Гроприносин эм нь хүүхдэд амьсгалын замын халдварын эмчилгээнд хэрэглэдэг эм огт биш гэх мэдээлэл бүрэн бус

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гроприносин эм нь хүүхдэд амьсгалын замын халдварын эмчилгээнд хэрэглэдэг эм огт биш гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Европын Химийн бодисын агентлагийн мэдээллийн санд Инозин пранобексийг/Гроприносин/ бүртгэсэн ба Монгол улсын Эмийн бүртгэлд 2011, 2014 онуудад бүртгүүлснээр өдийг хүртэл худалдаалагдаж байна.

📌2018 оны 01 дугаар сарын 02-нд “Гэгээн ертөнц ТББ” нэртэй Facebook хуудсанд “Сэрэмжлүүлэг! Гроприносин юуны эм бэ?” гэсэн гарчигтай мэдээллийг Гроприносин эмийн зургийн хамт нийтэлсэн нь 2022 оны 08 дугаар сарын 8-ны байдлаар 1.6 мянган реакц, 1.9 мянган сэтгэгдэл авч, 7.7 мянган удаа цааш түгээсэн байна.

📌Уг постод: “Гроприносин юуны эм бэ? Гроприносин (худалдааны нэршил) буюу олон улсын нэршил нь Inosine Pranobex 1960-аад оны сүүлчээр анагаах ухаанд анх нэвтэрч эхэлсэн бөгөөд лабораторийн нөхцөлд дархлаа тогтолцоог идэвхижүүлж вирусийн болон хавдрын эсрэг үйлдэл үзүүлдэг бэлдмэл юм. Өөрөөр хэлбэл хуруу шилэнд хийсэн судалгаагаар гроприносин дархлааны зарим эсүүдийн тоог нэмэгдүүлдэг. Гэхдээ энэхүү бэлдмэлийг 1970-1980-аад онд зарим хорт хавдар, хүний папиломавирус (умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг вирус), бүслүүр үлд, вирусийн гепатит, ХДХВ/ДОХ-той өвчтөний эмчилгээнд хэрэглэж байсан ч үр дүн нь нотлогдоогүй тул өнөөдрийн байдлаар зөвхөн бэлгийн үү, бэлгийн хомхой, тархины вирусийн архаг халдварын үед хэрэглэж байна. Дунджаар 4-6 долоо хоног уулгаж хэрэглэдэг. Гэсэн хэдий ч үр дүн нь ацикловир зэрэг бусад эмчилгээний аргаас сайн биш. Гроприносиныг хүүхдэд хэрэглэхэд амьсгалын замын вирусийн халдвар буюу ханиад томууны үед ямар нэг эмчилгээний нөлөөгүй гэдэг нь анагаах ухаанд 10 гаруй жилийн өмнө нотлогдсон болно. АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам энэхүү бэлдмэлийг эмчилгээний ямар нэг үр дүнгүй тул тус улсад бүртгэж хэрэглэхийг зөвшөөрөөгүй. Харин Канад, Европын улс орнуудад зөвхөн жороор олгодог. Бэлдмэлийн элбэг тохиолддог дашрамын нөлөөнд ходоод гэдэс хямрах, арьсаар тууралт гарах, толгой өвдөх, ядрах, элэгний үйл ажиллагаа хямрах, үеэр өвдөх зэрэг орно. Харин ховор тохиолдох дашрамын нөлөөнд суулгах/баас хатах, нойргүйдэх, их шээс зэрэг орно. Гроприносиныг бөөрний эмгэгтэй, тулай өвчинтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх шаардлагатай бөгөөд хөхүүл, жирэмсэн эхчүүд, хүүхдэд хэрэглэхгүй байвал зохино. Гроприносин нь хүүхдэд ханиад томуу зэрэг амьсгалын замын халдварын урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэдэг эм огтоос биш ээ. Хүүхдийн эмч Т.Навчаа (Ph.D)” гэжээ.

👉Энэхүү постыг оруулснаас хойш дөрвөн жил өнгөрсөн ч сэргээн шэйрлэж, Ковидын эмчилгээнд Гроприносин эмийг өргөн ашигласантай холбогдуулан сэтгэгдэл хэсэгт олон хүн эргэлзсэн хариу бичсээр байгаа тул баримтын шалгалт хийх шаардлага гарлаа.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

☝Бид эрүүл мэнд, анагаах ухааны салбартай холбоотой баримт шалгалтад дэлхийн 194 орон гишүүнээр элсэн орсон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон түүнтэй хамтран ажилладаг 80 гаруй орны 800 гаруй судалгаа, шинжилгээний төвүүд, тухайн улсынхаа эрүүл мэндийн салбарын эрх бүхий төрийн байгууллага, яамдаар хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа, шинжилгээний байгууллагуудын мэдээллийг эх сурвалж болгон ашигладаг билээ. Түүнчлэн, өндөр хөгжсөн ихэнх орнуудын үндэсний судалгааны төвийн вэбсайтад нийтлэгдсэн бусад орны эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлуудыг эх сурвалжаар сонгохдоо тухайн судалгааны ажлыг нийтлүүлсэн эрдэмтэн, судлаачдын академик нэр хүнд, танигдсан байдлыг харгалзан үздэг болно. Тэдгээр ажлуудаас эш татахдаа Монгол Улсын эрүүл мэндийн байгууллага, эрх бүхий агентлагуудын дүгнэлтэд үндэслэдэг. Мөн дотоодын нэр хүнд бүхий байгууллагуудаас хийсэн академик судалгааг нэн тэргүүний эх сурвалж болгон ашиглах зарчимтай ажиллаж байна.
👉Тайлбар: “Гроприносин” эмийг олон улсад өөр өөрөөр нэрлэж байна
Бие махбодийн хамгаалах чадварыг нэмэгдүүлэх, дархлалын тогтолцоог идэвхжүүлэх, вирусийн эсрэг үйлчилгээтэй эм. Гроприносин гэх эмийг олон улсад өөр өөрөөр нэрлэдэг.
Тухайлбал:
📌Гроприносин – Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Гүрж Улс, Оросын Холбооны Улсад,
📌Инозин пранобекс – Европын зарим орнуудад ашиглагддаг үндсэн нэршил,
📌Иммуновир – Их Британид,
📌Изопринозин – Унгар, Бүгд Найрамдах Латви Улсад,
📌Вируксан – Бүгд Гайрамдах Итали Улсад тус тус нэрлэдэг байна.

1. “Төрөл бүрийн өвчнүүдэд ашиглаж байсан ч үр дүн нь нотлогдоогүй тул одоогоор үндсэн 3 өвчний үед л ашиглаж байгаа” гэх мэдээлэл БҮРЭН БУС

👉АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэгээс гаргасан Инозин пранобекс эмийн тухай 2010 оны 08 дугаар сарын 23-ны нийтлэлд өмнө нь ямар өвчнүүдийн үед хэрэглэдэг байсантай холбоотой мэдээллийг дурджээ.
“Хавдрын эмчилгээнд үзүүлэх Инозин пранобексийн тухайд Франц улсад уушгины хорт хавдрын мэс засалд орсон 60 өвчтөн, хагалгаанд орж Инозин /Гроприносин/-ийг эмчилгээндээ хэрэглэсэн 60 өвчтөн буюу нийт 120 өвчтөнг хамруулсан судалгааны үр дүнг харьцуулан үзэхэд эмийг хэрэглэсэн өвчтөнүүд болон хагалгаанд орсон өвчтөнүүдийн амьдрах, эдгэх, хавдар эргэн сэдрэх магадлалуудын хооронд ялгаа байгаагүй. 2003 онд хийсэн арьсны хорт хавдартай өвчтөнүүдэд химийн эмчилгээтэй хослуулан хэрэглэхэд үр нөлөө мэдэгдэхүйц бус байсан. 1978 оны херпес вирусийн гаралтай хавдраар өвчилсөн хүүхдүүдийн эмчилгээнд ч мэдэгдэхүйц үр нөлөө байгаагүй. 1990 онд Швед болон Данийн судалгаагаар ХДХВ-с ДОХ болон хүндрэх нөхцлийг Инозин пранобекс /Гроприносин/ эм сааруулдаг гэх судалгаа гарсан ч тухайн үед АНУ Хүнс ба эмийн хяналтын удирдлагын газраас судалгааны ажилд хэд хэдэн алдаа байгааг тогтоосон. Одоогоор ХДХВ-аар өвчилсөн хүмүүст илүү үр дүнтэй, өөр аргуудыг хэрэглэж байна” гэжээ.
👉АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний хүрээлэн болон Английн Кокренн Олон улсын судалгааны байгууллагын вебсайтад 1998 оны 10 сард хийсэн бэлгийн хомхой өвчний үед Инозин пранобекс /Гроприносин/ эм болон Ацикловар эмийн аль нь илүү үр дүнтэйг харьцуулсан эрдэм шинжилгээний өгүүлэл байршуулсан байдаг. Уг өгүүлэлд:
“Бэлгийн хомхойн давтан сэдрэлийн үед хоёр эмийг харьцуулахын тулд судалгааны нэг бүлэгт Ацикловарыг 400 мг тунгаар өдөрт хоёр удаа, хоёр дахь бүлэгт Инозинийг 500 мг тунгаар өдөрт 2 удаа амаар уулгах туршилт хийлээ. Судалгааг ХБНГУ, Бельгийн Хаант Улс, Их Британи дахь нийт 13 судалгааны төвд херпес вирусээр өвчилсөн 127 өвчтөнийг хамруулан туршсан. Зургаан сарын турш үргэлжилсэн туршилтаар дараах үр дүн илэрсэн болно:
📌Хомхой дахин сэдрэх магадлал:
💊Ацикловар 31%, 💊Инозин /Гроприносин/ 96%
📌Туршилтын хугацаанд хомхой дахин сэдэрсэн тоо/Нэгж өвчтөнд/:
💊Ацикловар 0.6, 💊Инозин /Гроприносин/ 3.6
📌Арьсан дээрх тууралтын үргэлжлэх хугацаа:
💊Ацикловар 6.4, 💊Инозин /Гроприносин/ 8.2
Энэ нь бэлгийн хомхой өвчний үед Ацикловар илүү үр нөлөөтэйг илтгэж байна” гэжээ.
👉Тархины вирусийн архаг халдвар нь улаанбурханы вирусээр үүсэж, тархины хатуу ба зөөлөн бүрхүүлийг гэмтээдэг ховор төрлийн өвчин юм. 10-20 саяд нэг тохиох бөгөөд Энэтхэг улсад хамгийн их тохиолдол илэрдэг.
📌2022 оны 05 сарын 03-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Мэдрэл судлалын нийгэмлэгийн вебсайтад нийтэлсэн тайланд “Одоогоор Тархины вирусийн архаг халдварыг бүрэн эмчлэх эмчилгээ байхгүй. Өвчний удаашралыг бууруулах зорилгоор тархины ховдолд интерферон алфа эмчилгээг Инозин пранобекс /Гроприносин/-тай хавсарган хэрэглэх нь шинж тэмдгийн эмчилгээ хийх нь өнөөгийн нөхцөлд хамгийн үр дүнтэй арга. Гэхдээ өвчтөнүүд насан туршдаа уг эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай” гэсэн байна.
👉Словак болон Чехийн эрдэмтэд хамтран гүйцэтгэсэн “Амьсгалын замын цочмог халдварын үед инозин пранобекс эмийг ашиглах” судалгааг Европын эмийн агентлагийн дэргэдэх Европ дахь Эмнэл зүйн туршилтын бүртгэлийн санд 2016 оны 06 дугаар сарын 2-нд бүртгэсэн ба туршилтын үр дүнг нийтэлсэн байна. Уг судалгаанд 463 хүнийг хамруулахад Инозин пранобекс нь амьсгалын замын цочмог халдварын үед хүний биеийн дархлаа идэвхжих, биеийн байдал сайжрах зэргээр нөлөөтэй байгааг тогтоожээ.
👉Египэт улсад уг эмийг амьсгалын замын цочмог халдварын эмчилгээнд ашиглах туршилт эхэлсэн талаар АНУ-ын Үндэсний биотехнологи мэдээллийн хүрээлэнгийн дата баазад 2014 оны 04 сарын 24-нд мэдээлсэн байна. Гэсэн ч туршилтын үр дүн, дүгнэлтийг одоо болтол нийтлээгүй байна.
👉Энэтхэг улсад хийсэн нэгэн туршилтын мэдээллийг ДЭМБ-ын Олон улсын эмнэл зүйн туршилтын бүртгэлийн санд 2020 оны 08 дугаар сарын 14-нд оруулсан ба “Инозин пранобекс эм нь амьсгалын замын цочмог халдварын үед үр дүнтэй байсан” гэсэн дүгнэлт гарчээ. Үүний дараа Энэтхэг улсад Инозин пранобкесийг “Viralex” нэрээр худалдаанд гаргах болсныг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “India Times” сэтгүүлд мэдээлсэн байна.

