Чихгүй туулайг зөв олсон эхний 600 хүнд 10 мянган евро бэлнээр олгоно гэх мэдээлэл #ХУДАЛ

[ХУДАЛ] 2022 оны 6-р сарын 29-нд “Noyon bondgor live” гэсэн нэртэй Facebook пэйжид “Чихгүй туулайг зөв олсон эхний 600 хүнд 10 мянган евро бэлнээр олгоно” гэх агуулгатай пост оруулжээ. Уг постын доор бичсэн сэтгэгдэл хэсэгт хариулсан хүмүүсд мөн “Та аль хотод амьдардаг вэ, ямар хариулт өгөх вэ? Мөн шагнал авахын тулд 9-19 фэйсбүүк групп дээр миний нийтлэлийг хуваалцаарай. Чамд аз хүсье” гэж бичсэн байна. 2022.06.30 өдрийн 16:00 цагийн байдлаар 232 реакц, 6.3 мянган сэтгэгдэл авч, 36 мянган удаа хуваалцжээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

✅Пэйжид оруулсан 7-8 цагийн лайв бичлэгүүд өөр пэйжид орж байсан дүрсүүдийг нийлүүлж, эвлүүлсэн байна. Тухайлбал 2022 оны тавдугаар сарын 30-ны 23:12 цагт “Ноён Бондгор” пэйжийн хүүхдийн баярт зориулж хийсэн лайв болон обойн тухай оруулсан бичлэгийг ашиглан, туулайн дүрстэй зурагтай монтажлан оруулсан байна. Постын тайлбар, сэтгэгдэл хэсэгт байгаа холбоосоор дарж ороход “Та 10,000 долларын шагнал авах азтан боллоо” гэсэн нь хандалт авах зорилготой “clickbait” сайтуудын жишээ юм.
✅Мөн Техасын Их Сургуулийн “Clickbait болон хуурамч мэдээлэл сэтгэл хөдлөлийг хэрхэн ашигладаг вэ” гэсэн судалгааны нийтлэлд clickbait сайтууд хүмүүсийн сониуч занд тулгуурлаж, сэтгэл зүйн нэг төрлийн үзэгдэл болох "сониуч зангийн цоорхой"-г ашигладаг гэжээ. Өөрөөр хэлбэл уншигчдын сонирхлыг хөдөлгөх, сенсацитай, товч тайлбар эсвэл гарчиг оруулснаар хүмүүс цааш нь илүү ихийг мэдэхийн тулд эсвэл хонжвор авахын тулд “энд дарж ороорой” гэсэн тайлбартай хуурамч холбоосоор ороход хүргэдэг байна. /Холбоосыг хавсаргав/

✅“Noyon bondgor live” гэх пэйжийн үндсэн мэдээлэл хэсэг буюу “about” хэсгээс 2022 оны 6-р сарын 24-нд нээсэн гэдгийг нь харж болно. Мөн тайлбар хэсэгт оруулсан текст болон сэтгэгдэл нь найруулга зүйн алдаатай, шагнал авахын тулд заавал олон группд хуваалцахыг хүссэн байгаа зэргээс нь хандалт авах зорилготой, хуурамч пэйж гэдгийг нь мэдэж болно.
✅Ноён Бондгорын @NoyonBondgorOfficialPage гэсэн username-тэй албан ёсны пэйж нь 202,424 дагагчтай бөгөөд “About” хэсэгтээ ерөнхий мэдээллээ оруулсан байгааг хавсралтаар оруулсан зургаас харна уу. /Холбоосыг хавсаргав/

👉Ямар нэг хэлбэрээр азтан боллоо, хонжвороо энд дарж аваарай гэсэн тайлбартай холбоос дээр дарж орохоосоо өмнө баталгаатай эсэхийг нь заавал дахин нэг шалгаарай. Ямар нэг үйлдэлд уриалсан, мөнгөн хонжвор хожлоо гэсэн агуулгатай мэдээллүүд ихэвчлэн спам байдаг тул хувийн мэдээллээ алдахаас сэргийлж, дарж орохгүй, цааш түгээхгүй байхыг зөвлөж байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst