Украины ерөнхийлөгч нас барж, Украин хүнд байдалд оров гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 7-р сарын 9-нд “Social TV” нэртэй Facebook пэйж дээр “Украины Ерөнхийлөгч нaс бaрж Украин хүнд байдалд оров” гэсэн гарчигтай, ерөнхийлөгч В.Зеленскийгийн зураг бүхий zasagt.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулжээ. Уг пост 2022 оны 07 дугаар сарын 28-ны 17:15 цагийн байдлаар 1 мянган реакц, 235 сэтгэгдэл авч, 73 удаа цааш түгээжээ. Холбоосоор орж, сайт дахь мэдээллийг Crowdtangle хэрэглүүрээр нягтлахад нийт 65 пэйжид хуваалцаж, 2420 хариу үйлдэл авч иэдвхжүүлсэн байв.

Баримт шалгалтын үр дүн

Уг мэдээлэлд “Украины анхны ерөнхийлөгч Леонид Кравчук өвчний улмаас 88 насандаа таалал төгссөн талаар “Украины мэдээ” мэдээлэв. Тэрээр 1991-1994 онуудад Украины анхны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм. Тус улсын хэвлэлүүдэд бичсэнээр, Леонид Кравчук нь 2021 оны зургаадугаар сард зүрхний хагалгаанд орж байжээ…” гэсэн байна.

1. Украины ерөнхийлөгч Володимр Зеленский нас барсан мэтээр төөрөгдүүлсэн

📌Украины анхны ерөнхийлөгч Леонид Кравчук нас барлаа гэх мэдээллийг “Украины Ерөнхийлөгч нaс бaрж Украин хүнд байдалд оров” гэж Володимр Зеленскийн зурагтай нийтэлсэн нь одоогийн ерөнхийлөгчийг нас барсан мэт ойлголт төрүүлэх төөрөгдүүлсэн агуулгатай болжээ.

2. Хоёр сарын өмнөх мэдээллийг саяхан болсон мэтээр нийтэлсэн

📌Украины анхны ерөнхийлөгч Леонид Кравчук 2022 оны 5-р сарын 10-нд нас барсан ба энэ тухай Украины болон гаднын хэвлэлүүдээр мэдээлж байв. Экс ерөнхийлөгчийн оршуулга 05 дугаар сарын 17-нд болсон ба одоогийн ерөнхийлөгч В.Зеленский гэргийн хамт салах ёс гүйцэтгэх ёслолд оролцсон тухай мэдээг Украины ерөнхийлөгчийн албан ёсны вэбсайтад оруулж байжээ.
Харин шалгаж буй постыг 7-р сард оруулахдаа хугацааг тоодорхой бичээгүйгээс саяхан болсон үйл явдал мэт ойлгогдохоор болжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document