Хятад сургуулиудыг хаах санал гаргалаа гэх мэдээлэл #ХУДАЛ

[ХУДАЛ] 2022 оны 7-р сарын 17-нд “monnews” нэртэй, 46,504 дагагчтай Facebook пэйжид “Хятад сургуулиудыг бүгдийг нь хаах санал гаргалаа” гэсэн тайлбартай, medleg.me гэх домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруужээ. Энэ мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 8-наас эхлэн 2022 оны 07 дугаар сарын 17 хүртэл давтан оруулж, хандалт авсаар байна. CrowdTangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд 2022.07.20-ны байдлаар нийт 61,501 хандалт авснаас 49,498 реакц, 8,325 сэтгэгдэл авч, 3,678 удаа цааш хуваалцжээ.
📌Уг мэдээнд “Хятад сургуулиудыг бүгдийг нь ХААХ санал гаргалаа! Дэмжиж байвал Шэйр хийж, тийм гэж бичээрэй!!” гэжээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Уг мэдээлэл 2020 оны 9-р сарын 16-нд болж өндөрлөсөн БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын дараа нийтлэгдсэн бөгөөд, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан уг айлчлалын үр дүнд бухимдан Facebook live хийх үеэрээ “Хятад сургуулиудаа хааваал таарна” гэж хэлснийг мэдээндээ ашиглажээ. Мөн Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн зургийг ашигласан нь төөрөгдүүлсэн агуулгатай болгосон байна. Боловсрол, Шинжлэх Ухааны Яам болон бусад холбогдох эрх бүхий байгууллагаас ийм агуулгатай санал гаргаагүй.
📌Боловсрол, Шинжлэх Ухааны яамны вебсайт дахь тушаал шийдвэр, журмуудыг шүүж харахад Хятад сургуулиудыг хаах эсвэл тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр байхгүй байна. /Холбоосыг хавсаргав/
📌Мөн эрх зүйн мэдээллийн сангаас БШУЯ-ыг сонгож “сайдын тушаал” цэсэнд 2020-2022 оноор “Тусгай зөвшөөрлийг цуцлах” гэсэн утгаар хайлж хийхэд өгөгдөл гарч ирсэнгүй.

📌Боловсролын тухай хуулийн 24.1-т зааснаар Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д зааснаас гадна дараах үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно гэж заажээ. /Холбоосыг хавсаргав/
✅24.1.1.мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, эсхүл сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон;
✅24.1.2.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй сургалт зохион байгуулсан нь холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон;
✅24.1.3.улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй;
✅24.1.4.боловсролын сургалтын байгууллагыг бусад байгууллагатай нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулсан;
✅24.1.5.хуульд заасан бусад үндэслэл гэсэн байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst