Элсэн чихэр идэхээ больсноор хорт хавдар устана гэх мэдээлэл #ХУДАЛ

[ХУДАЛ] 2022 оны 7-р сарын 1-нд “Purev Orgil” нэртэй Facebook хаягаас “биед сахар байхгүй бол хорт хавдар эдгэнэ” гэсэн агуулгатай пост оруулжээ. Элсэн чихрээс гадна өөр хэд хэдэн жорыг дурдаж, хорт хавдрыг эмчлэхэд тустай гэсэн байна. 2022 оны 07 дугаар сарын 28-ны 13:00 цагийн байдлаар уг пост нийт 105 лайк, 8 сэтгэгдэл авч, 639 удаа цааш түгээжээ.
📌Уг постод “Москва, ОХУ-ын Ош /шалгаж буй постод ингэж оруулсан ба Ош гэдэг нь Киргизстан дахь хотын нэр/ Улсын Анагаах Ухааны Их Сургуулийн хорт хавдрын мэргэжилтэн доктор Гуптапрасад Редди (BV) хорт хавдар нь нас баралт биш, харин хүмүүс зөвхөн хайхрамжгүй байдлаас болж өвчнөөр нас бардаг гэж хэлэв. Түүний хэлснээр, хоёр аргаар л хорт хавдар арилна.
Аргууд нь:
1. Эхлээд бүх төрлийн элсэн чихэр, элсэн чихэр идэхээ боль. Учир нь, хэрэв биед сахар байхгүй бол хорт хавдрын эсүүд байгалийн жамаар устдаг.
2. Дараа нь нэг аяга халуун усанд нимбэгний чип холино. Өглөө гурван сарын турш идэхээсээ өмнө өлөн элгэн дээрээ нимбэгтэй хольсон бүлээн усаар ууна. Хорт хавдар алга болно.
Мэрилэндийн Анагаах Ухааны Коллежийн судалгаагаар энэ нь хими эмчилгээнээс мянга дахин илүү сайн байдаг.
3. Органик кокосын тосыг өглөө орой бүр гурван халбага идвэл хорт хавдар эдгэрнэ.
Элсэн чихэр хэрэглэхээс зайлсхийсний дараа дараах хоёр эмчилгээний аль нэгийг нь аваарай. Хорт хавдар таныг гэмтээж чадахгүй. Гэхдээ хайхрамжгүй байдлыг зөвтгөх аргагүй юм. Хорт хавдрын талаар хүмүүст таниулах зорилгоор Др. Гупта Прасад сүүлийн таван жилийн хугацаанд олон нийтийн сүлжээний хамт энэ мэдээллийг түгээж байна…” гэжээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Аливаа мэдээллийг анхан шатны баримт шалгалт хийхдээ агуулгын гол хэсгийг Google платформд оруулж хайлт хийж үздэг. Энэ дагуу Ош Их сургуулийн Др. Гуптапрасад Редди гэх нэрээр хайхад уг хүнтэй холбоотой ямар ч илэрц гарч ирээгүй. Мөн Ош Анагаах Ухааны Их сургууль нь (Osh State Medical Facility) ОХУ биш Киргизстаны Ош хотод байдаг.
✅Уг мэдээллийг Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) гишүүн “FACTLY” баримт шалгах төв 2019 оны 7-р сарын 10-нд шалгаж нийтэлж байсан бөгөөд шалгасан мэдээлэл дэх агуулгыг шинжлэх ухааны үндэслэлгүй гэж дүгнэжээ. /Холбоосыг хавсаргав/

📌Идэж буй хоол хүнсэнд агуулагдах элсэн чихэр нь хорт хавдрын эсийг ихэсгэж, дэмждэг гэдгийг нотолсон судалгаа хараахан хийгдээгүй. Одоогийн байдлаар хүмүүст хийсэн судалгаагаар сахарын хэрэглээг багасгах нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх эсвэл эмчлэхэд тусалдаг болохыг нотлоогүй байна. Сахарын хэт их хэрэглээ хорт хавдар үүсгэдэг гэдгийг ч судалгаагаар нотлоогүй.
✅АНУ-ын Хорт хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн судлаачдын 2012 онд хийсэн “NIH-AARP-ийн хоолны дэглэм ба эрүүл мэндийн судалгаа: сахар ба хорт хавдрын эрсдэл” гэсэн судалгаагаар хоол хүнсэнд агуулагдах сахар болон бүдүүн гэдэсний хорт хавдар эсвэл бусад түгээмэл хорт хавдар үүсэх эрсдэл ямар ч холбоо хамааралгүй байсан байна.
📌Сахар буюу глюкоз нь хүний биеийн бүх л эд, эсүүдийг шаардлагатай энергиэр хангадаг боловч сахарын хэрэглээ ихсэх нь хавдрын эсүүд томорно гэсэн үг биш гэж Канадын Хорт хавдрын нийгэмлэгийн вебсайтад бичжээ. /Холбоосыг хавсаргав/
👉Нэмэлт мэдээлэл: Сахар янз бүрийн хэлбэрээр оршдог боловч хамгийн энгийн хэлбэр нь глюкоз юм. Глюкоз нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, цагаан идээ зэрэг эрүүл хоол хүнс болон нүүрс ус агуулсан хоол хүнсэнд ч агуулагддаг. Цаашлаад цэвэршүүлсэн нүүрс ус болон нэмэлт сахар болох цагаан талх, гоймон, амттан, чихэрлэг ундаанд агуулагддаг. /Холбоосыг хавсаргав/

