Маргаашаас эхлэн НӨАТ-ын сугалааг болиулж, 10 хувиа олгодог болно гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 06 дугаар сарын 19-нд “Amway Mongol” нэртэй Facebook пэйжид “Маргаашнаас эхлэн НӨАТ-ын сугалааг болиулж 10 хувиа олгодог болгоно гэнэ. Дэмжиж байвал орж саналаа өгөөрэй” гэсэн гарчигтай, ugvvlleg.com гэх домайн нэртэй сайтын холбоос бүхий пост оруулсныг 06 дугаар сарын 24-ны байдлаар 9.1 мянган реакц дарж, 1000 сэтгэгдэл үлдээж, 285 удаа цааш хуваалцсан байна. Сайт дахь мэдээллийг CrowdTangle хэрэглүүрээр шалгахад Facebook платформд нийт 11,098 удаа хариу үйлдэл авч идэвхжүүлсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 06 дугаар сарын 19-нд “Amway Mongol” нэртэй Facebook пэйжид “Маргаашнаас эхлэн НӨАТ-ын сугалааг болиулж 10 хувиа олгодог болгоно гэнэ. Дэмжиж байвал орж саналаа өгөөрэй” гэсэн гарчигтай, ugvvlleg.com гэх домайн нэртэй сайтын холбоос бүхий пост оруулсныг 06 дугаар сарын 24-ны байдлаар 9.1 мянган реакц дарж, 1000 сэтгэгдэл үлдээж, 285 удаа цааш хуваалцсан байна. Сайт дахь мэдээллийг CrowdTangle хэрэглүүрээр шалгахад Facebook платформд нийт 11,098 удаа хариу үйлдэл авч идэвхжүүлсэн байна.

📌Уг мэдээлэлд, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас НӨАТ-ын сугалааны явцад хяналт шалгалт хийж байна. Уг шалгалтын дүнг энэ долоо хоногт нэгтгэх бөгөөд үр дүнг нь Шадар сайдад хүргүүлэх юм. Энэ үеэр тус сугалааг зохион байгуулахыг болиулах саналаа мөн хүргүүлнэ гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулж мэдэгдлээ. Тэрбээр “Анх НӨАТ хуулийг суртлачлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж, хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагддаг болсон бөгөөд төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн хохирч байна” гэжээ” гэсэн агуулгыг хоёр удаа давтан оруулжээ.

1. НӨАТ-ын буцаан олголтыг 10 хувь болгох тухай ямар ч шийдвэр гараагүй

📌Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn-ээс шүүж үзэхэд НӨАТ-ын буцаан олголтыг 10 хувь болгох ямар ч шийдвэр гараагүй байна. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан “…Бид одоо сугалааг больж байгаа, энэ сараас сугалаагүй болж байгаа. Сугалаа яах вэ, тодорхой түүхэн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. Буцаан олголтыг 2 хувь дээрээ ойрын жилүүддээ тогтвортой бариад явна гэсэн бодлоготой байгаа” гэж байр сууриа илэрхийлсэн нь протоколд тэмдэглэгдэн үлджээ.

2. Хуучирсан мэдээлэл

📌Мэдээлэлд дурдсан Б.Бат-Эрдэнэ (одоогийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд) Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөөх Газрын дарга байх үедээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр 126 мянган дагагчтай “Бат-Өлзийн Бат-Эрдэнэ” нэртэй өөрийн пэйждээ оруулсан мэдээллийн хэсгээс дээрх сайт оруулсан байна. Тэрбээр, “НӨАТ сугалааг болиулах саналыг хүргүүлнэ. Өчигдөр НӨАТ сугалааны тохирол дээр өглөөнөөс шөнө болтол хяналт хийлээ. Энэ 7 хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэгдэн эцэслэгдэнэ. Түүний дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлэх ба мөн НӨАТ сугалааг болиулах саналаа хүргүүлнэ. Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Сошиалд явж байгаа азтан шалгаруулах сугалаа, тоглоомноос болж маш олон иргэн хохирч байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” гэсэн пост оруулсан.
📌2021 оны 02 дугаар сарын 3-нд ШӨХТГ-ын вэбсайтад “НӨАТ-ын сугалаанд хийсэн шалгалтын дүгнэлт гарлаа” гэх мэдээ гарсан. Уг мэдээнд “…“И-баримт” системд мэдээлэл технологийн аюулгүй байдлын асуудлаар жил бүр эрсдэлийн үнэлгээ хийлгэдэг байх талаар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төвд НӨАТ-ын сугалааны үйл ажиллагаанд зарим арга хэмжээг авч ажиллах талаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг илгээж, хэрэгжилтийг хангуулах шаардлагатай гэж дүгнэлээ” гэсэн байв. Энд сугалааг зогсоох санал гаргасан тухай нарийвчлан мэдээлээгүй.

3. Сугалааг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэрийн хайлтад илэрц гарсангүй

📌Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn-ээс “Засгийн газрын тогтоол”, “Засгийн газрын агентлагийн даргын тушаал”, “Сайдын тушаал” цэсүүдэд 2022 оны турш гаргасан тушаалд хайлт хийж үзэхэд сугалааны тохирлыг зогсоох тухай шийдвэр гарч ирсэнгүй.
📌Мөн Захиргааны хэм хэмжээний актын 2022 оны 04 дүгээр сарын 6-наас 06 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд гарсан 7 эмхтгэлд Татварын Ерөнхий Газрын даргын НӨАТ-ын сугалаатай холбоотой шийдвэр алга байна.
📌Харин 2022 оны 05 дугаар сарын 9-нд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Татварын Ерөнхий Газраас мэдээлэл хийх үед тус газрын дарга Б.Заяабал “НӨАТ-ын сугалааг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан. Сангийн сайд сугалааг хэрхэн зохион байгуулбал зохистой талаар бусад орны жишгийг судлах үүрэг өгсөн. Энэ хүрээнд бид энэ оны 12 дугаар сард багтаж сугалааны дараагийн хувилбарыг явуулахаар судалж байгаа” гэж мэдэгдсэн нь мэдээллийн сайтуудад болон ТЕГ-ын “Монголын Татварын Алба” нэртэй 140 мянган дагагчтай пэйжид тухайн өдрийн 11:04 цагт постлогдсон байна.

4. Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам хүчин төгөлдөр хэвээр байна

📌Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn-ээс шүүж үзэхэд Сангийн сайдын 2020 оны 14 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам” хүчин төгөлдөр хэвээр байна.
📌Уг тушаалыг үндэслэн Татварын Ерөнхий Газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны А/04 тоот “Сугалааны тохирол явуулах тухай” тушаал мөн хүчин төгөлдөр хэвээр байна. ТЕГ-ын даргын энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Сугалааны тохирлын үйл ажиллагааны 2022 оны хуваарь”-т 2022 оны 1-12 дугаар сард сугалааны тохирол явуулах өдрийн хуваарийг гаргасан байна.

5. НӨАТ-ын тухай хуульд татварын урамшууллын нэг хэлбэрийг “сугалааны тохирол” гэж хуульчилсан хэвээр байна

📌Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Албан татварыг буцаан олгох тухай” зааж өгсөн. Уг хуулийн 15.2-д “Албан татвар төлөгчид дараах хэлбэрээр урамшуулал олгож болно” гээд 15.2.2-д “сугалааны тохирлоор” гэж зааж өгсөн нь хүчин төгөлдөр хэвээр байна.
📌Мөн Татварын ерөнхий хуулийн 4.1-д “Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гээд “хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь, хэмжээг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу тогтворжуулах”, “чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэмийг Чөлөөт бүсийн тухай хуулиар тогтоож, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг татварын холбогдох хуулиар зохицуулах” гэж тодорхойлжээ. Эдгээрээс бусад тохиолдолд “Татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татварын хувь, хэмжээ болон татварын суурийг бууруулахтай холбогдсон хуулийн төслийг тухайн жилийн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт боловсруулна” гэж 4.2-т зааж өгсөн байна.
👉НӨАТ-ын сугалааг түр зогсоох тухай шийдвэр төрийн байгууллагуудын эрх зүйн актын нийтэд ил байх платформ, сайтуудад одоогоор алга байна. Гэхдээ Сангийн сайдын чуулганд мэдэгдсэн, мөн Татварын Ерөнхий Газрын даргын хэвлэлийн хурлын үеэр ярьсаны дагуу өнгөрсөн 04 дүгээр сараас сугалааны тохирол явуулахыг зогсоосон. Харин НӨАТ-ын буцаан олголтыг 10% болгох талаар ямар ч шийдвэр нийтэд ил захиргааны акт дунд байхгүй. Сангийн сайд чуулганы хуралдаанд “ойрын жилүүдэд 2%-аар явах” тухай хэлсэн нь протоколд үлджээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document