Автын осолд орсон хүүхдэд мэс заслын зардал 32 сая төгрөгийн хандив хүссэн пост #ХУДАЛ

[ХУДАЛ] 📌2022 оны 08 дугаар сарын 2-нд Баасанжаргал О. Нэртэй хэрэглэгчийн хаягаас Дорнодчуудын нэгдэл нээлттэй группэд “Авто осолд ороод гавал тархины гэмтэл хурц үе дээрээ байгаа охинд 32 сая төгрөгийн мэс заслын зардал хэрэгтэй” гэх агуулгатай пост оруулсан нь 08 дугаар сарын 5-ны байдлаар 174 реакц, 484 сэтгэгдэл авч, 132 удаа цааш түгээгдсэн байна.

Уг пост нь найруулга болон үс үсгийн алдаа ихтэй тул гол утгыг тоймловол, “Сайн байцгаана уу? Элэг нэгт ахан дүүс минь #share хийж давалгаалж өгөөч #HELPAMINA …Манай гэрийнхэн буюу Эхнэр, охин бид гурав Улаанбаатараас Дархан орох замдаа согтуу жолоочоос болоод авто тээврийн их биш осол болсон, тэр үедээ миний охинд юу ч мэдрэгдэхгүй байсан боловч, 2 долоо хоногийн өмнөөс бие нь муудаж эмнэлгийн хамааралтай болсон. Эмнэлгийн зүгээс одоогоор Гавал, тархины гэмтэл "Хурц үе" дээрээ байгаа учир яаралтай арга хэмжээ авах юм бол өртөг бага тусна хэмээн хэлсэн. Эмнэлэг ор, эм тариа гэх мэт зүйлсэд: 2.5сая төгрөг. Эмчилгээ, мэс засал: 32сая төгрөг одоогийн байдлаар тооцоолж гаргасан… Ингээд бид хоёр арга мухардан юу болсон юу хэрэгтэй байгаагаа постлож үзье тусч Монголчууд маань бидэнд тус болох болтугай хэмээн их ажлын хажуугаар пост оруулан сууна. Та бүхэн мөнгөний боломжгүй байсан ч коммент хэсэгт давалгаалаад бас чадахаараа share хийж өгөх боломжтой байгаа шүү. Тэгэх юм бол бид 3-ын тухай олон хүмүүс мэдэж манай Амина хурдан хөл дээрээ босоод буцаад хэвийн амьдралдаа эргээд орох болно. Хэдэн төгрөг ч байсан болно 1000төгрөг ч илүүдэхгүй шүү. Хамгийн гол нь бага ч гэсэн мөнгө байдаг юм байна. Тусламж илгээх данс: Хаан банк: 5302335031 Мөнх-Учрал (ээж). #HELPAMINA гэж коммент үлдээгээрэй. Хүндэтгэсэн: О.Баасанжаргалын гэр бүл” гэжээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Хандив хүссэн постуудад холбоо барих дугаар оруулаагүй нь хуурамч байж болзошгүй гэж үзэх анхдагч шалтгаан болдог. Хэрэв үнэхээр хүнд байдалд орж, хандив хүссэн бол эцэг эх, асран хамгаалагчид нь өөрсдөө зургаа ил тавьж, олон нийтийн сүлжээгээр ярилцлага өгч, олон хүнд хүргэхийг эрмэлздэг.
📌Шалгаж буй мэдээлэлд хүүхдийн зураг оруулснаас өөрөөр хандив хүсэгч этгээдийн дансны дугаараас өөр мэдээлэл байхгүй байна.
📌Мэдээлэл оруулсан хэрэглэгчийн хаяг нь 69 дагагчтай, дээрх мэдээлэлд оруулсан 4 зургаас өөр зураг олон нийтийн тохиргоотой оруулаагүй зэрэг нь шинээр нээсэн хаяг байх магадлалтайг илтгэж байна.

📌Шалгаж буй мэдээллийн зургаар хайлт хийж үзэхэд google-д илэрц гарч ирсэнгүй. Тиймээс yandex.ru сайтад ахисан түвшний хайлт хийж үзлээ. Мэдээлэлд хавсаргасан хүүхдийн зургийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлгийн олон өнгийг оруулан будсан ханыг онцлон хайлт хийж үзэхэд “Даръя Видеркер” нэртэй Instagram хэрэглэгчийн хаягаар постолсон зурагтай ижил эмчилгээний өрөө бүхий зургийн илэрц гарч ирлээ. Тус хаягт шинжилгээ хийж, постолсон агуулгуудаас эмнэлгийн дүгнэлтийг онцолж харахад Туркийн Истанбул дахь “Акибадем” нэртэй эмнэлгийнх байв.
📌Шалгаж буй мэдээлэлд “охин нь 2 долоо хоногийн өмнө гэнэт өвдөж эмнэлгийн хамааралтай болсон” гэж байгаа тул энэ хугацаанд хүүхэд Истанбулын эмнэлэгт хэвтэж, эмчилгээг эхлүүлсэн байх боломж хомс бөгөөд ийм агуулга өгч дурдаагүй байна.
👉Тиймээс хандив хүссэн дээрх мэдээлэл худал гэж үзэх үндэслэлтэй.
ЖИЧ: Хуурамч мэдээлэлд ашигласан зургийн жинхэнэ эзэн, түүний эцэг эх, асран хамгаалагчаас хүлцэл өчье. Ийм төрлийн залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж, хариуцлага хүлээж эхлээд байгааг дурдъя.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn appeals@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst