Вакцин бол хор шүү гэж хэлсэн маань батлагдлаа гэх мэдээлэл #ХУДАЛ

[ХУДАЛ] 2022 оны 7-р сарын 22-нд Zanaa Jurmed нэртэй хэрэглэгчийн хаягаас “Вакцин бол хор шүү гэж хэлсэн маань батлагдлаа” гэх тайлбартай нэгэн бичвэрийн зураг оруулсан. Уг зураг дахь агуулга нь “Европын Холбооны эмийн хяналтын байгууллага вакцины нэмэлт тунгууд (бүүстэр вакцин) дархлааны системийг доголдуулах өндөр эрсдэлтэй гэж мэдэгдлээ” гэсэн байв. Тус пост нь 7-р сарын 25-ны байдлаар 448 реакц, 2 коммент авч, 374 удаа цааш түгээгдсэн байна.
📌Уг постод ашигласан зурагт “Европы холбооны эмийн хяналтын байгууллагаас энэ сарын 11-нд ковид вакцины нэмэлт тунгууд (бүүстэр вакцин) нь дархлааны системийг доголдуулах өндөр эрсдэлтэй гэж мэдэгдлээ. Мөн түүнчлэн тус байгууллагын вакцины асуудал хариуцсан мэргэжилтэн Марко Габриэл вакцины тухай “1, 2-р тун гэж байж болох ч 3, 4 гээд цааш олон дахин тарих нь утга учиргүй зүйл” хэмээн ярилаа” гэсэн агуулга байв.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Шалгаж буй мэдээлэлд “энэ сарын 11-нд” гэснийг постолсон хугацаагаар буюу энэ 7-р сард болсон мэтээр ойлгогдохоор байна.
📌Гэтэл одоогоос зургаан сарын өмнө буюу 2022 оны 1-р сарын 11-нд Европын Эмийн Хяналтын Агентлаг (European Medical Agency) хэвлэлийн хурал хийсэн бөгөөд энэ үеэр ковидын вакцины нэмэлт тунгийн талаар байр сууриа танилцуулсан юм. Энэ хурлын үеэр тус агентлагийн Биологийн эрүүл мэндийн аюул болон вакцины стратегийн ахлагч, доктор Марко Кавалери “нэмэлт тунгууд буюу вакцины эхний хоёр тунгаас хойш тариулах нэмэлт тунгуудын хоорондын зайг 4 сараас доошгүй байлгаж дархлааны системийг хэт ачаалахаас сэргийлэх хэрэгтэй” гэж анхааруулсан. Мөн томуугийн вакцин шиг хүйтний улирлын үеэр буюу жилд нэг удаа хийлгэх нь илүү дээр байж болно гэсэн санал дэвшүүлсэн байна.

📌Европын Эмийн Хяналтын Агентлагаас “Марко Габриэл” бус Марко Кавалери гэх хүн мэдэгдэл танилцуулсан. Тэрээр вакцины "3 ба 4-р тун буюу нэмэлт тунгуудыг тариулах нь утгагүй” гэж хэлээгүй.
📌Харин “нэмэлт тунг нэг эсвэл хоёр удаа тарьж болох ч байнга давтан тарих шаардлагагүй ба нэмэлт тун хоорондын зайг уртасгах талаар бодож эхэлсэн нь дээр” гэж мэдэгдсэн.
📌Тэрээр 1-р сарын 18-нд өмнөх долоо хоногт танилцуулсан тайлбараа тодруулахдаа “нэмэлт тунг ойрхон зайтай тарих нь вакцинаар үүсгэгдэх эсрэг биетийн хэмжээг бууруулах боломжтой ба хүний дархлааны системд эсрэг биетийг зохицуулах хугацаа хэрэгтэй байдаг. Иймд энэ нь тодорхой хугацаанд вакцинжуулалтын үр дүнг бага зэрэг бууруулах боломжтой” гэж мэдэгдсэн. Тийм учраас томуугийн вакцин шиг хүйтний улиралд ковидын вирусын тархалт ихсэх үед буюу ковидын эсрэг дархлаа хамгийн их хэрэгтэй үед нэмэлт тунг тариулах нь илүү дээр байж болох санал дэвшүүлсэн.
📌Гэхдээ Европын Эмийн Хяналтын Агентлаг дархлааны өвчтэй (immunocompromised) болон өндөр настай хүмүүст шаардлагатай тохиолдол нэмэлт 4-р тунг хийж болохыг зөвлөсөн бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нийт хүн амд нэмэлт тунг одоогоор хийх шаардлагагүй гэж үзжээ.

📌Хүний дархлааны системд вакцины үүсгэсэн эсрэг биетүүдийг “шингээж авах” хугацаа хэрэгтэй байдаг ба олон тунгаар тарьдаг вакцинд тун хоорондын зай барьж эсрэг биетийг таних хугацаа олгодог.
📌Ковидын эсрэг тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг Т-эс вакцинаар үүсгэсэн эсрэг биеттэй ойр ойрхон тулгарах нь тус эсийг туйлдуулах боломжтой учир нэмэлт тунг ойрхон зайтай хийхээс эрдэмтэд болгоомжилж байсан. Гэхдээ энэ дүгнэлтийг дэмжсэн шинжлэх ухааны судалгаа, дата одоогоор байхгүй байна.
📌Доктор Марко Кавалери 1-р сард болсон хэвлэлийн хурлынхаа үеэр “нэмэлт тун буюу дөрөвдүгээр тунгийн судалгааны үр дүн хараахан эцэслэгдэж амжаагүй” гэдгийг онцолж байсан. Түүнээс хойш Израилийн 4-р тунгийн вакцинжуулалтын үр дүнгийн судалгаанууд хэвлэгдсэн ба тэдгээрт үндэслэн Европын Эмийн Хяналтын Агентлаг 4-р сарын 6-нд вакцины 4-р тунг зөвхөн 80-аас дээш насныхан тариулахыг зөвлөсөн.
📌Израил нь иргэддээ 4-р тунг тариулахыг зөвлөсөн анхны улс байсан ба 1-р сарын 2-нд 60-аас дээш насныханд мөн тус сардаа бүх насанд хүрэгчид тариулахыг уриалсан. Израил дахь 4-р тунгийн вакцинжуулалтын үр дүн нь ковидын тархалтыг бууруулахад нөлөөлж байсан ч ковидын эсрэг дархлаа “түргэн буурч” байсан гэж дүгнэжээ.
📌Ковидын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор Европын Эмийн Хяналтын Агентлаг 7-р сарын 7-нд 4-р сард танилцуулсан зөвлөмжөө шинэчлэн 60-аас 79 насныханд 4-р тунг тариулахыг зөвлөсөн.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst