Дуурийн театрыг нураахаар болжээ гэх мэдээлэл #ХУДАЛ

[ХУДАЛ] 2022 оны 07 дугаар сарын 19-нд Hardnews.mn нэртэй 113 мянган дагагчтэй пэйжид “Дуурийн театрыг нураахаар болжээ. Монголын соёлын дахин нэг өв сүйдлээ” гэх тайлбартай УДБЭТ-ын зургийг оруулсан нь 07 дугаар сарын 20-ны 12:00 цагийн байдлаар 694 реакц, 226 сэтгэгдэл авч, 360 удаа цааш түгээсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌2022 оны 07 дугаар сарын 20-ны 10:37 цагт Соёлын сайдын хэвлэлийн төлөөлөгч Б.Ширнэнтэй холбогдоход “УДБЭТ-ыг нураана гэх мэдээлэл худлаа. Энэ онд соёлын дурсгалт өв болсон барилгуудыг сэргээн завсарлах төлөвлөгөө гарч, ажлууд эхлээд явж байна. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын сэргээн засварлах ажил эхэлсэн, гадна фасадын хуучин өнгийг зүлгүүрдэж цэвэрлэж байгаа. “Архитектурын дурсгалыг сэргээн засварлах, хадгалж хамгаалах, дүн шинжилгээ хийх Олон улсын зарчим”-ын дагуу сэргээн засварлах ажил гүйцэтгэх байгаа тул хуучин өнгөн дээр нь будаж болохгүй, хусаж цэвэрлэх гэх мэт нарийн ажиллагаатай. Бид долоо хоног тутам УДБЭТ-т сэргээн завсарлах ажлын явцыг хянадаг, энэ дагуу УДБЭТ дээр ирчихсэн байна” гэсэн юм.

📌Соёлын яамны шилэн дансны мэдээллээс шүүж үзэхэд 2022 оны 07 дугаар сарын 7-нд оруулсан “Хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, Концессын зүйлийн жагсаалт, гүйцэтгэл” цэсэнд оруулсан жагсаалтын 14.2.11-д “Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын барилгын их засвар”-т 2022 онд багтаан дуусгахаар зааж, нийт төсөвт өртөг 1.9 тэрбум байхаас Соёлын яамаар 455.8 сая төгрөг нь дамжих тухай зааж өгчээ.

📌Эрх зүйн мэдээллийн legalinfo.mn сайтаас “Засгийн газрын тогтоол”, “Сайдын тушаал” цэсүүдэд 2022 онд гаргасан тушаал шийдвэрүүдэд хайлт хийж үзэхэд УДБЭТ-ын барилгыг нураах агуулгатай баримт бичиг байхгүй байна. Нэмэлт мэдээлэл:

📌Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 13-р тогтоолоор баталсан “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д УДБЭТ-ын барилга багтаагүй байна.
📌Харин 2021 онд Барилга хот байгуулалтын яам, Жайка-тай хамтран гүйцэтгэсэн “Түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийг хүчитгэх замаар ашиглалтын хугацааг уртасгах туршилтын төсөл”-д “Шинээр хамгаалалтад авах түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийн жагсаалт”-д 1942 онд Германы архитектор Герхард Козель Томск хотод ажиллаж байхдаа зураг төслийг нь хийсэн УДБЭТ-ын барилгыг “Сонгодог архитектур” ангилалд оруулжээ.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst