360 вольтын цахилгаанд түлэгдсэн хүүд 14 сая төгрөг хэрэгтэй гэж хандив гуйсан мэдээлэл #ХУДАЛ

[ХУДАЛ] 2022 оны 07 дугаар сарын 18-нд Соёул Мөнх нэртэй хэрэглэгчийн хаягаас “Миний хүү Бат-Очир тогонд цохиулж, ГССҮТ-д эмчилгээнд 14 сая төгрөг хэрэгтэй болсон” гээд дансаа тавьж хандив хүссэн пост оруулсан нь 07 дугаар сарын 19-ны байдлаар 200 реакц авч, 271 удаа шэйрлэгдсэн байна. Постын сэтгэгдэл авах тохироог хаасан байна.

📌Уг постод “Сайн байна уу юуны өмнө энэ постыг уншиж байгаа хүмүүст их бага хамаагүй миний хүүд туслаач гэж хүсэж байнаа Миний хүүг Бат-очир гэдэг 6 настай Миний хүү 7 сарын 8ны өдөр гадаа байрны үүдэндээ зүв зүгээр тоглож байсан хүү маань 360 вольтын цахилгаанд түлэгдсэн Одоо ГСҮТТд байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд Зургаахан настай нялх үр бүү хэл том хүн ч тэсвэрлэшгүй хүнд Арьс мах хоёр задарч тасарсан бөгөө толгойноос нуруу хүртлээ урт оёдол тавьуулсан байгаа бөгөөд. ГСҮТТД шарханд шаналсан бяцхан Бат-очир хүүгийн минь эмчилгээнд 14 сая төгрөг хэрэгтэй болсон бөгөөд. Миний бие бүх эд хөрөнгө үнэ д хүрэх бүх зүйлээ зараад хүрэлцэхгүй байгаа тул Монголын ард иргэд та бүхнээсээ их бага хамаагүй сэтгэлийн хандив хүсэж байнаа та бүхэн маань миний хүүд туслаач” гээд Хандивийн данс \Хаан Банк\ 5304191039 Б.Отгонзаяа гэсэн данс оруулсан байна.

☝Анхан шатны баримт шалгалтаар уг мэдээлэл хуурамч болохыг таньж болно. Та бүхэн зааврын дагуу хийгээд үзээрэй.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Пост оруулсан хаяг руу орж, түүхийг нь харахад 05 дугаар сарын 12-нд мөн бага насны түлэгдсэн хүүхдийн зураг ашиглаад 5303673883 Б.Отгонзаяа гэх данс тавьсан постыг нь хуурамч болохыг оруулж сэрэмжлүүлснийг харж болно.

📌Постод ашигласан нүүр болон биеэрээ оёдол тавиулсан хүүхдийн зургийг google image search-ээр хайхад Тайландын иргэн Фан ван Тай гэгч 2021 оны 06 дугаар сараас эхэлж төрсөн эцэгтээ зодуулсан хүүхдэд хандив өргөхийг хүссэн постуудыг сошиалд явуулж, 2021 оны 12 сард баривчлагдах хүртлээ 1600 гаруй иргэнийг залилж, 255 сая донгийн хохирол учруулсан хэргийн тухай бичсэн нь гарч ирнэ.

📌Уг хандив хүссэн постод үг үсгийн алдаа их байхаас гадна холбоо барих утасны дугааргүй, мөн сэтгэгдэл авахыг хаасан зэрэг нь жинхэнээсээ тусламж хүссэн хүний үйлдэл гэхэд эргэлзээ төрүүлж байна. Цахилгааны хүчдэлийг 220 вольт болон 380 вольтоор хэмждэг ба 360 вольт гэх ойлголт байдаггүй.
Харин хандив хүссэн данс нь Б.Отгонзаяа гэсэн нэр дээр байгаа бөгөөд өмнө нь оруулсан 5303…-аар эхэлсэн данс нь мөн Б.Отгонзаяа эзэмшигчтэй байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst