Омега-3 капсул хүний биед хортой гэх мэдээлэл бүрэн бус

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 5-р сарын 15-нд “Хишгээ Хишигсүрэн” нэртэй Facebook хаягаас Омега-3 хөөсөнцрийг хайлуулж байгааг харуулсан TikTok бичлэгийг хуваалцжээ. Уг бичлэгт загасны тос, ургамлын тос, ус болон “Омега-3”-ыг хөөсөнцөр дээр дусаахад 5-10 минутын дараа Омега-3 дусаасан хэсэг нь идэгдэж, цоорч байгааг харуулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 5-р сарын 15-нд “Хишгээ Хишигсүрэн” нэртэй Facebook хаягаас Омега-3 хөөсөнцрийг хайлуулж байгааг харуулсан TikTok бичлэгийг хуваалцжээ. Уг бичлэгт загасны тос, ургамлын тос, ус болон “Омега-3”-ыг хөөсөнцөр дээр дусаахад 5-10 минутын дараа Омега-3 дусаасан хэсэг нь идэгдэж, цоорч байгааг харуулсан байна.
2022.07.27 өдрийн 15:30 цагийн байдлаар уг бичлэг нийт 177 реакц, 106 сэтгэгдэл авч, 2.2 мянган удаа цааш түгээжээ.
Уг бичлэгийн тайлбарт “Омего3. Хэцүү юм бэ тэ… 1 цагийн дараа. Сайн мэддэг нь тайлбарлаад өгөөрэй” гэж бичжээ.

1. Олон улсын баримт шалгагчдын сүлжээний (IFCN) баталгаажуулалттай баримт шалгах төвүүд уг бичлэгийг шалгаж, Facebook дээр тэмдэглэгээ хийсэн

✅Омега-3 хүний биед хортой гэх ойлголт төрүүлж, төөрөгдүүлсэн бичлэг нь Монголоос гадна өөр олон улсын цахим сүлжээнд тархаад байсан бөгөөд АНУ-д төвтэй “Lead Stories” болон Энэтхэг, Сербийн баримт шалгах төвүүд уг бичлэгт баримт шалгалт хийж “БҮРЭН БУС” буюу “Missing Context” гэсэн тэмдэглэгээтэй нийтэлсэн байна. /Холбоосыг хавсаргав/

2. Омега-3 бичлэгт харуулсан шиг ХОДООДЫГ ТҮЛЭХГҮЙ

✅АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний институтийн Хүнсний нэмэлт тэжээлийн алба “Омега-3 хортой юу?” гэсэн асуултад хариу өгсөн бөгөөд тус улсын Хүнс, эмийн хяналтын газраас өдөрт 5 граммаас илүүгүй Омега-3 хэрэглэхийг зөвлөжээ. Хэрэглэснээс үүсэх гаж нөлөөнд “амны эвгүй үнэр, цээж хорсох, дотор муухайрах, гэдэс эвгүйрхэх, гүйлгэх, толгой өвдөх, эвгүй үнэртэй хөлс гарах” зэргийг дурдсан байна. Бичлэгт харуулсан шиг “ходоодыг түлдэг” гэж ойлгогдох ямар нэг нөлөөг дурдаагүй.
📌“Lead Stories” баримт шалгах төв уг видеонд ашигласан Омега-3 капсулыг борлуулдаг “NOW” компанитай холбогдсон гэж баримт шалгалтдаа бичсэн байна. Тус компанийн хоол тэжээлийн боловсрол хариуцсан менежер Нейл Левин 2022 оны 5-р сарын 23-нд бичсэн имейлдээ Омега-3 капсул хөөсөнцрийг хайлуулж, идэх нь хэвийн үзэгдэл бөгөөд бидний биед хор хөнөөл учруулахгүй гэж тайлбарлажээ. /Холбоосыг хавсаргав/

3. Омега-3 хөөсөнцөрт агуулагдах нэгдэлтэй ХИМИЙН УРВАЛД орсноор хайлах нь ЭНГИЙН үзэгдэл

📌“NOW” компанийн үйлдвэрлэдэг Омега-3 капсул дахь загасны тосны концентрат болон хөөсөнцөр аль аль нь *туйлгүй (non-polar) химийн нэгдэл агуулдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр нэгдэл дэх электронуудын *холбооны урт адил учир туйлгүй ковалент холбоо үүсгэх бөгөөд гидрофобик буюу усанд тэсвэртэй байдаг. Туйлгүй нэгдлүүдийг нийлүүлж, урвалд оруулахад хүчтэй химийн урвал явагдана.
✅Харин хүний бие хөөсөнцөртэй адил шинж чанартай биш тул Омега-3 ууснаар ийм урвал явагдах шинжлэх ухааны үндэслэл байхгүй.
*Туйлгүй ковалент холбоонд (A Nonpolar Covalent Bond) нэг элементийн хоёр атомаас тогтсон молекул нэмэх, хасах цэнэгийн ямар нэгэн туйлшрал үүсгэхгүй. Туйлгүй молекулуудын электрон хамаарал ижил байх тусам хариу урвал хүчтэй байдаг.
*Холбооны урт – Холбоо үүсгэгч атомуудын цөмүүдийн хоорондох зай. Холбооны урт бага байх тусам химийн холбоо төдий чинээ батжилтай байна. Харин холбооны урт багасах тусам холбооны энерги ихэснэ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document