Хятад Улс хэзээ Монголыг буцааж авах юм бол гэж Хятадууд шуугиж байна гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

[ТӨӨРӨГДҮҮЛСЭН] 2022 оны зургадугаар сарын 23-нд Baatar Bold нэртэй facebook хэрэглэгчийн хаягаас 138.2 мянган гишүүнтэй “Ноцтой шуурхай мэдээ” нэртэй паблик группэд “Хятад иргэдийн цахим хэрэглээ болох Weibo сүлжээ болон цахим хэвлэлүүдээр нь Монгол Улсыг, Хятад Улстай нэгтгэх бүх нийтийн санал хураалт явуулахыг уриалсан мэдээлэл нийтлэгджээ” гэх тайлбартайгаар “Хятад Улс хэзээ Монголыг буцааж авах юм бол гэж Хятадууд шуугиж байна!!!” гэх гарчигтэй нийтлэл бүхий tatap.mn домайн хаягийн холбоосыг хавсаргасан пост оруулжээ.

📌Уг мэдээллийг 2022 оны 06 дугаар сарын 23-наас эхлэн давхардсан тоогоор 324 удаа пэйж хуудсуудад шэйрлэсэн ба долдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Facebook-т 1503 реакц, 598 сэтгэгдэл өгч, 398 удаа цааш түгээсэн байна.
📌Уг нийтлэлд “Монголчууд биднийг эдийн засгаа яаж аврах вэ гэж хэлэлцэж, мэтгэлцэж байх хооронд Хятадын иргэдийн цахим хэрэглээ Weibo сүлжээ болон сайтуудаар Монгол Улсыг Крымын нэг адил авах тухай хэлэлцүүлэг өрнөсөн байна. Тун саяхан Dawn.com цахим хэвлэл дээр “Хятадууд Крымийн араас Монголыг нэгтгэх бүх нийтийн санал хураалт явуулахыг уриалж байна” гэх нэртэй мэдээлэл нийтлэгджээ” гээд “Тус мэдээнд: Украины Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэх тухай асуудалд Бээжингийн эрх баригчид тун болгоомжтой хандаж, хүлээн зөвшөөрлөө…Хятадын хойд газар нутагтай хил залган орших Монгол Улсын хилийг улаан өнгөөр тодруулан будсан газрын зургийг Вейбод энэ сарын 16-ны өдөр нийтэлсний дараагаар 15 мянган удаад жиргэсэн байна. Мөн Cui Chenghao гэх нэртэй хоёр сая гаруй дагагчтай уран элэглэгч энэ газрын зургийг “Бүх нийтийн санал асуулгаар Крымийг Украйнаас салгаад авчихлаа, та нарын дунд алга таших хүн байна уу? Эсвэл мэдэхгүй байна уу. 1945 оны 10-р сард ЗХУ Ар Монголд бүх нийтийн санал асуулга явуулж, 50 мянгаас ч бага оролцогчтойгоор Хятадын нутаг дэвсгэрийн 15 хувийг аваад явчихсан” гэсэн өгүүлэлтэй нийтэлсэн байна. Дээрх Cui гэгч хүний энэ жиргээ нилээд өргөн хүрээг хамарч 9000 гаруй хүн дэмжсэн сэтгэгдлээ бичсэн байна…” гэх мэтчилэн бичжээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Мэдээлэлд эх сурвалжаар дурдсан dawn.com сайт дахь мэдээллийг хайж олоход 2014 оны гуравдугаар сарын 21-нд нийтлэгдсэн “Хятадууд Крымын дараа Монголын санал асуулгыг эргэн дурсав” гэх гарчигтай Бетани Аллены бичсэн нийтлэл байв. Харин гарчгийг “санал хураалтад уриалж байна” гэх агуулгаар гуйвуулжээ.
📌Мөн шалгаж буй мэдээнд “Хятадын хойд газар нутагтай хил залган орших Монгол Улсын Хилийг улаан өнгөөр тодруулан будсан газрын зургийг Вейбод энэ сарын 16-ны өдөр нийтэлсний дараагаар 15 мянган удаад жиргэсэн байна” гэж оруулсан нь уншигчдад 2022 оны 6-р сард энэ үйл явдал болсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр байна.

📌Түүнчлэн шалгаж буй мэдээлэлд “Cui Chenghao “Бүх нийтийн санал асуулгаар Крымийг Украйнаас салгаад авчихлаа, та нарын дунд алга таших хүн байна уу? Эсвэл мэдэхгүй байна уу? 1945 оны 10-р сард ЗХУ Ар Монголд бүх нийтийн санал асуулга явуулж, 50 мянгаас ч бага оролцогчтойгоор Хятадын нутаг дэвсгэрийн 15 хувийг аваад явчихсан” гэсэн өгүүлэлтэй нийтэлсэн байна. Дээрх Cui гэгч хүний энэ жиргээ нилээд өргөн хүрээг хамарч 9000 гаруй хүн дэмжсэн сэтгэгдлээ бичсэн байна” гэжээ.
📌Одоогоор 5 сая дагагчтай, тухайн үед 2 сая гаруй дагагчтай байсан “бичээч Цүй Ченгхао” гэсэн нэртэй хаягаас тухайн үед буюу 2014 оны 3-р сарын 16-нд “Монголын газрын зургийг ягаанаар хүрээлсэн зураг бүхий “Крымд Украйнаас салах санал асуулга явуулж байгаа бөгөөд итгэмээргүй нь та нарын дунд үүнийг дэмжиж байгаа хүмүүс байгаа. Та нар мэдсэн үү? 1945 оны 10-р сард Зөвлөлт Холбоот Улс Монголд 500-хан мянган хүн оролцсон бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжиж, Хятадын газар нутгийн 15 хувийг таслан авч чадсан юм” гэх агуулгатай пост оруулж байв.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst