зарим нь хурдан шатна. Уургийн болон нүүрс усны агууламж өөр, өөр учраас шатаах үед хайлах мэт реакц ч үзүүлж болно.
📌Будааны гадаргууд үйрмэг нунтаг наалдсан тохиолдолд усанд живэхгүй хөвнө. Будаа хоорондоо барьцалдаж эсвэл бутарч байгаагийн хувьд будааны цардуул хоёр нэгдлийг агуулдаг. Амилоз нь будааг хатуу болгодог бол амилопектин нь наалдамхай болгодог. Хадгалалтын хугацаа хэтрэх үед амилозын хэмжээ буурч, амилопектин улам нэмэгддэг. Хадгалалтын горим алдагдсан будааг халаахад маш наалдамхай, буцаагаад хөргөхөд маш нягт болно. Тиймээс хоорондоо хэт барьцалдаж буй нь хуванцартай гэсэн үг биш” болохыг сануулжээ.

👉Хуурамч будааны талаарх мэдээлэл тархаж эхэлсэн 2011 онд БНХАУ-ын олон улсын будааны зах зээлд эзэлж байсан байр суурийг тодруулвал:
📌Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 2011 оны “Будааны зах зээлийн шинжилгээ”-нээс үзвэл тухайн үед БНХАУ нь жилд 195 сая тонн будаа хурааж байсан байна.
📌Олон улсын худалдааны дата мэдээллийг зураглан харуулдаг “Эдийн засгийн цогц шинжилгээний платформ”-ын 2011 оны будааны экспорт, импортын дата мэдээллээр БНХАУ нь Дэлхийн нийт экспортын 2.07 хувийг хангадаг байсан ба БНХАУ-аас будаа импортолдог орнуудад:
-БНСУ 41.2%
-БНАСАУ 10.9%
-Япон 4.95%
-Хонг Конг 4.72%
-Индонез 6.92%
-Монгол Улс 1.33% зэрэг нийт 128 улс багтсан байна.
📌Тус платформын хамгийн сүүлийн дата мэдээлэл буюу 2020 онд БНХАУ дэлхийн будааны экспортын 4.25 хувийг хангадаг болсон нь будаа экспортлогч орнуудаас эхний 7-д орж байна.

👉2017 онд Монгол улсын МХЕГ улсын хэмжээнд цагаан будаа импортолж, худалдаалдаг 21 аж ахуйн нэгж, 38 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дүгнэлтийг 2017 оны 12 дугаар сарын 19-нд хэвлэлийн бага хурал хийн мэдээлсэн байдаг.
📌МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар:
“2017 онд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 100 дээж, цагаан будаа импортлогч, савлагч 28 аж ахуйн нэгж, 7 иргэний хүсэлтээр 39 дээж, нийт 139 дээжийг мэдрэхүй, чийг, гадны хольц, хортон шавж, пестицид, хүнд металлын үлдэгдлийг тодорхойлох үзүүлэлтээр шинжлүүлэхэд 12 дээж 17 үзүүлэлтээр шаардлага хангаагүйгээс 9 дээж мэдрэхүйн үзүүлэлтээр, 2 дээж хугацаа дууссан, 6 дээж хорио цээртэй хортон шавжийн үзүүлэлтээр шаардлага хангаагүй гарсан байна” хэмээн мэдээлж байжээ.
👉2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн газрын 11-283204 утсаар холбогдон лавлахад:
📌“Хуурамч будаатай холбоотой мэдээлэл өнгөрсөн жилүүдэд давтамжтайгаар тархсан байдаг. Тухай бүрт нь шалгалт хийхэд хуванцар будаа илэрсэн тохиолдол байгаагүй. Будаа үйрч байгаагийн хувьд хуурамч будаа биш хугацаа нь дууссан будаа үйрдэг. Будаа нүүрс усаар баялаг учраас шатахад угаас хиншүү үнэртдэг” гэх хариултыг өглөө.
📌Гаалийн цахим үйлчилгээний системийн 2021 оны гадаад худалдааны гүйцэтгэлээр 2021 онд 49,004 тонн цагаан будаа импортоор оруулж иржээ. Манай улсын цагаан будааны томоохон нийлүүлэгчдээр:
1. 18,210 тонн - Вьетнам
2. 15,248 тонн - БНХАУ
3. 12,655 тонн - ОХУ зэрэг орнууд байна.

👉Хуванцар будааны тухай мэдээллээс болж БНХАУ-аас будаа импортлогч олон оронд хяналт, шалгалт хийж байсан бөгөөд “хуванцар будаа” гэх зүйлийг илрүүлж, нотолсон тохиолдол байхгүй байна. Үйл явдлууд улс орон бүрт хэрхэн өрнөснийг та бүхэнд хүргэе.
📌2010 оны 07 дугаар сарын 17 Chinadaily сонин, Бүгд Найрамдах Хятад Ард Улс “Вучань дүүргийн дарга Яао Жибо нь Вучань дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан бүх буудайн компаниудад шалгалт хийсний үр дүнд 6 компанийг хааж буйг мэдэгджээ. Вучань сортын будаа нь БНХАУ-д төдийгүй олон улсад сайн чанарын хэмээн танигдсан байсан ч тус компаниуд энгийн ургацын будаан дээр химийн охь хийж Вучань сортын будаа гэж зарж байсан нь ил болж, хариуцлага хүлээсэн байна. Вучань сортын будаа энгийн будаанаас 2.5 дахин үнэтэй, мөн БНСУ тухайн үед жилдээ 3,000-5,000 тонн Вучань сортын будаа импортолдог байжээ. Энэ асуудлаас үүдэж “хиймэл будаа”, “хуванцар будаа” зэрэг мэдээлэл гарч эхлэв.
📌2015 оны 11 дүгээр сард хуванцар будаа илэрсэн гэх шуугиан Индонез улсын Жакарта хотод дэгдэж, хотын Цагдаагийн төв байгууллага үндэсний хэмжээнд шалгалт хийсэн байна. Уг шалгалтын эцэст “Будаанаас хуванцар илрээгүй” болохыг Жакартагийн Тусгай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Мужиёоно мэдэгдсэн нь Jakarta Post хэвлэлийн веб сайтад 2015 оны 11 дүгээр сарын 03-нд нийтлэгдсэн байна.
📌2016 оны 10 дугаар сарын 17-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад мөн л БНХАУ-ын импортын будаа хуванцар агуулсан гэх цуу яриа иргэдийн дунд үүсэж, Энэтхэгийн Керала хөдөө, аж ахуйн сургууль шинжилгээ хийсэн байна. Тухайн шинжилгээний үр дүнг Эрнакулам дүүргийн Хүнсний аюулгүй байдлын газрын дарга К.В.Шибу танилцуулсан нь The Hindu сэтгүүлд гарснаас эш татвал, “Цахим сүлжээ нь иргэдийг төөрөгдүүлэх худал мэдээлэл тархах гол цэг болоод байна. Энгийн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ижил төрлийн мэдээнүүдэд итгэх хэрэггүй, Энэтхэг улсад хуванцар будаа хилээр нэвтэрсэн тохиолдол байхгүй болохыг мэдэгдье” гэжээ.
📌2016 онд Нигер улсын хил дээр 2.5 тонн БНХАУ-ын импортын будааг “хуванцар үнэртсэн” гэх шалтгаанаар хураасан тохиолдол гарсан ч шалгалтаар тухайн будаанд хуванцар огт агуулагдаагүй, харин хадгалах хугацаа дуусах дөхөж байсан учраас бактери, өвчлүүлэгч үржсэн байсныг олж тогтоосныг BBC агентлаг 2016 оны 12 дугаар сарын 30-нд мэдээлсэн байдаг.
📌2017 онд Их Британи улсад “Будаа чинь резин шиг ойж байвал хуурамч” гэх цуу яриа хүчтэй тархаж Их Британий Будаа нийлүүлэгчдийн холбооны захирал Александр Вауг тайлбар хийж “Будааны найрлагад нүүрс ус болон уураг их хэмжээгээр агуулагддаг тул резин шиг шинж чанар үзүүлэх боломжтой” болохыг тайлбарласан нь BBC агентлагийн веб сайтад 2017 оны 07 дугаар сарын 05-нд байршжээ.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst