Ромын пап Украин дахь дайныг НАТО эхэлж өдөөсөн гэж мэдэгдсэн нь төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ромын Пап Украйн дахь дайны НАТО эхэлж өдөөсөн гэж албан ёсоор мэдэгдлээ гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Пап Францискын ‘Corriere della Sera’ сонинд өгсөн ярилцлагадаа “Магадгүй НАТО Оросын үүдэнд боргосноос болж Путин Украин руу довтолсон байж болох юм. Түүнийг юу уурлуулсан болохыг би хэлж мэдэхгүй. Гэхдээ Барууны орнуудын хандлага үүнийг дэвэргэсэн байж магадгүй”

📌2022 оны 07 дугаар сарын 26-нд Босоо Хөх Монголчуудын Нэгдэл нэртэй пэйжид “Ромын Пап Украйн дахь дайныг НАТО эхэлж өдөөсөн гэж ил тод мэдэгдлээ” гэсэн тайлбартай zasagt.com гэх домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан байна. Уг холбоосоор орж Crowdtangle хэрэглүүр ашиглан тархалтыг хянаж үзэхэд 05 дугаар сарын 5-аас эхлэн нийт 37 пэйжид 1-14 хоногийн зайтай дахин давтан оруулж, Facebook-т нийт 1049 хариу үйлдэл авсан байна. Эдгээрээс Ардын Үнэн зэрэг пэйжид анх оруулсан нь 835 реакц, 133 коммент авч, 430 удаа цааш түгээгдсэн байна.

📌Уг мэдээлэлд “Ромын Пап Украин дахь дайныг НАТО эхэлж өдөөсөн гэж ил тод мэдэгдлээ. Хоёр хоногийн өмнө дэлхийд ямар чухал үйл явдал болсныг монголчууд анзаарсангүй өнгөрөв. Нөхцөл байдал Орост ашигтайгаар эргэсэн байна. Дэлхийн 1 тэрбум 300 сая католик шашинтнуудын оюун санааны удирдагч Ромын пап Франциск Украин дахь дайныг НАТО эхэлж өдөөсөн гэж албан ёсоор мэдэгджээ. Ватиканаас ингэж мэдэгдсэн нь Байдены хувьд аймшигтай ялагдал юм. Ватиканы энэ мэдэгдлийг дэлхийн 1.3 тэрбум католик шашинтуудын албан ёсны байр суурь гэж ойлгож болно. 2.7 тэрбум хүнтэй Хятад, Энэтхэг улсууд Оросыг ил тод дэмжиж байгаа үед 1.3 тэрбум хүнтэй дэлхийн католик ертөнцийн төв Ватикан Байдены бүлэглэлийг буруутгаж эхэлж байна. Дэлхийг захирдаг бүлэглэл хоорондын тэмцэлд Байдений талын бүлэглэл салам цохиулж ялагдсан байж магадгүй болов. Барууны үзэл суртал, оюун санааны тулгуур болсон Ватиканы тэргүүн ийм зүйл хэлнэ гэдэг нь жирийн явдал яав ч биш юм. Дэлхий дахинд үзэл санааны эргэлт болж, барууны хэвлэлүүд ч Ромын папын мэдэгдлийг нийтэлж эхэлж байна. Дээгүүр үнэхээр том юм болж байна” гэжээ.

1. Ашигласан зураг нь одоогийн Пап ламынх биш

“Ромын Пап Франциск Украины дайныг НАТО эхэлж өдөөсөн гэж албан ёсоор мэдэгдсэн” гэх гарчигтай мэдээлэлдээ одоогийн Пап лам Францис бус түүний өмнөх Пап XVI Бенедиктийн зургийг ашигласан байна.

2. Ромын Пап лам Франциск “ Путиныг юу уурлуулсан болохыг би хэлж мэдэхгүй. Гэхдээ Барууны орнуудын хандлага үүнийг дэвэргэсэн байж магадгүй” гэсэн ба дараагийн ярилцлагадаа “өөрийгөө Путиныг дэмжигч гэж ойлгохгүй байх”-ыг хүссэн байна

📌2022 оны 05 дугаар сарын 3-нд Италийн “Corriere della Sera” сонины редактор Лучиано Фонтана (Luciano Fontana) Пап Францисктай Украин дахь дайны талаар ярьсан ярилцлага хэвлэгдсэн. Тэрээр ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин яагаад Украин руу дайрах шийдвэр гаргасан талаар эргэцүүлсэн тухайгаа ярихдаа “Магадгүй НАТО Оросын үүдэнд боргосноос болж Путин Украин руу довтолсон байж болох юм. Түүнийг юу уурлуулсан болохыг би хэлж мэдэхгүй. Гэхдээ Барууны орнуудын хандлага үүнийг дэвэргэсэн байж магадгүй” гэжээ.
👉Тэрээр Орос-Украины дайн эхэлснээс хойш дайныг зогсоох талаар ярилцахаар Ерөнхийлөгч Путинтай холбоо тогтоох гэж оролдсон боловч Кремлинээс ямар нэг хариу аваагүй гэжээ. Пап Франциск Украин дахь дайныг буруушааж байгаагаа мэдэгдэн Оросын “харгис, хэрцгий” үйлдлүүдийг харж байгаагаа онцолсон.
📌Мөн 05 дугаар сарын 19-нд Ромын Пап Ватиканы Христосын номын санд шашны сэтгүүлүүдийн редакторуудтай уулзаж, ярилцлага өрнүүлсэн ба уг ярилцлагыг “La Civilta Cattolica” нэртэй шашны сэтгүүлд хэвлэжээ.
06 дугаар сарын 14-нд Ватиканы албан ёсны мэдээллийн Vatican news сайтад уг ярилцлагын хэсгээс нийтэлсэн. 📌Ярилцлагад Ромын Пап, өөрийгөө “Путиныг дэмжигч” гэж ойлгохгүй байхыг хүссэн ба Украины дайны нөхцөл байдал нарийн учир шалтгаантай тул “сайн муу тал гэж амархан хуваах нь зохисгүй” гээд “Оросын цэргийн зэрлэг түрэмгийллийг харж байгаа ч бид асуудлуудаа марталгүй, шийдвэрлэх гэж оролдох хэрэгтэй” гэж сануулсан юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document