2. АНУ-ын Хүнс ба эмийн хяналтын удирдлагын газар бүртгэхээс татгалзсан гэх мэдээлэл ҮНЭН, гэхдээ зарим улсад зөвшөөрөгдсөн байна

АНУ-ын Хүнс ба эмийн хяналтын удирдлагын газрын:
📌”Химийн бодис бүртгэх олон улсын систем”-д Инозин пранобекс /Гроприносин/ нь W1SO0V223F нэрээр бүртгэлтэй байна
📌Харин “Зөвшөөрөгдсөн эм, хүнсний нэмэлт бодисын жагсаалт”-д Инозин пранобекс /бусад бүх нэршлээрээ/ байхгүй байна.
👉Инозин пранобекстай холбоотой бидний өмнө дурдсан Америкийн Хавдар судлалын нийгэмлэгийн нийтлэлд “1981 онд Инозин пранобексийг дотоодын эмийн зах зээлд нийлүүлэх хүсэлт гаргасан ч эмнэл зүйн үр нөлөөг нотлох баримт сул байсан тул Хүнс ба Эмийн хяналтын удирдлагын газар зөвшөөрөл олгоогүй” болохыг мэдээлжээ.
✅Инозин Пранобекс эмийн бусад оронд зөвшөөрөгдсөн байдал
👉Бүртгэсэн орнууд:
ДЭМБ баталсан 2021 оны чухал эмийн жагсаалтанд Инозин пранобексийг/Гроприносин/ чухал эм гэж бүртгэсэн 7 орон байна. Үүнд:
-Алжир
-Камерун
-Чех
-ОХУ
-Монгол
-Словак
-Тунис зэрэг орнууд байна.
👉Үйлдвэрлэдэг улсууд:
Харин Европын Химийн бодисын агентлагийн мэдээллийн санд Инозин пранобексийг/Гроприносин/ бүртгэсэн байх бөгөөд ямар, ямар орнууд эмийг үйлдвэрлэж буй талаарх мэдээллийг 2019 оны 03 дугаар сарын 14-нд Европын эмийн агентлагийн зөвшөөрөгдсөн жагсаалтад нийтэлсэн байна. Уг орнуудад:
-Польш
-Их Британи
-ОХУ
-Ирланд
-Франц
-Унгар
-Латви улсууд багтаж байна.
☝Монгол улсын Эмийн бүртгэлд 2011, 2014 онуудад бүртгүүлснээр өдийг хүртэл худалдаалагдаж буй.
✅Хэрэглээнд нэвтэрсэн байдал:
📌ОХУ-д:
Гроприносин эмийн зааврыг ОХУ-ын Vidal фармын оруулснаас харахад эмийг:
-Бэлгийн үү
-Бэлгийн хомхой
-Улаанбурхан
-Тархины архаг халдвар
-Амьсгалын замын цочмог халдварын үед хэрэглэх заалттай байна. Мөн эмийг 3-ААС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭД ЖОРООР ОЛГОХ аж.
📌Их Британид:
Харин Гроприносин буюу Инозен пранобексийн эмийн зааврыг Их Британийн Эмийн мэдээллийн санд оруулснаар /Иммуновир гэх брэнд нэрийг нь ашигласан байгаа/:
-Бэлгийн үү
-Бэлгийн хомхой
-Тархины архаг халдварын үед насанд хүрсэн хүнд жороор олгох бөгөөд ХҮҮХДЭД ОЛГОХ ЗААЛТ БАЙХГҮЙ байна.
📌Монголд:
2018 оны 01 сарын 15-нд Монгол улсын Эрүүл мэндийн яамны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Б. Баясгалантай УЛААНБУРХАН өвчний талаар мэдээлэл өгөхдөө “Удирдамжид тусгаагүй ч НЭГЭЭС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭД эмчийн шийдвэр дээр үндэслэн Гроприносин эмийг жороор олгож болно” гэжээ.

3. Гроприносин эмийн гаж нөлөө, хэрэглэх зааврын тухайд:

👉Нийтлэлд дурдсан гаж нөлөөнүүдийн тухайд:
Эмийг хэрэглэх явцад дараах гаж нөлөөнүүд илрэх боломжтой. Илэрсэн тохиолдолд зайлшгүй эмчид хандахыг Их Британийн Эмийн мэдээллийн сангийн “Эмийн мэдээлэл” хэсэгт тусгажээ.
-Толгой өвдөх
-Бөөлжих
-Дотор муухай оргих
-Ходоод хямрах
-Суулгах
-Арьсаар тууралт гарах, загатнах
-Ядарч сульдах
❌Хэрэглэхийг хориглох заалт:
📌Инозин пранобекс нь шээсний хүчлийг бага хэмжээгээр нэмэгдүүлдэг тул тулай өвчин, бөөрний архаг өвчлөл, шээсний сүвийн үрэвсэл зэрэг өвчнөөр өвчилж байсан бол хариуцсан эмчид заавал мэдэгдэн, хэрэглэх тохиолдолд бага тунгаар хэрэглэх ба эмийг уух хугацаанд тогтмол бөөр, шээсний шинжилгээнд хамрагдах
📌Үр тарианы харшилтай бол мөн хэрэглэхгүй байх
📌Дархлаа дарангуйлах төрөл бүрийн өвчтэй хүмүүс хэрэглэхгүй байх
📌Дархлаа дарангуйлах эмнүүдтэй хамт уухгүй байх
📌Жирэмсэн болон хөхүүл ээжүүд, бага насны хүүхдүүдийг хамруулсан эмнэл зүйн туршилт олон улсад хангалттай хийгдээгүй байгаа тул уухаас зайлсхийх хэрэгтэй гэж Их Британийн Эмийн мэдээллийн сангийн вебсайтад зөвлөжээ.
📎Нэмэлт мэдээлэл:
👉Гроприносин эмийг Монгол улсад болон олон улсад ковидын эсрэг эмчилгээнд хэрэглэж буй байдал
📌ДЭМБ-ын Ковид-19 вирусийн эсрэг эмчилгээний удирдамжид Гроприносин/ Инозен пранобекс/ эм нэрлэгдээгүй байна. Ашиглахыг зөвлөсөн эмийн жагсаалтад:
-Нирматрелвир + Ритонавир /Худалдааны нэршил Паксловид/
-Молнупиравир
-Сотровимаб тарилга
-Ремдезивир тарилга
-Казиривимаб + имдевимаб /Худалдааны нэршил REGN-COV2/ зэрэг эмүүдийг зөвлөжээ.
📌Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны А/33 тушаал буюу “Шинэ коронавируст халдварын эмчилгээ, оношлогооны түр заавар шинэчлэн батлах тухай” удирдамжид мөн л Гроприносин эмийг шууд зөвлөөгүй байна.
Уг тушаалд “Одоогийн байдлаар SARS-CoV-2 вирусийн эсрэг өвөрмөц үйлчилгээт эм хараахан гараагүй. SARS-CoV-2 вирусийн идэвхтэй үржил репликаци, түүний нөлөөгөөр эдэд үүсч буй дархлааны хариу урвал, үрэвслийн хэт идэвхжлийг эмчлэх зорилгоор шалтгаан ба үрэвслийн эмгэг жамын эмийн эмчилгээнд дараах эм бэлдмэлийг хэрэглэж байна. Үүнд:
📌 Шинэ коронавируст халдварын эсрэг бэлдмэл: ремдесивир, молнупиравир, (фавипиравир)
📌 SARS-CoV-2 вирүсийн эсрэг моноклонт эсрэгбие: дан (сотровимаб) ба хавсарсан (вирусийн мутаци, эмийн тэсвэржилтээс сэргийлж хавсарсан бэлдмэл: бамланивимаб + этесевимаб, касиривимаб + имдевимаб)
📌 Өвөрмөц иммуноглобулин, сийвэн (судалгааны зорилгоор, дархлаа дарангуйлагдсан үед хэрэглэх)” гэсэн байна


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document