📌Нимбэг хорт хавдрыг эмчлилдэг гэх үндэслэл лимонен хэмээх молекултай холбоотой. *Лимонен нь нимбэг болон бусад цитруст жимсний хальсан дахь тосонд агуулагддаг. Уг молекул зарим эсийн өсөлтөд нөлөөлдөг тул хорт хавдрыг эмчлэхэд тустай эсэхийг лабораторийн туршилтаар судалсан бөгөөд лимоненыг нэмэлтээр хэрэглэх эсвэл цитрус жимс идсэнээр хорт хавдартай хүмүүс дээрдэж, эдгэрэх магадлал өндөр байдаг гэсэн тогтвортой нотолгоо байхгүй байна. /Холбоосыг хавсаргав/
*Лимонен нь монотерпен гэж ангилагдсан өнгөгүй шингэн алифат нүүрсустөрөгч бөгөөд цитрус жимсний хальсан дахь тосны гол бүрэлдэхүүн хэсэг юм.
👉Нэмэлт мэдээлэл: Нимбэгний шүүсэнд витамин С, В1, В2, ниацин болон бусад минерал агуулагддаг ч өлөн дээрээ уувал хорт хавдрыг алга болгоно гэх хангалттай судалгаа, батлагдсан туршилт байхгүй байна. Мөн нимбэгний шүүсэн дэх уг найрлага шүдний пааланг гэмтээх эрсдэлтэй учир тогтмол хэрэглэхдээ соруулаар уух эсвэл араас нь цэвэр усаар амаа зайлах хэрэгтэй гэж хоолны дэглэм, шим тэжээл судлаач, мэргэжилтнүүд зөвлөдөг.

📌Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн цахим хуудсанд “Кокосны тосны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалсан судалгааны ажлууд нь зах зээлд зарагддаг кокосын тос биш 100% дунд гинжин триглицеридээс (MCTs) бүрдсэн кокосын тосыг тусгай найрлагаар ашигласан байдаг” гэж бичжээ. Тиймээс зарим судалгааны үр дүнгээр кокосны тос хорт хавдрын эмчилгээнд нөлөөлдөг нь батлалгдсан ч энэ нь олон нийтийн худалдан авах боломжтой, зах зээлд арилжаалдаг кокосын тосыг ашиглаж судалгаа хийсэн гэсэн үг биш юм.
📌АНУ-ын Зүрхний Ассоциаци (AHA) 2017 онд ханасан өөх тосыг (кокос болон бусад халуун орны тосыг оролцуулаад) ханаагүй өөх тосоор солих шинжлэх ухааны зөвлөмжийн мэдэгдэл гаргасан. Хяналттай долоон туршилтын дүн шинжилгээнд үндэслэн кокосын тос нь хортой LDL холестерины түвшинг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлтэй эсвэл өвчтэй хүмүүст нийт калорийн (2000 калори илчлэгтэй хоолны дэглэмийн) 6%-иас илүүгүй ханасан өөх тос буюу 13 граммаас илүүгүй хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Нэг халбага кокосын тос нь ойролцоогоор 12 грамм ханасан өөх тосны хэмжээтэй дүйцдэг.
👆САНАМЖ: Бид хорт хавдрыг устгадаг гэх олон төрлийн мэдээлэлд дурддаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг олон улсад судлагдсан байдлыг хүргэсээр байна. Элсэн чихрийн хэрэглээг багасгах болон лемон, худалдаанд байдаг кокосын тосыг хэрэглэх нь хорт хавдрыг эмчилдэг гэх судалгаа байхгүй бөгөөд хорт хавдраар нэгэнт өвчилсөн болон шинж тэмдэг ажиглагдсан хүн энэ мэдээллээс болж эмчилгээгээ зогсоох, эрүүл мэндээрээ хохироохоос сэрэмжлээрэй.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst