Бусдыг согтууруулах ундаагаар “шахахыг” хуулиар хориглов гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН
ЗАЛРУУЛГА: (2022/07/16) Бусдыг согтууруулах ундаагаар “шахахыг” хуулиар хориглов гэх мэдээлэл #ҮНЭН

[ҮНЭН] ЗАЛРУУЛГА:
Өрнөж буй үйл явцтай холбоотой илт буруу ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл цахим орчинд хандалт өндөртэй явах үед баримт шалгалтыг боломжтой хэмжээнд нь хийх тохиолдол бий.
📌Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хараахан батлаагүй, хэлэлцүүлгийн шатанд явах үед “Бусдыг согтууруулах ундаагаар “шахах”-ыг хуулиар хориглов” гэх мэдээллийг гаргасан зөвхөн нэг пэйжийн постыг мянга гаруй хандалтаар идэвхжүүлэн, цааш үргэлжилсээр байсан тул баримт шалгалт хийсэн. Гэвч баримт шалгалтын ТӨӨРӨГДҮҮЛСЭН гэх дүгнэлт өөрчлөгдөж, ҮНЭН болсныг үүгээр залруулж байна. 2022 оны 07 дугаар сарын 5-нд Updown.mn-Тэнцвэртэй мэдээлнэ нэртэй 71 мянган дагагчтай Facebook пэйжид “Бусдыг согтууруулах ундаагаар "шахахыг" хуулиар хориглов” тайлбартай Updown.mn сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 07 дугаар сарын 6-ны байдлаар 989 реакц, 137 сэтгэгдэл авч, 172 удаа цааш хуваалцсан байна. Сайтын холбоосоор орж CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Facebook платформд 4 пэйжид хуваалцаж, 3412 хариу үйлдэл авсан байна.

Залруулгын өмнөх баримт шалгалт:

👉Уг сайтын мэдээ нь хэлэлцэж буй асуудлын талаар бичсэн ч гарчигийг хэлэлцээд шийдвэрлэсэн мэтээр өгч төөрөгдүүлсэн байна. Мөн гарчигт “Бусдыг согтууруулах ундаагаар "шахахыг" хуулиар хориглов” гэсэн атлаа доторх агуулгад нь уг заалтыг дэмжээгүй тухай өгүүлжээ.
📌Уг мэдээнд, “Чуулганы нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд дараах хүмүүсийг согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна. Үүнд: тээврийн хэрэгсэл жолоодож байгаа; хорин нэгэн нас хүрээгүй; жирэмсэн. Мөн бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглосон заалт оруулсан байна. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэдэг асуудлыг ч мөн тусгасан байна. Өөрөө хэлбэл, бусдыг архиар шахаж согтоох, согтсоны улмаас бусдад гэм хор учруулсан бол согтууруулах ундаагаар шахсан этгээдэд хариуцлага хүлээлгэж болно гэдэг байдлаар зохицуулжээ. Хэлэлцүүлгийн явцад бусдын үйлдсэн гэм хорыг халдаан шийтгэж болохгүй гэдэг үзэл санааг баримтлан бусдыг архиар шахаж согтоосны улмаас бусдад гэм хор учруулсан бол согтууруулах ундаагаар шахсан этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэдэг заалтыг гишүүд дэмжсэнгүй” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

ЗАЛРУУЛГА

Уг хуулийг 07 дугаар сарын 5-ны Мягмар гарагт Хууль зүйн байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, чуулганд оруулж ирэх чиглэл өгсний дагуу зарчмын зөрүүтэй саналуудын санал хураалтын дүнг нэгтгэж, гүйцээн боловсруулах заалтуудыг цэгцэлж, 21:39 цагийн үед УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулан баталсан тухай мэдээллийг 22:22 цагт parliament.mn сайтад оруулжээ. “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасны дагуу Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв” гэсэн байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн 30.2-т “Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно” гэсэн заалт байсныг ажлын хэсгээс “Согтууруулах ундаагаар бусдыг шахахыг хориглоно” гэж томъёолоод, “Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно” гэх хэсгийг хасах саналтайгаар оруулж ирсэн. Энэ саналыг олонх дэмжээгүй тул унаж, харин Засгийн газраас боловсруулсан төсөлд тусгасан бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд гэм хорыг хариуцуулж болно гэх агуулга бүхий 30.2 дахь заалт хэвээр үлджээ. /Энэ талаар С.Бямбацогт болон Б.Энхбаяр гишүүний хэлсэн үгэнд дурдсаныг баримт шалгалтын нэмэлт мэдээлэл хэсэгт оруулж байсан/

📌“30.2 дээр харин бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Шахахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэсэн заалт үндсэндээ босчихсон. Засгийн газрын өргөн барьсан санал. Үүнийг ажлын хэсэг бас анхаараад жоохон өөрчлөн найруулсан байсан. Гэхдээ хатуу байна аа гээд бид нар бол Байнгын хороон дээр бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно гэж өөрчилсөн юм, уул нь. Гэтэл одоо бусдыг шахахыг хориглоно. Дээрээс нь бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтуулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээд хариуцуулж болно гэдэг заалт үлдчихэж байгаа юм. Өөрчлөх аргагүй болсон” гэжээ.
📌Ийнхүү Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэлэлцэх үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсанчлан “бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцлага хүлээлгэж болно” гэх агуулга бүхий заалт уг хуульд батлагдсан байна.
📌Хуулийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулснаас хойш ажлын 3 өдрийн дотор УИХ-ын дарга гарын үсэг зурж ёсчилно. Ийнхүү ёсчилсон хуулийг Тамгын газар ажлын 2 өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ.
Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан тухайн хуульд бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. /Монгол Улсын Их Хурлын Дэгийн тухай хууль 45.3, 45.4, 45.5/
📌Энэ процессын дараа Ерөнхийлөгч хориг тавихгүй бол бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд үүссэн гэм хорыг арилгахыг хариуцуулж болно гэсэн хууль эцэслэх юм.


Залруулгын өмнөх баримт шалгалт:

📌2021 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийг 2022 оны 07 дугаар сарын 4-6-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуваарийн дагуу 07 дугаар сарын 5-нд хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан.
📌Ингээд “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
📌Уг хуулийг Баасан гарагийн 10:00 цагаас эхлэх УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн батална гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв.
📌УИХ-ын албан ёсны вэбсайтад 07 дугаар сарын 5-ны 20:23 цагт “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв” гарчигтай мэдээ оруулсан байна. Уг мэдээнд “Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.07.05) хуралдаан 19 цаг 33 минутад эхэлж, Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ…Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ” гэсэн байна.

📌2022 оны 07 дугаар сарын 5-ны УИХ-ын нэгдсэн чуулганы хуралцааныг “MNB Монголын мэдээ” пэйжээр шууд дамжуулсан. Шууд дамжуулалтын 3 цаг 04 дэх минутаас “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн төслийн 30.2 дахь заалт буюу “Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно” гэсэн томъёоллыг дэмжих эсэхээр санал хураалгасан.
📌Санал хураалтад 45 гишүүн оролцсоноос 15 гишүүн буюу 33.3% нь дэмжиж, 30 гишүүн буюу 66.7% нь татгалзсанаар УГ ЗААЛТ ДЭМЖИГДЭЭГҮЙ.
👉Өөрөөр хэлбэл, “Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно” гэсэн заалтыг дэмжээгүй тул БУСДЫГ АРХИАР ШАХАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОХГҮЙ гэсэн үг юм.

📌Засгийн газраас өргөн барьсан “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-эд гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Ц.Сэргэлэн, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нарын гаргасан санал буюу “Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно” гэж оруулж ирсэн заалтыг дэмжих, дэмжихгүй агуулгаар үг хэлсэнийг тоймлон хүргэж байна.
/УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36.11.”Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн 3 хүртэл, эсрэг байр суурьтай 3 хүртэл гишүүн үг хэлнэ” гэсний дагуу/
📌УИХ-ын гишүүн Ш.Адъяа “Согтууруулах ундаагаар хүн шахах заалтыг дэмжихгүй. Ёс зүйн асуудлыг хуульчилж болохгүй”
📌УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Засгийн газраас өргөн барьсан хуулиндаа нэлээд хүнд заалт байсан юм. “Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулна” гэсэн ийм айхтар хүнд заалт байсан. Өөрөөр хэлбэл найр наадамд өөрөө дурлаж уучихаад намайг шахсан гээд урьсан, шахсан эзэн, эсвэл сөнчийг хохирол барагдуул гэх нь байна. Ийм заалт байхаар нь үүнийг жаахан зөөлрүүлсэн юм. Хэрэв бидний оруулсан заалт унах юм бол Засгийн газраас өргөн барьсан төслийн илүү хүнд заалт босоогоороо үлдэх юм. Үүнийг бодоосой гэж гишүүддээ хэлье”
📌УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Энэ заалт бол инээдэм ханиадам болох зүйл биш шүү… Монгол шиг бие биенээ архидан согтуурахад уруу татдаг, эцэс сүүлд нь хаяад явдаг ийм улс цөөн. “Шахсаных нь зоргоор уух албатай юу, энэ хүний хувийн асуудал” гэж та нар маань хэлж байна. Гэхдээ энэ Монголд нийтлэг байгаа асуудал. Тийм учраас энэ заалт байх ёстой. Засгийн газраас их оновчтой төсөл орж ирсэн юм байна. Хүнийг хүчээр архиар шахаж уулгаад, тэр хүн нь ямар нэг асуудалд орсон байх юм бол хариуцлага хүлээнэ гэдэг заалт бусад оронд ч үйлчилдэг юм шүү…Өнөөдөр Монголын хүн амын 51.2% нь архи хэрэглэдэг, үүнээс эрчүүд нь хэтрүүлэн хэрэглэдэг. Ийм нөхцөлд энэ заалтыг дэмжих ёстой”
📌УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Согтууруулах ундаагаар бусдыг шахахыг хориглоно гэдэг маань хуулийн төсөлд угаасаа байсан заалт. Үүнийг хөндөөгүй. Ажлын хэсэг юуг нь хөндсөн бэ гэхээр архиар шахсан хүн нь нөгөө хүний гэм хорыг арилгана гэдэг заалт орж ирснийг хөндсөн. Архи ууж байгаад тавтиргүйтээд бусдын машиныг мөргөчихлөө гэж бодоход архи уусан этгээд биш архи өгсөн хүн нь хохирлыг барагуулна гэсэн үг. Манайхан бүгд мэднэ, өөрийн буруу гэж байхгүй дандаа л архины буруу болдог шүү дээ. Хүний амь нас хөнөөсөн гэмт хэргийн 70-80 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байдаг. Архи уусан хүн нь өөрөө хохирлоо барагдуулах болохоос архи өгсөн хүн нь хохирлыг барагдуулна гэдэг хууль зүйн хувьд алдаатай. Гэм буруугийн зарчимд ч гэсэн “гэм бурууг бусдад халдаан хэрэглэж болохгүй” гэдэг зарчим байгаа шүү дээ. Төсөл нь тэгж орж ирсэн юм. Үүнийг бид ажлын хэсэг дээр хууль зүйн хувьд зөвтгөж хасаж байгаа юм. Тийм учраас энэ 30.2 заалтыг дэмжиж өгөөч гэж хүсэж байна” гэжээ.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst